АН долоо хоног бүрийн пүрэв гаригт хийдэг хэвлэлийн бага хурлаа хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "2021 он хүний эрхийг зөрчсөн, үүний төлөө тэмцсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар айлгасан жил боллоо. Харамсалтай нь энэ асуудлаар эрх баригчид бодитой ажил хийсэнгүй. Харин АН-ын бүлгээс эрх нь зөрчигдсөн, үг хэлснийхээ төлөө хоригдсон, шалгагдсан иргэдийнхээ талд зогссон. Хүний эрхийн дэд хороотой хамтран нээлттэй сонсгол зохион байгуулсан. Цаашид хүний эрхийг хамгаалахын төлөө АН, УИХ дахь намын бүлэг тууштай ажиллана. Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан бие даасан хуулийн төслийг өргөн барина.
Намрын чуулганаар УИХ 16 хууль баталсан. Тухайн хуулиуд дотор төрийг хариуцлагатай болгох чиглэлд нэг ч өөрчлөлт хийгдсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтан нэртэй 200 гаруй хүн бий ч хариуцлага тооцдог хууль байхгүй. Ийм хуультай болох ёстой. Төсөл нь бэлэн болсон. Хаврын чуулганаар өргөн бариулна" гэв.