ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр холбогдох албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Омикрон хувилбар хүн амын дунд тархсан байх эрсдэл бий юу?
-ХӨСҮТ-ийн захирал Ц.БИЛЭГТСАЙХАН: NGS технологиор омикрон хувилбарыг дотооддоо илрүүлэх боломж бүрэн байна. Гэвч энэхүү шинжилгээ нь цаг хугацаа их шаардагддаг. 14 ба түүнээс дээш хугацаа шаардагддаг тул эцсийн хариу гартал цаг алдах тал байна. NGS-ээс гадна PCR шинжилгээнд суурилсан аргаар хувилбарын тандалтыг баталгаажуулж байгаа. Батлагдсан 12 тохиолдлын хувьд, энхийг сахиулагчид онгоцноос буунгуут "Бага баян" тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан. Эерэг илэрсэн болон ойрын хавьтлууд тус тусдаа байранд байсан. Гарахаас нь өмнө шинжилгээ авч баталгаажуулаад гаргасан. Батлагдсан тохиолдол бүрийн ойрын хавьтлын кластерын зураглалыг гаргаж, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэн эмчилж байсан. Дотоодод халдвар тархах эрсдлийг бууруулах зорилгоор бүх арга хэмжээг авсан.
Олон нийтийн дунд шинэ хувилбарын вирус тархсан уу гэдгийг үргэлж танддаг. Оны өмнө шинжилгээ авахад дельта тохиолдлын халдвар түлхүү байсан. Он гарсаар тандалтын шинжилгээнүүд үргэлжилж байна.
-Япон улс руу 100 сорьц явуулсан гэж байна. Манай улсад илэрсэн гэх 12 тохиолдол Япон улс руу явуулсан шинжилгээний сорьцоос илэрсэн үү?
-Зөөвөрлөгдөж батлагдсан 12 тохиолдлыг ХӨСҮТ-д батлагдсан. Япон улс руу арванхоёрдугаар сард сорьц явуулсан. Өмнөх туршлагуудыг харахад тус шинжилгээний хариу ирэхэд нэг сарын хугацаа шаардагддаг. Тэгэхээр нэгдүгээр сарын сүүлээр ирэх байх.