Их Британийн худалдан авагчид дэлгүүрийн өмнө нийгмийн тусгаарлалтын журмыг дагаж байна. Зургийн эх сурвалж: SCMP
Түлхүүр мэдээлэл:
- Их Британи улсын Лондон дахь Эзэн хааны коллежийн судлаачид хэрэв нийгмийн тусгаарлалт хийж, хорио цээр тогтоохгүй бол 40 сая хүн амиа алдана гэж мэдэгджээ.
- Харин хүмүүс нийгмийн уулзалт, цугларалтаа бууруулж чадвал энэ тоог тал хүртэл нь бууруулах боломжтой гэсэн байна.
- Хэрэв хорио цээрийг үр дүнтэй тогтоож чадвал 38,7 сая хүний амийг аварна гэж тооцжээ.
Лондоны Эзэн Хааны Коллежийн судлаачдын боловсруулсан математик загвараас үзэхэд хэрэв хүмүүс хоорондын харилцааг таслахгүй бол "Ковид-19" тахал энэ жил 40,000 хүний аминд хүрнэ гэж тооцоолжээ. Харин хүмүүс нийгмийн уулзалт, цугларалтаа 40 хувиар, ахмад настнууд хоорондын харилцаагаа 60 хувиар бууруулж чадвал дээрх тоо тал хүртлээ буурах боломжтой гэж үзсэн байна.
Тиймээс улс орнуудын засгийн газрууд хөл хориог хэр удаан хугацаагаар, хэр хатуу чанга байдлаар тогтоохоо шийдэх хэрэгтэй гэжээ. Хэрэв хол хориог илүү эрчимтэйгээр, илүү өргөн хүрээтэйгээр тогтоож, хүмүүс хоорондын шууд харилцааг 75% таслан зогсоож чадвал 38.7 сая хүний амийг аварч чадна гэж судалгааны баг тооцоолсон байна.
Мөн судлаачдын баг дэлхий дээр 700,000 гаруй хүн халдвар авч, 34,000 гаруй хүний аминд хүрсэн шинэ коронавируст халдварт арга хэмжээ авахгүй бол юу болох байсан талаар олон хувилбаруудыг дэвшүүлсэн аж. Үүнд нийгмийн тусгаарлалтыг харьцуулсан 2 хувилбар, өвчний тархалтыг зогсоох хэд хэдэн хувилбарыг багтаажээ.
Эзэн Хааны Коллежийн судлаачид дэлхийн 202 орны цар тахлын үр нөлөөг судлахдаа Ковид-19-ийг хэр хүнд тусч байгааг насны бүлгээр нь харгалзан мэдээлэл цуглуулсан байна.Тэд судалгааныхаа дүнд дээр дурьдсанчлан нийгмийн тусгаарлалт, хөл хорио тогтоох нь хамгийн үр дүнтэй гэж үзэж байгаа юм. Судалгааны багийнхан хэлэхдээ:
“Ирэх саруудад эрүүл мэндийн тогтолцооны хямралаас сэргийлэх цорын ганц арга зам бол бүх улсын хувьд нийгмийн тусгаарлалт болоод байна. Үүний хүрээнд өндөр хяналтын дор хөл хориог тогтоож, тодорхой түвшинд барих шаардлагатай байна” гэжээ.
Мөн тэд нийгмийн тусгаарлалт эрт хэрэгжих тусмаа илүү үр дүнтэй гэдгийг сануулсан байна. Гэвч хамгийн чухал нь вакцин эсвэл эмчилгээний бүтээгдэхүүн гаргаж авах хүртэл тусгаарлалтын арга хэмжээгээ тогтвортой хэрэгжүүлэх ёстой аж.
Пенсильванийн Их Сургууль, Шанхайн Технологийн Их Сургууль, Хонконг дахь Хятадын Их Сургуулийн эдийн засагчдын хийсэн өөр нэгэн судалгаагаар хэрэв Ухань хотод хөл хорио тогтоогоогүй байсан бол Хятадын 347 хотод коронавирусний тохиолдол 65 хувиар илүү гарах байсан гэжээ.
Энэ тал дээр Лондон хотын Эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн судлаачид ч санал нэгдсэн ба өнгөрсөн долоо хоногт "The Lancet" сэтгүүлд нийтэлсэн судалгаандаа нийгмийн алслалт, тусгаарлалт нь тархалтын түвшинг удаашруулж, өвчний тохиолдлыг бууруулахад үр дүнтэй гэсэн байна.
Эх сурвалж: SCMP
Х.Үүрийнтуяа