Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАРНЫ СҮҮДЭР МУСК: Хүчирхийлэл хүн бүхэнд ХАМААТАЙ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 8 секунд

Нар хүн бүрийг ялгалгүй ээж, дулаацуулдаг. Харин хүний нийгэмд хууль хүн бүрт тэгш хүрч байж бүхнийг “дулаацуулна”. Тэгвэл манай улс хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээд 27 жилийн үджээ. Энэ жилийн хувьд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санаачилгаар хүчирхийллийн хор уршгийн талаар иргэд олон нийтэд мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Нарны сүүдэр” уран сайхны киног бүтээлгэж та бүхэнд хүргэхэд бэлэн болжээ.

Тэгвэл өнөөдөр /2021.12.10/ “Нарны сүүдэр” уран сайхны киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үеэр уран бүтээлч бүхэн хүчирхийлэл гэдгийг дан ганц бие махбодын гэж харахаасаа илүүтэй сэтгэл санаа, үзэл бодлын хараат байдал хүчирхийлэл болж хувирдаг болохыг ойлгож, үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэж чаддаг байгаасай гэдгийг хэлж байсан юм. Мөн хүчирхийллийн эсрэг нийгэмд хүргэх дуу хоолойгоо ХҮЧТЭЙ байр сууринд аваачих нь хувь хүний хандлагаас эхэлнэ гэдгийг онцоллоо.

Уг уран бүтээл нь ашгийн бус гэдгээрээ онцлог бөгөөд өнөөдөр /2021.12.10/-наас эхлэн олон нийтийн мэдээллийг сувгуудаар үзэгчдийн хүртээл болох юм.

Нээлтийн үеэр албаныхан болон кино уран бүтээлчид “Нарны сүүдэр” уран сайхны киноны талаар сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

“Өсвөр насныхны амьдрал, тэдэнд тулгардаг бэрхшээлүүд, өөрсдөө ч анзаардаггүй хүчирхийллийн далд үйлдлүүдийг асуудал болгон хөндсөн”

“Нарны сүүдэр” уран сайхны киноны туслах найруулагч Э.Лувсандаш “Дэлхийн 180 гаруй оронд 30 жилийн өмнөөс жендерийн тэгш бус байдлын эсрэг аянд нэгдэж ирсэн. Энэхүү аянд манай улс 27 жилийн турш нэгдэж, оролцож иржээ. Манай уран бүтээлд хүчирхийллийн хэд хэдэн сэдвийг хөндсөн. Энэхүү кино нь ашгийн бус гэдгээрээ онцлог. Олон нийтийн мэдээллийн сувгуудаар үзэгч олон нийтэд хүрэх юм. Кино багт шинэ үеийн залуу уран бүтээлчид нэлээн их оролцон тоглосон. Ингэхдээ өсвөр насны хүүхдүүдийн амьдрал, тэдэнд тулгардаг бэрхшээлүүд, өөрсдөө ч анзаардаггүй хүчирхийллийн шинжтэй далд үйлдлүүдийг асуудал болгон хөндсөн.

Энэ жилийн аяны уриа бол “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай”. Хүчирхийллийн хажуугаар хэн ч дуугүй өнгөрч болохгүй. Нийгэмд хар сүүдэр дагуулсан үйлдлийн төлөө та ч ямар нэгэн зөв үйлдэл хийж, дуу хоолойгоо өргөөрэй гэх санааг хүргэхийг зорьсон.

Ажлын байр, найз нөхөд, гэр бүлийн хүрээлэлд аль эсвэл сошиал гадуурхалт гэх мэт бидний мэддэг мөртлөө тэр бүр анзаардаггүй үйлдлүүд далд хэлбэрт хүчирхийлэл болж байсаар байна.

Эцэг, эхчүүд үр хүүхэдтэйгээ цуг суугаад үзэх боломжтой уран бүтээл. Хүчирхийллийн сэдэвтэй маш олон уран бүтээлүүд хийгддэг. Гэхдээ хүчирхийллийн хэлбэрийг хэтэрхий их тодотгосон байх нь бий. Энэ нь эргээд хүчирхийлэл үйлдэх сэдлийг өгч байж болзошгүй. Тиймээс “Нарны сүүдэр” уран бүтээлд хэн ч хохирох ёсгүй, харах өнцөг, хандлагаа өөрчилж чадвал хүчирхийллээс ангижирч болох юм гэх санааг үзэгчдэдээ өгөхийг хичээсэн. Үзэгчид маан мэргэн оюундаа тунгаана биз ээ” гэв.

“Үр хүүхэдтэйгээ ярилцдаг эцэг, эхчүүд олон байгаасай”

“Нарны сүүдэр” уран сайхны киноны гол дүрд тоглосон СТА, жүжигчин Н.Нарансолонго “Энэхүү уран бүтээлд тоглосон нь уран бүтээлч хүний хувьд хүчирхийллийн эсрэг дуугарч байна гэж үзэж байна. Өсвөр насны хоёр хүүхдийн ээжийн дүрийг бүтээсэн. Эцэг, эхчүүд хүүхдээ хайрлаж, хамгаалах нэрийдлээр хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагаа мэддэггүй. Хүүхдээ хайрлаж аз жаргалтай байлгах гэж байна гээд хүсэл мөрөөдлийг нь хааж боох, үзэл бодлоо тулгах, өөрийнхөөрөө байлгах нь эргээд хүчирхийлэл болж хувирч байгаа юм.

Жендерт суурилсан хүчирхийлэл манай улсад ил, далд хэлбэрээр байсаар байна. Эр хүн, эмэгтэй гэх байдлаар багаас нь хүүхэддээ хандах гээд байдаг тал ажиглагддаг шүү дээ. Эр хүн учраас уйлж болохгүй ч гэдэг юм уу. Энэ мэт асуудалд эцэг, эхчүүд нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэж бодож байна. Үр хүүхэдтэйгээ ярилцдаг эцэг, эхчүүд олон байгаасай. Хүүхдээ хайрлаж байна гэх нэрийдлээр хүчирхийлж болохгүй шүү гэдгийг хэлмээр байна” гэлээ.

“Ээжийнхээ үгнээс гардаггүй охин өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмүүлж буй дүрийг бүтээсэн”

“Нарны сүүдэр” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Ц.Цэлмэг “СУИС-д орсноос хойш анхны дүр бүтээсэн уран бүтээл маань. Өөрөө киногоо үзээгүй байгаа болохоор маш их догдолж байна. Зураг авалтын явцад хүндрэлтэй сценүүд их байсан. Гэхдээ даваад гарсандаа баяртай байна. Ээжийнхээ үгнээс гардаггүй, нууцаар өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө зорьж буй охины дүрийг бүтээсэн” гэв.

“НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг “Нарны сүүдэр” УСК-г дэмжиж 100 хувь санхүүжүүлсэн”

Гэмт хэргээс ажлыг зохицуулах ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Хүчирхийллийн асуудлыг сүүлийн үед ихээр хөндөх болсон. Гэхдээ энэ асуудал бол урьд хожид байгаагүй, өнөөдөр нийгэмд гэнэт гарч ирсэн асуудал биш. Хамгийн гол нь, мэддэг байсан ч тоодоггүй аль эсвэл түүний хажуугаар дуугүй өнгөрдөг байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүчирхийлэлд хандах хандлага, ойлголтыг өөрчлөх ажлуудыг төрийн болон ТББ-ууд хамтран шат дараатай хийсээр байна. Тийм ч учраас өнөөдрийн нөхцөлд иргэн бүр хүчирхийллийн талаар тодорхой мэдлэг, багахан ч гэсэн мэдээлэлтэй болсон харагддаг.

Жил бүр “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяныг зохион байгуулдаг. Тэр дундаа ХЗДХЯ-ны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд олон нийтэд эрх зүйн мэдлэг ойлголт өгөх, хүчирхийллийн хор уршгийг таниулах зорилгоор нэг удаагийн шинжтэй аян арга хэмжээг олон удаа зохион байгуулсан. Энэ жилийн аяны хүрээнд байнгын шинжтэй контент хийх санаачилгыг гаргасан. Манай ажлын албанаас төсөл бичиж НҮБ-ын Хүн амын санд хүргүүлсэн. Энэ нь бүрэн хэмжээний уран сайхны кино хийх төсөл байсан юм. Төслөө амжилттай хамгаалсны дүнд НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг бидний саналыг дэмжиж энэхүү төслийг 100 хувь санхүүжүүлсэн. Төсөл маань амжилттай хэрэгжиж “Нарны сүүдэр” кино маань нээлтээ хийж байгаад баяртай байна” гэсэн юм.

“10 эмэгтэй тутмын 1 нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх судалгаа бий”

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр, сүлжээ төвийн зохицуулагч З.Ундрах “Статистик судалгаанаас үзэхэд гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэл дунд байдаг. Арван эмэгтэй тутмын нэг нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх судалгаа бий. Энэ бол гуравхан сая хүн амтай манай улсын хувьд хүчирхийлэл маш өндөр түвшинд байгааг харуулж байгаа юм. Хэн ч хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй. Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай учраас үүнийг бага дээр нь зогсоох үүднээс “Нарны сүүдэр” уран бүтээлийг хийсэн. Хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал зүйл нь хувь хүний хандлага. Жендерт суурилсан хүчирхийлэл гэдэг нь нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүний байр суурь, оноох хариуцлага, үйлдэлд харилцан адилгүй хандаж байгааг хэлж буй юм. Ямар ч хүнийг ХҮН гэдэг өнцгөөс л хандах ёстой. Хүнийг ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх талаас нь хүн бүр хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

Хүүхдийг бага гээд юм мэдэхгүй, ойлгохгүй гэх хандлагаар хардаг. Гэтэл хүүхэд эхийн хэвлийд байх цагаасаа аливааг ойлгож, мэдэж, мэдэрч байдаг. Иймээс хүүхэдтэйгээ үргэлж ярилцаж, нээлттэй харилцдаг байх чухал. Мөн аливаа асуудлыг томрохоос нь хүүхэдтэйгээ ярилцаж, эерэг аргаар хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт ойлголцох ёстой” хэмээв.

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудалд төр төмөр нүүрээ үзүүлэх ёстой
С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудалд төр төмөр нүүрээ үзүүлэх ёстой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.