УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Сумын ИТХ-аас шийдвэр гаргаад Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг зогсоох шийдвэр гаргасан байна. Төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс ийм шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл бий юу. Энэ хүмүүст ямар хариуцлага тооцох вэ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудалд төр төмөр нүүрээ үзүүлэх ёстой. Үүнд хуулийн ямар заалтаар хариуцлага хүлээлгэх вэ" гэж асуулаа.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Сумын ИТХ-ыг Аймгийн ИТХ-аар авч хэлэлцэж, асуудалд тодорхой шийдвэр гаргах боломжтой. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар олон нийтийн оролцоог хангах, саналаа тусгах, бусад хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг хангах боломжийг тус хуулиар зохицуулж өгсөн. Багийн болон сумын ИТХ-аас Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэх, улс орны томоохон бүтээн байгуулалттай холбоотой төслийг хэрэгжүүлэх, эсэх талаар бие даан шийдвэр гаргах боломжгүй" гэв.