Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түүхийн ухааны доктор П.Дэлгэржаргал: Бидний өвөг дээдсийн түүх гэдэг бол чиний миний түүх

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
16 минут 36 секунд

Түүхээ мэдэхгүй хүн сармагчин лугаа гэдэг. Өнөөдрийн энэ өдрийг Улс тунхагласны баяр хэмээн манай улс тэмдэглэдэг. Тэгвэл энэ нь ямар учиртай баяр болох талаар МУИС-ийн Эрдэм шинжилгээний бодлого зохицуулалт, хүмүүнлэгийн ухааны салбар хариуцсан захирал, түүхийн ухааны доктор, профессор П.Дэлгэржаргалтай уулзаж ярилцлаа.

-Өнөөдөр Улс тунхагласны баярын өдөр тохиож байна. Яг ямар учиртай баяр мэмдэглэж буйгаа бид мэдэж байх хэрэгтэй байх?

-1924 оны 11 сарын 26-нд Улсын анхдугаар хурлаас Монгол Улсын анхны үндсэн хуулийг баталсан. Тэр хуулиар олон асуудал шийдэгдсэн. Засаглалын шинэ хэлбэр тогтоосон нь Бүгд найрамдах байгуулал. Үндсэн хуулиар төрийн байгуулалтыг шинээр тогтоосон байдаг. УИХ, БАйнгын хурлуудтай парламент байгуулсан. Тэр парламентаасаа анхныхаа Засгийн газрын хууль ёсны дагуу байгуулах эрх нь үүсэж байгаа юм. Өмнөх Засгийн газар нь Монгол Улсын түр Засгийн газар нэртэй байсан.

Төрийн байгуулалтын хувьд ч гэсэн маш их ач холбогтолтой үйл явдал болсон. Нөгөө талаараа тухайн үндсэн хуульд хүмүүс одоо ч шүүмжилдэг сөрөг талууд бас байна. Энэ нь 1918 оны ЗХУ-ын Үндсэн хуулийг хуулбарлаж улмаар үндсэн хуульд тухайн үеийн социалист үзэл санаа, нөлөө хүчтэй орж ирсэн. Жишээ нь, шинээр төрж байгаа хөрөнгөтөн этгээдүүд, худалдаа наймаачид, бизнес хийдэг хүмүүс, лам нар улс төрийн эрхэнд гарсан.

Өөр хүн гарч чадахгүй болсон нь анги ялгаварласан бодлого оруулж ирснийг шүүмжилдэг. Гэхдээ Үндсэн хуульд Монгол Улсын иргэд хөрөнгө чинээ, угсаа гарвал, эрэгтэй эмэгтэйгүй тэгш эрхтэй гэдгийг зааж өгсөн байдаг. Энэ заалтыг оруулж ирснээрээ онцгой ач холбогдолтой. Хамгийн гол одоо яригдаад байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх жендэрийн асуудлыг 1924 оны хуулиар баталгаажуулж байна гэдэг нь том үйл явдал. Тухайн үед эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулсан анхдагч улсуудын нэг болж таарсан. Азидаа Монгол Улсын Үндсэн хууль их эртнийхдээ орж байгаа юм. Жишээ нь, 1912 онд Хядатыг Дундад эргэн улс гэдэг байлаа. Түүний Үндсэн хууль, Турк тэгээд л араас нь манай улс орох байх.

-Үндсэн хуулийн агуулга консепци ямар байв. Зарим судлаачид 1924 оноос ч өмнө манай улс найман улсын Үндсэн хуулийг орчуулсан байсан гэдэг. Мөн энэ хуулийг ЗХУ-ын хуулиас шууд хуулбарласан гэдэг юм билээ?

-Үндсэн хуульд шилжих асуудлыг ярилцаж улмаар 1911 онд манай улс тусгаар тогтнолоо зарлаж таван яам бүхий Засгийн газар байгуулсан. 1914 онд зөвлөх эрхтэй Улсын дээд хурлыг байгуулсан. Хууль тогтоохгүй л дээ. Энэ бол анхны алхмуудаа хийж байсан гэдгийг баталж байна.

Тухайн үеийн Ерөнхий сайд Т.Намнансүрэн үүрэг даалгавар өгч үндсэн хуулийн судалгаа хийлгэсэн байдаг. "Улсын эрх" гэх Цэвээний бичиж гаргасан номд, манайд үндсэн хуультай гэхдээ хаант засаглалтай Англи маягийн хууль тохирох юм байна гэсэн судалгаа 1918 онд хийгдсэн байна. 1921 оны дараа Үндсэн хуулийн боловсруулах хэд хэдэн ажлын хэсэг гарч байсан. Манай Үндэсний номын сан, архивт 10 улсын үндсэн хуулийн орчуулга байна гэж байгаа юм. Тэр бүгдээс л Үндсэн хуулийн төслийг боловсруулсан.

-1924 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31-НД ЗХУ, ДУНДАД ИРГЭН УЛСЫН ХООРОНД БАЙГУУЛСАН НАЙРАМДЛЫН ГЭРЭЭНД ГАДААД МОНГОЛ УЛС ХЯТАДЫН НЭГ ХЭСЭГ ГЭЖ БАЙЖЭЭ

1924 онд улс төрийн үйл явц огцом өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинээр үндсэн хууль боловсруулсан. Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдэг нь 1924 онд Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жэвзүндамба таалал төгссөн. Ингэснээр засаглалын хэлбэрээ тодорхойлж байгаа юм. Зургаадугаар сард нь манай улс хаантай биш Ерөнхийлөгчтэй болох албан шийдвэр гарсан. 1924 оны тавдугаар сарын 31-нд ЗХУ, Дундад иргэн Улсын хооронд байгуулсан найрамдлын гэрээнд Гадаад Монгол Улс Хятадын нэг хэсэг гэсэн зүйл заалтыг хүлээн зөвшөөрсөн. Энэ үйл явдал Монголын эрх баригчдад аймшигтэй мэдээ болж таарсан. Улс орны аюулгүй байдалд шууд аюул занал учирсан энэ үед тусгаар тогтнолоо яаж баталгаажуулах вэ гэх мэт олон асуудал тулсан.

Иймээс БНУ-ын хууль тогтоох ажлыг хурдавчлан хийх шаардлагыг бий болгосон. Хошуу аймаг улсын хэмжээнд хурлуудыг байгуулсан. Засаг барьж байсан хошууны ноёдыг сонгуулиар гаргаж ирэн Засаг ноёныг Засаг дарга болгосон. Ингэснээрээ алтан ургийн олон ноёд засаг ноёны албан тушаалаа буусан. Шинээр бичиг үсэг мэддэг хүмүүсийг сонгосон. Сонгууль явсаар байгаад Улсын анхдугаар хурал байгуулагдсан. 1924 оны 11 сарын 06-нд хурлыг нээсэн байдаг.

Үндсэн хууль нэг л онцлогтой. Тухайн улс үндэстэн манай улс ямар засаглалтай, ямар дэглэмтэй улс байх юм гэдгээ сонгодог. Төрийн байгуулалтыг ганцхан Үндсэн хуулиар л зааж өгдөг. Өмнө судалгаа юм хийгдэж байсан хэдий ч яг батлагдсан Үндсэн хууль бол маш богино хугацаанд хийгдсэн. Таван гишүүнтэй. Б.Цэрэндорж сайдаар толгойлуулсан бүрэлдэхүүнд нь Элбэгдорж Ренчино, Цэвээнжамсран нар орсон.

-1911 ОНЫ 12 САРЫН 29 МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ЗАРЛАЖ ЕСӨН УЛСАД НОТ БИЧИГ ЯВУУЛСАН БАЙДАГ. 1922 ОНД МӨН ИЙМ УЛСАД ЕРӨНХИЙ САЙД Д.БОДОО БИЧИГ ЯВУУЛСАН ХЭДИЙ ХЭН Ч ХАРИУ ӨГӨӨГҮЙ.

-Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг зөвшөөрөөгүй улсууд ч мөн байдаг шүү дээ?

-20-р зууны эхэн үеийн олон улсын харилцаа өөрөө их төвөгтэй. Өрнөдийн орнууд Дорно дахиныг колончилсон үе байсан. Колоны систем тогтчихсон Ази, Африкийн орнуудад тусгаар тогтносон улс хуруунд дарагдахаар цөөхөн байлаа. Колончилж байгаа улс орнууд нөлөөний хүрээгээ хуваагаад авчихдаг. Нөлөөний хүрээгээ хуваагаад авсан учраас жижиг улсууд тусгаар тогтнолоо зарлах гэхээр хэн ч хүлээн зөвшөөрдөггүй. Колоны системээ задалчих гээд байгаа учраас тэр шүү дээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа л хүлээн зөвшөөрдөг боллоо.

1911 оны 12 сарын 29 Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж есөн улсад нот бичиг явуулсан байдаг. 1922 онд мөн ийм улсад Ерөнхий сайд Д.Бодоо бичиг явуулсан хэдий хэн ч хариу өгөгөүй. Үндсэн арга нь тэр хариу өгдөггүй арга. Ийм үед тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг их хэцүү.

-Яг ямар ямар улсууд манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй юм бэ. Нэгэн хурал дээр Хятад лав зөвшөөрөгүй гэдэг юм билээ?

-Дайны дараа болтол хүлээн зөвшөөрсөн улс байхгүй. ЗХУ-аас манайд сууж байсан газар нь ЗХУ-ын төлөөлөлөгчийн газар гэж байгаа юм. Элчин сайдын яам гэж нэрлээгүй. Гэрээ байгуулагдсан ч гэсэн тус гэрээнд Монгол Улс тусгаар тогтносон улс гэсэн заалт байхгүй. "Харилцан бие биенийхээ Засгийн газрыг хууль ёсных гэж хүлээн зөвшөөрч байна" л гэсэн үг байгаа.

Өөрөөр хэлбэл, ЗХУ Хятадтай тохироогүй учраас дангаараа албан ёсоор хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан байх. 1921 оноос Дэлхийн хоёрдугаар дайныг дуустал олон улсын хувьд хүлээн зөвшөөрсөн улс байхгүй. Зөвлөлт улс л манай улсыг дэмждэг статустай байлаа. Дэмждэг учраас Зөвлөлөтийн талыг баримтлахаас өөр арга байхгүй.

Хятад өөртөө нэгтгэх гэдэг бодлоготой байлаа. Ийм л хэцүү үе байж. 1939 оны Халх голын дайн Монгол Улсыг хүлээн зөвшөөрүүлэх чухал стратеги, Геополитикийн ач холбогдолтой болж таарсан. Японд алдахгүй байх нь ЗХУ-д ашигтай байсан учраас Монголд анхаарал хандуулж ирсэн.

-Улс тунхаглаж, Үндсэн хуулиа батлахад дотроо ч гэсэн зарим нэг хүмүүс эсэргүүцэж байсан юм билээ. Та тухайн үеийн нөхцөл байдлыг нарийн тодорхой ярьж өгөөч?

-Бад нар улс тунхагласан гэж ярьж сурсан болохоос биш социализмын үед энэ нэр томъёо гарахдаа БНМАУ тунхагласны баяр. Улс тунхагласан гэхээр 1911 оны арванхоёрдугаар 29-нд тусгаар улс болж тунхагласантай хүмүүс андуурдаг. Тэр нь тусгаар тогтнолоо дахин сэргээж өөрсдийн төрийг сэргээн байгуулсан өдөр. 1924 онд БНМАУ гэж тунхагласан өдөр. Хамгийн гол агуулга нь Үндсэн хууль баталсан өдөр ч гэж хэлж болно.

Монголчууд тусгаар тогтнолын төлөө эв нэгдэлтэй байсан. Эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлдэж байсан байж болно. Гэхдээ Монгол Улс тусгаар улс гэдэг дээр санал нэгдсэн. Нотлох баримт нь 1945 оны аравдугаар сарын 20-нд тусгаар тогтнолын төлөө санал асуулга болоход оролцсон хүмүүс 100 хувь саналаа өгсөн. Монголчууд чин эрмэлзэлтэй байсан. Тусгаар улс биш гэж хэлэх Монгол хүн байгаа ч үгүй байх, одоо ч байх үгүй.

Гэхдээ эрх мэдлийн төлөө санаатай болон санаандгүй гадныхны гар хөл болох тохиолдол байна. Тэр хүн бол тусгаар тогтнолоос урваж байгаа гэж бодоогүй байх л даа. Гэхдээ тэр нь тусгаар тогтнолд сөрөг нөлөө үзүүлдэг зүйл. Гадны гар хөл болдог бусдыгаа хэлмэгдүүлдэг зүйл одоо ч Монгол Улсад байна. Энэ нь Монголын төрийг хэврэгшүүлэх, гадныхан Монголын төрд орж ирэх онцгой хор нөлөөтэй.

-ҮНДСЭН ХУУЛЬ ГЭДЭГ ТУХАЙН УЛСЫН ХУРААНГУЙЛААД ТАВЬСАН ХЭЛБЭР

-Тусгаар тогтносон өдөр. Улс тунхагласан өдрөө андуурч байна. Гол ялгаа нь юу вэ?

-Тусгаар тогтнолыг баталгаажуулах олон алхам хийсний нэг нь Үндсэн хуульд "Монгол Улс бол Бүрэн эрхэт Бүгд Найрамдах Улс мөн гэдгээ баталгаажуулж байгаа юм. Үндсэн хууль гэдэг тухайн Улсын хураангуйлаад тавьсан хэлбэр.

Үндсэн хуулиас тухайн улсын бүх юм харагддаг. Тухайлбал, 1912 онд тухайн үеийн Дундад иргэн Улс Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулиа батлахдаа Ар, Өвөр Монголыг бүгдийг нь манай газар нутаг , манай хэсэг гээд үндсэн хуулиндаа заачихсан байдаг. Харин манайх 1924 онд Хил хязгаар бүх юмаа баталж улс орны хил хязгаар халдашгүй дархан байна хэмээн зааж өгч байж үлдсэн гэж хэлж болно.

1921-1924 онд байсан манай засгийн газар легатив эрхгүй Засгийн газар байсан. 1924 онд албан ёсны орчин үеийн улс шиг засгийн газар байгуулж байгаа юм.

Төр гэдэг бол ард түмний хүсэл илэрхийлэл юм. Монголын ард түмэн хүсэж байгаа учраас энэ төр байгуулагдаж байгаа юм. Монголын төр гэдэг ард түмний л бүтээл.

-ТҮҮХЭНД ХЭРВЭЭ ГЭЖ БАЙДАГГҮЙ.

-Тухайн үед Үндсэн хуулиа батлаагүй тунхаглаагүй бол өнөөдөр ямар яах байсан бэ?

-Залуучууд нэг л юмыг ойлгох хэрэгтэй. Түүхэнд хэрвээ гэж байдаггүй. Түүх бол болж өнгөрсөн үйл явдлыг ийм учиртай гэж тайлбарлана уу гэхээс биш ийм юм болоогүй бол тэгэх байсан гэж үйл явдлыг үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, түүхийг эдүгээчилж үзнэ гэдэг бол байж болохгүй зарчим.

Бид нар өнөөдөр юу ярих ёстой вэ гэхээр манай тусгаар тогтнолыг баталгаажуулснаараа ямар ач холбогдолтой вэ гэдгийг л мэдэх. Яах вэ сөрөг тал бол байгаа. Анги ялгаварлах хөрөнгө хураах үндэс болсон.

-Өнөөдөр энэхүү баярыг тохиолдуулан баярлаж, амрах нь зөв үү?

-Монголчууд нэг юмыг бодох хэрэгтэй. Одоо сайн бодохгүй бол болохгүй болж байна. Тэмдэглэлт өдөр түүхэн баярыг тэмдэглэхдээ юуг, яагаад тэмдэглэж байгааг ухаарах хэрэгтэй. Ойлгохгүй баярлана гэдэг утгагүй. Арваннэгдүгээр сарын 26-нд амарч байгаа нь ямар учиртай билээ гэдгээ ойлгох хэрэгтэй. Ойлгочихвол яаж тэмдэглэх нь тодорхой болох юм шиг баагаа юм. Амрахын тулд тэмдэглэдэг юм биш. Гол учрыг нь л олох хэргтэй.

-МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТҮҮХ ГЭДЭГ БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДСИЙН ТҮҮХ. БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДСИЙН ТҮҮХ ГЭДЭГ БОЛ ЧИНИЙ МИНИЙ ТҮҮХ. ТҮҮХ БОЛ ӨӨРӨӨ БИДНИЙ ОЙ САНАМЖ. ОЙ САНАМЖАА БАТЖУУЛАХ ТУХАЙ Л ЯРИХ ЁСТОЙ

-Чингисийн төрсөн өдрийг Ардчилсан нам төрж байхдаа гаргаж ирлээ. Энэ баярыг мөн АН төр барьж байхдаа тэмдэглэдэг боллоо. Тэгэхээр зарим хүмүүс намын баяр гэлцэх юм?

-Намууд энэ баярыг тэмдэглэнэ тэмдэглэхгүй гэдэг бол буруу. Хэн түүхтэй байдаг вэ гэвэл ард түмэн л түүхтэй байдаг юм. Түүх болж байгаа юмыг ард түмэн л тасралтгүй шаардлагыг нь хадгалж авч үлддэг.

Ард түмний түүхийг нам, хэсэг бүлэг хүн өмчлөх эрхгүй. Нам өмчилбөл аюулгүй байдалд харш, байж боломгүй зүйл. Ард түмний түүхээ ойлгохдоо нэгдмэл нэг ойлголттой байх хэрэгтэй. Энэ нь шинжлэх ухааны үндэслэл дээр суурилсан байх хэрэгтэй. Монголын ард түмний түүх гэдэг бидний өвөг дээдсийн түүх. Бидний өвөг дээдсийн түүх гэдэг бол чиний миний түүх. Түүх бол өөрөө бидний ой санамж. Ой санамжаа батжуулах тухай л ярих ёстой. Түүхээр талцуулна гэдэг байж боломгүй зүйл.

Ярилцсанд баярлалаа.

ИРГЭД: “Бид Улс тунхагласны баяр гэдэг утга учраа мэдэж байхад л болно, амрах шаардлагагүй“
ИРГЭД: “Бид Улс тунхагласны баяр гэдэг утга учраа мэдэж байхад л болно, амрах шаардлагагүй“
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.