"Guys" хамтлаг энэ сарын 31-нд болох тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө.
-------------------
Хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрал:
-Манай хамтлаг 1997 онд таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. 28 дэх жилийн түүхийг хамтдаа бүтээж байна. Анхны задгай шоу тоглолтоо хийх нь бидний хүсэл мөрөөпөл байсан. Энэ мөрөөдлөө бид тавдугаар сарын 31-ны өдөр “SocialPay Park”-д биелүүлэх гэж байна. 28 жилийн дараа ийнхүү хүсэл мөрөөдөлдөө хүрэх нь ээ. Тоглолт амьд хөгжим, хайрын дуунууд, хитийн хит дуунууд гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. 28 хит дуугаа дуулах болно. "Сургууль минь баяртай" тоглолтын Ерөнхий найруулагчаар "Фантастик" продакшны найруулагч Б.Тамир ажиллаж байгаа. Бид тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулна.Тоглолтын шууд дамжуулалтыг SOmedia-аас үзэх боломжтой. Дуу, дүрсний өндөр нягтаршилтайгаар шууд дамжуулна. Манай Мийгааг маш олон хүмүүс асууж байгаа. Гурван жилийн өмнө гэр бүлээрээ гадаадад ажиллаж, амьдрахаар явсан. Тэнд бичиг цаасны зохицуулах ажил байгаа. Тэр ажлаа дуусгавал Мийгаа маань хурдан эргээд очих хүсэлтэй байгаа. Бид ч гэсэн Мийгаагаа санаж байна.
2027 онд "Guys" хамтлаг 30 жилийн ойгоороо тавуулаа бут авна гэж мөрөөдөж байгаа шүү" гэв.
Eventx компани тоглолтын тасалбарыг борлуулж байгаа бөгөөд бямба гарагт хямдралтай тасалбар нь хаагдах аж.
Хамтлагийн гишүүн Д.Лхагва "Сургууль минь баяртай гэдэг дуу 2008 онд "Сайн уу амьдрал минь" киноны дуу болж гарсан цагаас хойш 17 жил бүх оюутан залуусын сонсох дуртай тэдний дурсамжинд нь хамт байдаг дуу болжээ. Тиимээс тоглолтоо ингэж нэрлэсэн. Үе, үеийн төгсөгчид ирж дурсамжаараа аялж бидэнтэй хамт өнгөрүүлээсэй. Тоглолтын өдөр 16:00 цагт үүдээ нээнэ.
Тоглолтын зочин артистуудаар Roockie, Don dior, Эгшиглэн, Ginjin, Минжинсор, дуучин Наагий, Салхи хамтлаг, Mr.Dogs хамтлаг, Freezone хамтлагууд ирнэ.
Тоглолтоо сонирхолтой болгож хүмүүстээ дурсамж үлдээхийн тулд ирсэн хүмүүс маань "Сургууль минь баяртай" тоглолтын үеэр төгсөлтийн малгайгаа хамтдаа шидэж Геннисийн амжилтыг эвдэх мөрөөдөл бол байна. Төгсөлтийн малгайг тоглолтын үүднээс зарна.
Хамтлагийн гишүүн А.Төгсбаяр "Бидний дуу амьдралын сайн сайхан, гэрэл гэгээг дуулдаг учраас тоглолт маань та нарыг дурсамжаар нь аялуулна гэдэгт итгэлтэй байна. Манай тоглолт маш сонирхолтой болно. Бид мэргэжлийн жүжигчид учраас хэтрүүлчих гээд байж магадгүй учраас найруулагчтай ажиллаж байна. Хит 28 дуун дээрээ 28 өөр төрлийн гэнэтийн бэлгүүдийг бэлдэх талаар Б.Тамир найруулагчид хэлсэн. Найруулагч маань хасахыг нь хасаад маш сайхан цэгцтэй болгож өгсөн. Манай хамтлаг дуунуудыхаа үг, аяаа өөрсдөө зохиодог гэдгээрээ бусдаас ялгардаг. Миний хувьд үг, аятайгаа 87 дууг оюуны өмчид бүртгүүлсэн байдаг. Лхагва, Уугий хоёртойгоо нийлвэл 100 гарсан байх аа. Ихэнх дуунууд маань хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн гэхэд буруудахгүй байх" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!