Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа сэдэвтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут "Малчин өрхүүдийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах ажил нэлээд учир дутагдалтай байгаа. Тэтгэврийн даатгалын тогтолцоо маш хүнд байдалд ороход ойр байгаа. ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн мэдээлж буйгаар нийт малчин өрхийн 25 орчим хувь нь сайн дурын даатгалд хамрагддаг гэж байна. Үүнийг 100 хувь болгох боломж байгаа юу" гэж асуув.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Бид удахгүй Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэнэ. Энэ хуулинд малчдад зориулсан нэг заалт байгаа нь таван жилийн хугацаанд сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийнх нь 50 хувийг төрөөс даах агуулга оруулж ирж байгаа. Ингэснээрээ ирээдүйд гарч болох өндөр зардлыг өнөөдөр бага зардлаар хаах бодлогын өөрчлөлтийг санал болгож байгаа" гэв.