ЦЕГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал "Сүүлийн үед залилах гэмт хэргийн 50 хувь нь цахим орчинд үйлдэгддэг болсон. Ингэхдээ ихэвчлэн иргэдийн фэйсбүүк, имэйл хаягаар нэвтэрч хүний нэр барин мөнгө залилж байна. Мөн цахим шуудангийн луйвар буюу манай улсын гадаад худалдаа эрхэлдэг ААН-үүдэд харилцагч талаас ирсэн цахим шуудан, төлбөрийн дансыг өөрчилж, өөр данс руу төлбөр шилжүүлэх байдлаар, мөн банкнаас холбогдож байна гэж банкуудын нэрийг барьсан мэйл бичиж, мэдээллийг нь авч залилах гэмт хэрэг их гарч байна.
Түүнчлэн сүүлийн үед "Романс луйвар" гэсэн нэр томьёо гарч ирж байгаа. Энэ нь цахим орчинд харилцаа тогтоосон хүнийхээ итгэлийг олж авах байдлаар залилж байгаа хэрэг юм. Иргэд хувийн орон зайгаа цахим орчинд хэт дэлгэж, өөрийн сонирхдог зүйлээ нээлттэй нийтэлсэн байдлыг гэмт этгээдүүд ашиглан залилж байгааг анхаарах шаардлагатай" гэсэн юм.
Залилан мэхлэх гэмт хэрэг:
- 2017 онд 6.6 хувь
- 2018 онд 10.9 хувь
- 2019 онд 13.6 хувь
- 2020 онд 25.8 хувь
- 2021 оны эхний есөн сарын байдлаар 41.6 хувиар өсжээ.