УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ч.Хүрэлбаатар нар өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ирээдүйн өв сангийн мөнгөний талаар багахан маргалдаад амжсан. Тэгвэл энэхүү маргаан нь цахим орчинд үргэлжлэн гишүүд нэг нэгэндээ хаягласан пост бичжээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "2004 оны АН-МАН-ын Эвслийн Засгийн газрын Сангийн сайдаар 1 жил 4 сар ажиллаж байхад Монгол улсын төсөв 700 гаруй тэрбум төгрөг байлаа. Бид нам харгалзалгүй ТНБД Ч.Хүрэлбаатар, Төрийн сангийн дарга Даваасүрэнтэйгээ гар нийлэн нэг баг болон ажиллаж, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож 2005 онд анх удаа төсвөө 70 орчим тэрбум төгрөгийн ашигтай гаргаж хүүхэд бүрт 3000 төгрөг олгох ажлыг эхлүүлж, бас татварын шинэчлэл хийж чадсан. Ингээд зөв болоод эхэлсэн төсвийн бодлого улсаа бодох биш сонгуульд ялж л байвал цаашаа улс нь байх уу, амьдрал сайжирна уу яана уу хамаагүй гэж ханддаг хүмүүсээс болж буруу болж байна. Дээр нь Хүрэлбаатар маань сангийн сайд болоод өр дарлаа гэж худал ярьсаар, сая 2030 он хүртэл мөнгөнд нь гар хүрч болохгүй “Ирээдүй өв сан”-г мөнгөгүй болгож дээ. Гэтэл ирэх жилийн төсөв 16 их наяд, дутах мөнгө буюу 2.4 их наяадын алдагдалтай төсөв батлах гэж байна. Ганцхан жилд 1 тэрбум ам.долларын зээл авдаг боллоо шүү дээ" хэмээн бичжээ.
Үүний хариуд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Та нар яасан их ХУУЛЬ ярьдаг юм, хууль ямар хамаатай юм… гэж Ерөнхий сайд байхдаа хэлж байсан Н.Алтанхуяг “Ирээдүйн өв сан”-гийн мөнгийг Ч.Хүрэлбаатар зарчихсан гэнэ, бас өр дараагүй хэмээн ээлжит гүтгэлгээ тараажээ. Зарцуулж болохгүй хуультай учир Ирээдүйн өв сан зарцуулагдаагүй, хуримтлагдаж байгаа. 9 сарын өмнө Сангийн сайдын ажлаа дансандаа бэлэн 1.4 их наяд төгрөгтэй хүлээлгэн өгч байсан юм. Анх 1.2 их наяд төгрөгийн өртэй (2012-2016 онд бий болсон өр) эхэлж байсан Ирээдүйн өв санд одоо 2 их наяд төгрөг хуримтлагдсан. Түүнчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газар 10 ИХ НАЯД төгрөгийн өр төлж барагдуулсан нь санхүүгийн бүх баримтаар баталгаажсан. Таны “… Та бидний үр хүүхэд төлчихнө..” гээд тавьсан өрийг бас төлөөд л явж байгаа гэдгийг хэлье" гэжээ.