Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас төсвийн асуудлаар сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын дараагаар Оюу Толгойтой холбоотой асуудал, Рио Тинто компанитай хийж буй хэлэлцээрийн талаар, түүнчлэн хэрвээ Рио Тинто манай тавьсан шаардлагыг зөвшөөрөөгүй тохиолдолд цаашид Засгийн газар хэлэлцээрт ямар суурьтай оролцох талаарх байр суурийг нь ажлын хэсгийн ахлагчаас тодруулав.
-Рио Тинто компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт дөрвөн шаардлага тавьсан байна лээ?
-Рио Тинто компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, хэлэлцээ хийхээр ажиллаж буй ажлын хэсэгт дараах дөрвөн асуудлаар санал тавьсан. Нэгдүгээрт, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын үнэ үүсгэхгүй нөхцөл байдлыг бий болгох үүднээс одоогийн Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн хувь эзэмшилтэд төлвөл зохих 2.3 тэрбум төгрөгийн америк долларын 70 хувийг тэглэх санал. Өөрөөр хэлбэл, 1.600 сая америк доллларын өрийг чөлөөлнө гэсэн үг. Ингэснээр Оюу Толгойн ашиг, ААН-ийн орлогын албан татвар нь наашлах юм.
Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсноос шалтгаалж, Монгол Улсын Засгийн газарт төлвөл зохих татвар, бусад суутган авах татварын орлого хойшилсонд харамсаж буйгаа илэрхийлээд 350 сая америк доллар буюу нэг их наяд төгрөгийг гурван жилийн хугацаанд олгох санал. Энэ нь ямар нэгэн татвар, бусад шимтгэл суутгалд огт хамаарахгүй.
Гуравдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсонд харамсаж буйгаа илэрхийлээд, далд уурхайн бүтээн байгуулалтын карталл зардал нь 5.4 америк долллараас хэтэрсэн хэтрэлтийн дүнд менежментийн төлбөр авахгүй бахй санал. Мөн зардлын хэтрэлттэй холбоотойгоор баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг 2028 он хүртэл авахгүй байх саналыг тавьсан.
Дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулах, Эрдэнэ Оюу Толгойг чадавхижуулахад тусалъя гэх санал. Засаглалаа сайжруулснаар илүү үр дүнтэй, менежменттэй ажиллах, Оюу-Толгойн ашиг наашлах боломжууд бүрдэнэ гэсэн.
Бид тус дөрвөн саналаас илүү өргөн хүрээнд санал тавьсан учраас уг саналыг ажлын хэсэг, Ерөнхий сайдад танилцуулна.
Бид Оюу Толгойн хэлэлцээрт дотооддоо нэгдмэл байр суурьтай, Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний үр өгөөжийг наашлуулах, олон түмэнд хүртээмжтэй болгох чиглэлээр зүрх сэтгэл нэгдмээр байгаа юм. Хэлэлцээрийн эгзэгтэй үед Засгийн газраасаа дөрвөн тэрбум төгрөг өг, тоглолт хийнэ, Засгийн газар огцор гэж байгаа нь яавч эх оронч асуудал биш. Сангийн сайдаасаа дөрвөн тэрбум төгрөг нэхэж, үгүй бол та нарыг огцруулах жагсаал цуглаан хийнэ гэдэг бол гадны байгууллага, аль эсвэл хүмүүсийн захиалгаар хийж буй үйлдэл. Үгүйдээ, Ганбаатар гишүүн шиг талбай дээр хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулъя, сөрөг нэхэмжлэл гаргая гээд сууж байгаа суулт байсан бол бид ойлгоно. Ямар ч шалтгаангүй, дөрвөн тэрбум төгрөг өгөөгүйн төлөө Засгийн газар, УИХ тар хэмээн шаардаж байгаа нь эх оронч үйлдэл биш гэж бодож байна.
-Татварын маргаан Лондонгийн арбитрын шүүхэд явж байгаад ялагдах магадлалтай учраас ингэж байна уу гэх хардлага байна шүү дээ?
-Арбитрын маргаан шийдвэрлэх хянан шалгах ажиллагаа нь 2023 оны сүүлч хүртэл үргэлжилнэ. Энэ бол яаран дүгнэж, хэлэх зүйл биш. Гэхдээ бид хуулийн ферм, зөвлөхүүдтэйгээ энэ чиглэлээр ажиллаж байгаа. Нэмэлт нотлох баримтуудыг гаргаж өгөх тал дээр тодорхой ажлуудыг хийж байгаа.
-Ер нь Рио Тинто яагаад буулт хийв гэж харж байна?
-Рио Тинтогийн зүгээс зардлынхаа хэтрэлтийг Засгийн газраар зөвшөөрүүлж, дараагийнхаа мөнгийг босгож, далд уурхайгаа яаралтай дуусгах саналыг л тавьж байгаа.
-Дубайн гэрээний талаар ярьж, хэлэлцсэн зүйл байхгүй юу?
-Дубайн гэрээг цуцлах гэж байгаа. Дубайн гэрээний ихэнх нь нэмэлт зардлын төлөвлөгөө байсан. Гэтэл батлагдаад, хэрэгжээд, дахиад зардал хэтэрчихээд байна. Үүнээс гадна хэд, хэдэн суутгал, шимтгэлтэй холбоотой давуу байдал үүсгэснийг энэ гэрээгээр цуцална.
-Хэрвээ Рио Тинто манай тавьсан шаардлагыг зөвшөөрөөгүй тохиолдолд цаашид Засгийн газар хэлэлцээрт ямар суурьтай оролцох вэ?
-Дараагийн шатанд, арбитрт маргаан үүсгэх, хөндлөнгийн аудит томилох, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн дараагийн зарга маргаан үүсгэх төлөвлөгөөнүүд байгаа.