Ардчилсан намын даргын сунгааны үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Би боловсролгүй" гэх нийтлэл бичсэн нь олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулсан. Тэгвэл тэрбээр эрх зүйч мэргэжлээр сурч эхэлсэн талаараа цахим хуудаснаа мэдэгдлээ.
Тэрбээр "2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэлсэн тул үүнийг бичиж байна. Мань чинь оюутан болсон, эрхзүйгээр сурч байгаа гэдгээ хэлмээр санагдаад…
Миний хувьд Монгол Улсад бараг ганцаараа дипломгүй тул хамгийн жигшмээр этгээдээр тодроод сар ч болоогүй байна. АН-ын даргад нэр дэвшихээ зарласантай энэ дуулиан холбоотойг та бүхэн мэднэ. “Би боловсролгүй” гэдэг нийтлэл маань шуугиан дэгдээсэнд уучлал хүсье. Гэхдээ би үнэнээ л хэлсэн. Ер нь үнэнээ хэлчихвэл амар байдаг. Тухайн бичвэрийн дараа надад дургүй сэтгүүлч, сэтгүүлч бус хэдэн бүсгүй “Боловсрол хэрэггүй" гэж хэллээ. "Боловсролгүй юм байж долоон буудалд очиж нохойн хоол зар. Өндөр боловсролтой хүмүүс хэрэггүй” гэцгээсэн. Бас “Арчаагүй ядуу зүдүү амьдрал туулснаа бүү гайхуул” гэсэн. Мөн намайг дэмждэг хэсэг ”Диплом хэрэггүй. Боловсролтойнууд нь улсаа зарж идсэн” гэв. Уг нь “Би боловсролгүй” нийтлэлдээ “Боловсрол хэрэггүй” гэж бичээгүй. Харин “Боловсрол эзэмшээгүйд аав ээжийн минь буруу байхгүй. Миний л арчаагүйнх. Намайг уучлаарай” гэсэн юм. Энийг тэд улс төрийн зорилгоор гуйвуулсан. За энэ ч яах вэ.
Уг нийтлэлд "Би суралцсаар байгаа" гэснийг хэн ч тоогоогүй. Харин одоо залуус, дүү нартаа хандаж хэлэхэд “Сурах ёстой шүү. Диплом хэрэгтэй. Насны залууд сур, боловсор” гэж хэлье. Бас өөрөөрөө үлгэр болгон "Сурахад оройтдоггүй" хэмээгээд 50 насныхаа босгон дээр сурч буйгаа зарлаж байна. Залуус аа, дүү нар аа. Сурлагаараа уралдах уу. Хичээлээ таслахгүй шүү. Хэдхэн жилийн дараа дипломоо гардахдаа дүнгээ ил тавьцгаах уу. Би зөвхөн эрх зүйн чиглэлээр биш бас өөр нэг чиглэлээр сурч байгаа шүү. Ингээд сурч мэдэхийн төлөө урагшаа. Гэхдээ өрсөлдөөнтэй шүү" гэжээ.