Төв талбайд суулт зарлаж буй УИХ-ын гишүүн асан С.Жавланд Эрүүгийн цагдаагийн албанаас дөрвөн тэрбум төгрөгийн асуудлаар тайлбар өгөх мэдэгдэх хуудсыг удаа дараа өгсөн боловч хүлээж авахаас татгалзсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Аравдугаар сарын 19-нд иргэн О.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж Гавьяат жүжигчин С.Жавхлан, М.Баярмагнай нар Сангийн сайдаас Хамаг Монгол төслийг хэрэгжүүлнэ гэж дөрвөн тэрбум шантаачилсан гэсэн гэмт хэргийн шинжтэй гэдэг мэдээллийг анх гаргасан.
Үүний дагуу аравдугаар сарын 20-нд иргэн О.Отгонтөгс цагдаагийн байгууллага дээр ирж гомдол гаргасан. Үүнийг цагдаагийн байгууллага хуулийн дагуу хүлээж аван прокуророор харьяалал тогтоолгосон. Прокурорын зүгээс уг хэргийг хянан шалгах газар нь Эрүүгийн цагдаагийн алба шалгахаар харьяалал тогтоосон.
ЭЦА-наас уг гомдол мэдээллийн дагуу Сангийн сайд Б.Жавхлан болон тухайн яаманд ажилладаг зэрэг гурван гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийнхаа дагуу аравдугаар сарын 20, 21-нд албаны утсаар дуучин С.Жавхлан руу нийт 11 удаа залгахад тэрбээр утсаа аваагүй.
Аравдугаар сарын 20-ны өдөр мөрдөгчийн дуудах хуудас өгсөн, ирээгүй. 21-нд мөрдөгчийн дуудах хуудас өгсөн ч хүлээж аваагүй. Өнөөдөр прокурорын дуудах хуудас хүргүүллээ, хүлээж авсангүй. Тэрбээр хүлээж авахгүй тайлбараа янз бүрээр хэлж байх шиг байна.
Дараагийн арга хэмжээ бол шүүхийн захирамжаар албадан ирүүлэх арга хэмжээ л байдаг. УИХ-ын гишүүн асан, өөрөө хууль тогтоогч явсан хүн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаад хүрч ирээд тайлбар өгөх байх гэж бодож байна" гэлээ.