УОК, НОК-ын Шуурхай штабыг нэгтгэж, УОК-ын Нэгдсэн шуурхай штаб болгосон. Улмаар тус штабын даргаар бригадын генерал Б.Ууганбаярыг томилсон юм.
-Та ажлаа аваад удаагүй байна. Нэгдсэн шуурхай штабын чиг үүргийг танилцуулахгүй юу?
-Нэгдсэн шуурхай штаб нь цар тахалтай тэмцэхээс гадна монгол оронд тохиолдож болзошгүй бусад аюул занал гээд өргөн цар хүрээтэй, чиг үүргийг хүлээсэн бүтэц зохион байгуулалтад шилжиж байна. Штабт нийслэлийн асуудлыг хариуцсан орлогч дарга ажиллана. Одоогоор энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис хариуцаж байна. Үндсэндээ нийслэлийн асуудлыг Нийслэлийн орлогч бүрэн хариуцаад, мэдээ мэдээллээр хангах, гарсан шийд, хэрэгжүүлж буй арга хэмжээ, байгаа нөөц зэргийг уялдуулж ажиллана.
Бас нэг орлогч байгууллагуудын уялдаа холбоог зохион байгуулж ажиллана.
-Нэгдсэн зохион байгуулалтад ороод удаагүй байна. Ер нь үр дүн хэр гарч байна вэ?
-Богино хугацаанд, ялангуяа зохицуулалт мэдээлэл солилцох чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. Ер нь онолын хувьд хаана, юу болоод байгааг олж харахыг ажиллагааны бүрэн зураглал гэдэг. Тэгэхээр ажиллагааныхаа бүрэн зураглалыг хоёр хэсэгт тогтож ойлгоно. Тодруулбал, Улаанбаатар хотын нөхцөл байдал, нөгөөх нь орон нутгийн нөхцөл байдал. Орон нутгийн нөхцөл байдалд баг ажиллана. Үндсэндээ бүх аймгуудыг хариуцаж ажиллана гэсэн үг. Энэ нь нэгдсэн нэг удирдлага зохион байгуулалтаар зангидна гэсэн үг.
-Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан байгууллагуудтайгаа хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ?
-ХӨСҮТ-ийн гурван орлогчтой уулзсан. Тандалт, бодлого боловсруулах, эмчилгээний чиглэлээр ярилцсан. Эмчилгээгээ хэрхэх, орон нутагтаа хэрхэн хяналт тавих гээд бүх чиглэлээр уулзаж ярилцсан. Дүүрэг, аймгийн удирдлагуудтай ч уулзсан. Цахим хурал зохион байгуулаад ажиллаж байна. ДЭМБ-ынхантай бас уулзаад ярилцаж байна. НЭМҮТ, ЭМЯ, ХХААХҮЯ гээд шат дараалсан үйл ажиллагааг зохион байгуулаад явж байна. Бид ямар нөөц байгаа, түүнийгээ хэрхэн ашиглах, хариу арга хэмжээ авч ажиллах зэрэгт түлхүү анхаараад ажиллаж байна. Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах аргачлалыг гаргаж, Шадар сайдаар батлуулсан байгаа. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмж болон өнгөрсөн хугацаанд цуглуулсан арга туршлага дээрээ тулгуурласан. Энэ аргачлалынхаа дагуу орон нутагт эрсдэлийн үнэлгээ хийнэ. Байгаа бодит зүйл дээрээ тулгуурлаж явна.
-Хүйтний улирал эхэлчихлээ. Халдварын тархалт өндөр байна. Хэрхэн даван туулах төлөвлөгөө бий юу?
-Энэ өвлийг даван туулах богино хугацааны стратегийн төлөвлөгөөг Шадар сайдад хүргүүлсэн. Цар тахлаас гадна бусад асуудлаа ч бодож боловсруулсан. Шадар сайд танилцаад баталвал бид богино хугацаанд хариу арга хэмжээгээ зохион байгуулаад ажиллана. Бид гол нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр түлхүү анхаарч байгаа.
-Эмнэлгүүдийнхээ үйл ажиллагаатай танилцав уу. Нөхцөл байдал хүнд байгаа шүү дээ?
-Халдварт өвчинтэй тэмцэж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийсэн. МХЕГ-ын хяналт шалгалтыг оруулсан. Анхаарах ёстой олон асуудал үүссэн байна. Үүнтэй холбогдуулан нөхцөл байдал ямар байна, эрэмбэлэн ангилалт хэр байна, тандалтын баг хүмүүсээ эрэмбэлэн ангилалтаа хэрхэн хийж, иргэдээ эмнэлэгт хуваарилж байгаа, ур чадвар ямар байна, нөөц, хангамж, хүчилтөрөгчийн хүрэлцээ гэх мэт олон бэрхшээл байна. Зарим тохиолдолд эмнэлгүүдэд өөр өөр эмчилгээний аргыг хэрэглээд байна. Уг нь бол гарсан удирдамж, шийдвэрээ л дагаж ажиллах ёстой. Бүх эмнэлгүүд дагаж мөрдөх ёстой. Үүнийг нэг гольдролд нь оруулах талаас нь сайжруулна.
-Их дээд сургуулийн эрсдлийн үнэлгээг хийсэн үү?
-Ажлын хэсэг гаргаад эрсдлийн үнэлгээ хийсэн. Оюутнууд, дотуур байртай холбоотой, халдвар хамгааллын дэглэмийг сахих, хөдөлгөөнтэй холбоотойгоор эрсдлийнхээ үнэлгээнд тулгуурлаж, хариу арга хэмжээ авч ажиллана.