“Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллагаас Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааныг зохион байгуулах гэж буй талаар мэдээлэл хийлээ.
Хил хязгааргүй спорт ТББ, Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн гүйцэтгэх захирал Н.Тамир “Сар бүр цувралаар зохион байгуулах Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнийг манай ТББ-аас санаачлан Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран "Эрхэт Монгол" группийн ивээн тэтгэлэгтэйгээр гурван талын гэрээ хийж, дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулахаар болсон. Аравдугаар сарын 16-нд буюу Бямба гарагт Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Барилдааны бүртгэлийн ажиллагаа дууссан ба одоо ид барилдаж байгаа улс, аймаг, цэргийн алдар цолтой 32 бөх бүртгүүлж, сугалаа сугалсан.
Шударга шүүлт, шударга барилдаан, сахилга бат, хариуцлага, ёс зүйн дүрмийг мөрддөг, өндөр шагналын сантай гэдгээрээ Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан нь онцлогтой. Тамирчид олон жил тогтвортой явагддаг энэхүү лигийн тэмцээнд оролцсноор ур чадварын хувьд өсөн дэвжиж, сайжирдаг давуу талтай" гэлээ.