Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монголбанкны ажлын хэсгээс асуулт асуулаа.
Тэрбээр "Бид өнөөдөр эдийн засгаа хөгжүүлэх асуудлыг Монголбанкнаас нэхэх ёстой юу, Засгийн газраас нэхэх ёстой юу? Та нараас гарсан бодлого Засгийн газар дээр очоод хэрэгжихийн тулд ямар үйл ажиллагаа хийх ёстой юм бэ? Инфляцыг барихын тулд махны асуудлаа яах вэ? Махны экспортыг нэмэгдүүлэхэд Монголбанк ямар ажил хийж чадах вэ? Бид эдийн засгийн хөгжлийн яам байгуулж байгаа. Энэ яамны асуудлыг танилцуулаад байна. Үүнийг хэрэгжүүлэхэд та бүхэн хэрхэн оролцох вэ" гэж асуулаа.
Ажлын хэсэг "Инфляцын асуудал хоёр шалтгаантай. Нэгдүгээрт эдийн засгийн идэвхжил эрэлт, худалдан авалтаасаа дамжиж их өдөөгдөж байдаг нэг онцлогтой. Нөгөө талаасаа бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт тогтвортой явж чадахгүй байгаа. Дараагийн нэг онцлог нь гадаад орчноос хамааралтай. Монголбанкны хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалт нь ихэнхдээ эрэлт, худалдан авалт макро тогтвортой байдлыг хангах агуулгынхаа хүрээнд хэрэгжиж байдаг. Нийлүүлтийн доголдлын асуудлууд төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд, бодлогуудтай уялдаж байдаг" гэв.