Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Цогтцэций-Чойр чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг эсэргүүцсэн жолооч нар Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүллээ. Шаардлагад "Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарын гаргасан дээрх шийдвэрийн хүчингүй болгох, нүүрсны экспортын тээврийг үргэлжлүүлэхийг хүсч байна" хэмээжээ.
Тээвэрчин Э.Болдбаатар "Коронавирусийн тархалттай холбоотойгоор нүүрс тээврийн экспорт зогссон. Гашуунсухайт-Шивээхүрэн боомтод бөмбөлөг гэх тогтолцоо үүссэн. Энэ нь 30-40 тээвэрчинг 28 хоног тусгаарлан шинжилгээ аваад, тэдний дотроос нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд дахин 28 хоног тусгаарлах байдлаар 2-3 сар хоригдсон маш олон хүн байна. Мөн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж тусгаарлах байранд хорьж байгаа нь ердөө мөнгө угааж буй үйлдэл юм. Цагаанхаданд эерэг гараад, энд ирээд сөрөг гарсан 1000 орчим тээвэрчид байна" гэв.
Мөн "Тээвэр эхэлнэ гэж олон газраас тээвэрчдийг цуглуулчихаад тодорхой бус байдлаар гэнэт зогсоодог нь маш олон тээвэрчдийг хохироож байна. Тээвэр зогсоно гэдэг бол тээвэрчид өр зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Мөн өрхийн ямарч орлогогүй болж байна. Орлогогүй болсон хүмүүс хэрхэн амьдрах вэ. Тиймээс бид эсэргүүцлээ илэрхийлж байна. Бид зөвхөн дотоодын тээвэрт явдаг.
Нүүрстээвэр энэ оны тавдугаар сард зогсоод 50 орчим хоногийн дараа дахин эхэлсэн боловч аравдугаар сарын 20-ноос дахин зогсоох болсон байна. Хэрэв энэ шийдвэр хэвээр үлдвэл дараа дараагийн эсэргүүцлийн хэлбэрт шилжихээ тээвэрчид илэрхийлж байна" гэлээ.
Э.Дэлэгнанзадмаа