Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв. Тэрбээр "Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн газар хулгайд маш их алдагдсан. Өнөөдрийн хуралдаанаар хүрээлэн, их, дээд сургуулийн газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Ингэснээр цаашид хэн нэгэн хүрээлэн, их, дээд сургуулийн газарт халдахгүй.
Төрөөс судалгаа шинжилгээнд жилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл энэ зардал эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд очдоггүй. Дундаас тендерийн ченжүүд аваад, хүрээлэнгүүдээр хийлгэдэг буруу тогтолцоо байсан. Цаашид төрөөс шууд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээр судалгаа шинжилгээ хийлгэдэг болох тогтолцоонд шилжихээр ажиллаж байна.
Мөн цаашид залуу эрдэмтдээ тэтгэлэгээр дэмжих, ахисан шатны сургалтын тэтгэлэг олгодог болох өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас улс орны хөгжилд шаардлагатай эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг сэргээж байна. Үүнд:
- Дулааны техник технологи, экологийн хүрээлэн,
- Ой мод, сургалт судалгааны хүрээлэн,
- Технологийн инкубаторыг сэргээж байгаа бол
- Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг шинээр байгуулж байна” гэв.
Түүнчлэн Шинжлэх ухааны салбарын санхүүжилт их ойлгомжгүй явж ирсэн. Зарим хүрээлэнгүүд нь шинжлэх ухааны яамны харьяа, зарим нь шинжлэх ухаан технологийн сангийн харьяа, зарим нь их дээд сургуулиудын харьяа гээд тодорхойгүй явж ирсэн. Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг ойлгомжтой болгох, Монгол Улсад байдаг шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийг ил тод нээлттэй, шударга тогтолцоонд шилжүүлэх шаардлага үүсч байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан технологийн сангаас нийт 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн дүн байна. Гэвч ийм өндөр дүнгээр хийсэн судалгааны хэд нь эдийн засгийн эргэлтээр орсон, патент болсон, инноваци болсон, бодитой суурь судалгаа болсонг үзэхээр муу үзүүлэлтүүд байдаг. Цөөхөн хэдэн эрдэмтэд, цөөхөн хэдэн судалгааг жил бүхэн санхүүжүүлдэг, ил тод бус, шинжлэх ухааны ЖДҮ гэж хэлж болохоор санг цаашдаа нээлттэй, ил тод, шударга сан болгоно" гэсэн юм.