"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ хуралдана гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодруулахад "Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой нэг үндсэн зарчмыг ажлын хэсэгт хуулийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж буй компанийн зүгээс "Хэлэлцээрийн талаарх бүх деталиудыг тухай бүрт нь хэвлэл мэдээлэлд, хэлэлцээрт оролцогч талууд нь дэлгэрэнгүй ярих нь хэлэлцээрийг цаашид үр дүнгүй болгоно. Тиймээс тойм мэдээллийг өгөх нь зүйтэй" гэсэн. Хоёр тал 7 хоног болгон хэлэлцээрийн асуудлаар уулзаж, тодорхой протоколтойгоор асуудлаа хэлэлцээд явж байгаа. Өнгөрсөн 7 хоногт хэлэлцээрийн явцад нөөцийн тодотгосон тайланг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн зөвлөл баталсан. Харин энэ долоо хоногт хоёр талаас Оюутолгойн эрчим хүчний хангамжийн асуудлыг эцэслэхээр байгаа. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Оюутолгойн нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах үүргээ хэрэгжүүлье. Үүнд хоёр хувилбар байгаа. Уг хоёр хувилбарыг Риотинтогийн төлөөллүүдэд өгсөн байгаа. Ирэх 7 хоногт бас тодорхой асуудлуудыг ярина. Хэлэлцээр урт удаан хугацаанд явагдана. Оюутолгойтой холбоотой маргаан Лондонгийн Арбитрын шүүхэд байгаа. Үүнд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаж, нэхэмжлэгч нь Оюутолгой ХХК. Татварын ногдуулалттай холбоотой маргаан бий. 2021 онд Монгол Улсын Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Оюутолгойн ТУЗ өнөөдөр хуралдахаар төлөвлөсөн. Хуралд нийт 9 хүн оролцоно. Монголын Засгийн газрын 34 хувийг төлөөлж, Н.Багабанди, Г.Баясгалан, н.Ган-Очир гэсэн Удирдах зөвлөлийн гишүүд оролцоно. Хурлаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах зардлыг батлах шаардлагатай байна гэдэг хүсэлт ирүүлсэн. Харин бид ТУЗ-өөрөө асуудлаараа шийдэх нь зөв гэсэн хариу өгсөн байгаа" гэв.