Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтаа ирэх сарын 1-ээс эхлүүлэхээр болжээ. Энэ жилийн тухайд нийслэлд борлуулалтын 600 цэг ажиллаж түлш худалдаалах бөгөөд эхний ээлжинд 200 цэгээр дамжуулан борлуулах аж.
Түлшний борлуулалт эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн гэр хорооллын бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг түлш худалдан авах эрхийн “Сайн” картаа баталгаажуулж, өрхийн бүртгэлдээ бүртгүүлэх хэрэгтэй аж. Тодруулбал, Засгийн газраас 2021-2022 оны галлагааны улиралд “Нэг өрх- нэг карт” зарчмыг баримталж, сайжруулсан түлшний борлуулалтыг хийхийг Тавантолгой түлш ХХК-нд үүрэг болгосон юм. Тиймээс айл өрхүүд гэртээ байгаа картаа өрхийнхөө бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай.
Хэрэв бүртгэлгүй карттай бол танд түлш олгохгүй гэдгийг ч албаныхан хэлж байна. Тиймээс Тавантолгой түлш ХХК-ийн 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ ХҮТ-ийн салбарын хаяг байршлийн мэдээллийг авч картаа баталгаажуулах юм. Шинээр карт авах бол 10 дугаар сарын 1-ээс эхлэн олгож эхлэх аж.