АИ-95 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 2550-2650 төгрөг буюу 100 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, “Петровис” шатахуун түгээх станцад 2650 төгрөгийн үнэтэй байгаа бол “Сод Монгол” ШТС-д 2550 үнэтэй худалдаж байна. Ийнхүү шатахууны үнэ энэ сард гурван удаа өсөж байгаа юм.
Өнгөрсөн Мягмар гарагт АМГТГ-аас мэдээлэл хийх үеэр улсын хэмжээнд А95 шатахууны 19 хоногийн нөөц байгааг мэдээлж байсан. Ингэхдээ шатахууны татан авалт үргэлжилж байгаа тул одоогоор нөөц хомсдох асуудал гарахгүй, үнэ ч нэмэгдэхгүй гэсэн юм. Тэгвэл А95 шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн асуудлыг АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад "Үнэ нэмсэн талаар манайд одоогоор мэдээлэл ирээгүй. Хэрвээ шатахуун импортлогч компаниуд үнэ нэмсэн нь тодорхой болвол тухайн компаниудад мэдэгдэл хүргүүлж, үнийг хуучин хэвэнд нь оруулах чиглэлээр сануулга өгч ажиллана. Ингэхдээ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн бол гэрээнд заасан заалтын дагуу сануулга өгөх, цаашилбал тусгай эрхийн зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна.
Шатахууны нөөц тасалдана гэх асуудал байхгүй. Компаниудын нөөцийг жил бүр Засгийн газраас тогтоож, баталдаг. Өнгөрсөн 2020 оны 131 дугаар тогтоолоор 2021 оны компаниудын нөөцийг баталсан байдаг. Гэрээнд дурьдагдсаны дагуу импортлогчоос шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлс гэж бий. Үүнд, байгаль орчин, ус цаг уур, нийлүүлэгч талаас нийлүүлэлтээ багасгах гэх мэт зүйлүүд багтдаг. Тэгэхээр хамгийн энгийнээр ойлгоход, тодорхой хэмжээнд нөөц багасаж байгаа. Гэхдээ импортлогч нар БНХАУ, ОХУ-аас шатахууны татан авалтаа хийж байгаа цагт тасалдал үүсэх, нөөц дуусах асуудал гарахгүй" гэлээ.