Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энхсайхан: Бөөгнөрөл үүсгэж, халдвар хамгааллын дэглэмээ барихгүй бол мутаци хувилбарууд гарч ирсээр л байна

Ангилал
COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
8 минут 52 секунд

No description available.

Коронавируст халдварын дельта хувилбар дотоодод тархсанаас хойшхи хугацаанд өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэж, эрүүл мэндийн салбар төдийгүй ард иргэдийг "сандаргаж" эхэлсэн. Энэ үед халдвараас хамгаалах гарцыг III тун хэмээн найдлага тавих хүмүүс ч олонтаа. Тэгвэл шинээр үүсч буй мутацууд вакцинжуулалтын үр нөлөөнд нөлөөлөл үзүүлэх эсэх, коронавируст халдварын үеийн эмчилгээ зэргийн талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай ярилцлаа.

-Улсын хэмжээнд дархлаа сэргээн тунг хийж эхэлсэн. Дархлаажуулалтын ажлын явц ямар түвшинд байна вэ?

-Одоогоор дархлаажуулалтад нийт хүн амын 69 хувь нь I тун, 65.1 хувь нь II тундаа хамрагдсан байна. 12-оос дээш насны бүлгийн хамрагдалт 69 хувьтай. Нэмэлт дархлаа сэргээх тунд одоогийн байдлаар 212 мянга гаруй хүн хамрагдсан байна. III тунд эхэндээ 55-аас дээш насны, архаг суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулж байсан бол саяхнаас 18-аас дээш насны бүх иргэд хамрагдах бүрэн боломжтой болсон. Хамрагдалтын байдал харьцангуй идэвхтэй байна.

Дархлаа сэргээх тунг хийж эхэлсэн нь дельта хувилбарын тархалттай холбоотой. III тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүй. Есдүгээр сард найр наадам их болдог. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж найр наадмыг энэ жилдээ тэмдэглэхгүй байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, халдварын тохиолдлын тоог аль болох бууруулахын төлөө хамтдаа хичээх шаардлагатай.

-Вакцинжуулалт түүний үр нөлөөллөөр хүн амын дунд сүргийн дархлаа үүсэх ёстой. Гэтэл коронавируст халдварын олон мутаци хувилбарууд гарч ирж байгаа нь вакцинжуулалтын үр нөлөөг багасгах болов уу гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна?

-Цар тахлын үеийг "том" зургаар нь харвал, хариу арга хэмжээ хэд хэдэн зүйл дээр төвлөрөх ёстой. ЭМЯ, эмнэлгийн ажилчид, ард иргэд нөгөөтээгүүр бусад салбарын хамтын ажиллагаа. Эрүүл мэндийн салбарын зүгээс тандалт, шинжилгээ, вакцинжуулалт, ковидын болон ковидын бус үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Засгийн газар нь эдийн засаг, эрүүл мэндийг бодлогоор дэмжиж ажиллаж байгаа шүү дээ. Харин ард иргэдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ сахиж, амьдралаа цар тахлын үед ч хэвийн үргэлжлүүлэхийн тулд хичээж байгааг бид мэднэ.

Хүний бөөгнөрөл үүсгэж, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй тохиолдолд халдварын шинэ хувилбарууд гарч ирсээр л байх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтад дельта хувилбар нөлөөтэй. Халдвараас бүрэн хамгаалахгүй байж магадгүй. Гэхдээ нас баралт, хүндрэлээс хамгаалж байна. Гэхдээ нөлөөллийг нь сайжруулахын тулд аль болох хүний бөөгнөрөл бага үүсгэх хэрэгтэй. Олон хүн халдварт өртөх тусам бусад хүний биед байгаа вирусийн мутаци хувилбар нэмэгдэнэ. Олон мутаци гарах нь вакцины үр нөлөө буурах магадлалыг нэмэгдүүлнэ. Вакцины үр нөлөөг сайн хадгалахын тулд халдварын тохиолдлын тоог барих шаардлагатай.

-Боловсролын салбарын үйл ажиллагаа эхэлж танхимын сургалт эхэлсэн. Хичээл, сургууль эхлэхээс өмнө оюутны дотуур байрыг эрсдэл өндөртэй байгаа албаныхан онцолж байсан. Ер нь оюутны дотуур байруудад ямар зөвлөмж, чиглэлийг өгч байгаа вэ?

-Оюутны дотуур байр, цэргийн анги, асрамжийн газрууд нь хаалттай, битүү орчин. Нойл, шүршүүр нь цуг байрладаг учраас гол асуудал байгаад байна. Тэгэхээр оюутны дотуур байранд амьдарч буй оюутан залууст унтахдаа хөл, толгой зарчмыг баримтлах, халдвар хамгааллын дэглэмийг өндөр хариуцлагатай барих тал дээр зөвлөж байгаа. Дотуур байранд хамгийн их хүн хүрдэг хэсэг бол угаалтуур, ариун цэврийн өрөө, гал тогооны эд хэрэгсэл. Гар хүрч буй газруудыг байнга арчиж, цэвэрлэх дэглэм чухал.

-ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр ойрын хавьталд шинж тэмдэг илэрсэн бол ПСР шинжилгээ өгүүлэхгүйгээр эмчилгээг эхлүүлэх боломжтой хэмээн мэдээлж байсан. Гэтэл бодит байдал дээр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмчилгээ бичүүлж авахын тулд шинжилгээний хариугаа авч ирэх шаардлагыг тавьж байгааг иргэд мэдээлж байна. Энэ тал дээр яамнаас ямар зохицуулалт хийсэн юм бэ?

-Дельта хувилбарын үед эмнэлзүйн шинж тэмдэг нь харьцангуй тод илэрч байгаа. Томуу, томуу төст өвчний үед бид заавал шинжилгээ өгөхгүйгээр эмчилгээнүүдээ хийгээд явдаг шүү дээ. Түүнтэй адилаар ойрын хавьтал шинж тэмдэг илэрсэн бол эмчдээ хандаад эмчилгээгээ бичүүлэх боломжтой гэсэн байдлаар хэлсэн. Өөрөөр хэлбэл, эмчилгээ үйлчилгээний хоцрогдлыг багасгана гэсэн үг. ПСР, түргэвчилсэн шинжилгээ өгч цаг алдахгүйгээр эмчилгээг хурдан эхлэх гэсэн санаа юм.

Томуу, томуу төст өвчин 11-2 дугаар сард? илүү голлодог. Харин одоогийн нөхцөлд дельта хувилбарын тархалт голлож байгаа учраас эмнэлзүйн шинж тэмдэг дээр тулгуурлан оношийг тогтоож, хожимдолгүйгээр эмчилгээг эхлүүлэхийн тулд ийм зөвлөмж өгсөн. Энэ тал дээр өрхийн эрүүл мэндийн төвүүд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартайгаа хамтарч ажиллаж байна.

-Зарим өрхийн эрүүл мэндийн төвүүд эмийн багц олгохгүй байна гэх асуудал их хөндөгдөх болсон. Эмийн багцын олголт хэвээрээ юу?

-Гэрээр эмчлүүлж буй хүмүүст өрхийн эрүүл мэндийн төвөөс нь эмийн багцыг олгож байгаа. Багцууд нь өрхийн эрүүл мэндийн төвөөсөө шалтгаалаад өөр өөр байгаа учраас ийм асуудал гарч байх талтай. Уг асуудалд ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газраас зөвлөгөө, чиглэлүүдийг өгч ажиллаж байгаа.

-Эрүүл мэндийн салбар коронавируст халдварын гурав дахь давлагаанд хэр бэлтгэлтэй байв?

-Дельта хувилбарын тархалтаас сэргийлж, долдугаар сараас эхлэн ард иргэдэд ухуулга, сурталчилгааг хийж байсан. Эмнэлгүүдэд эмийн хангалтыг хийгээд явж байгаа. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдсээр байна. Хүний нөөцийн бэлэн байдлыг хангах чиглэлээр ЭМЯ-ны төрийн захиргааны байгууллага ажиллаж байгаа.

-"Спутник" вакцины хоёр тунтай иргэд бүүстер тундаа ямар вакцин хийлгэх вэ?

-"Спутник" вакцины хоёр тунтай иргэд II тунгаас хойш гурван сарын хугацаа өнгөрсөн бол Файзер аль эсвэл Синофарм вакцинаас сонгож хийлгэж болно.

-ХӨСҮТ-өөс оройн 22 цагаас хойш хөл хорио тогтоох саналыг УОК-д хүргүүлээд байна. Эрүүл Мэндийн Яамны зүгээс уг саналд ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнээд үзвэл Монгол улсын хэмжээнд нийт сэхээний орын ихэнхийг хүнд хэлбэрийн хэвтэн эмчлүүлж буй хүмүүс эзэлж байгаа. 22 цагаас хойш гэртээ байх, амрах, шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг руу болон хот дотор зорчихгүй байх, оройн 20 цагаас хойш нэг дор 5-аас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, найр наадам хийхгүй байх хэрэгтэй байна шүү дээ. Хэдхэн хүний жаргал цэнгэлийн төлөө бусад эрсдэлт бүлгийн хүмүүс халдварт өртөж байна. Тиймээс эрсдэлт бүлгийн хүн амаа хамгаалахын тулд 22 цагаас хойш үйлчилгээний газруудыг ажиллуулахгүй байх хүсэлтийг ЭМЯ-ны зүгээс уламжилсан.

Ц.Янжиндулам

Маргааш Улаанбаатарт өдөртөө 20-22 хэмийн дулаан
Маргааш Улаанбаатарт өдөртөө 20-22 хэмийн дулаан
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.