Шинэхэн дүрэмт хувцсаа өмсөж, үсээ мөлчийтөл самнасан хүүхдүүд эрдмийн өргөө рүүгээ баяр хөөр дүүрэн алхаж байгаа энэ өглөө бол 9 сарын 1-ний өглөө юм. Сурагч бяцхан жаалуудыг гэрээсээ гарахад нь хайртай дотны аав ээж нь, цүнх дүүрэн итгэл найдвар, баяр хөөр аз жаргалыг дүүртэл нь хийж, халуун үнсэлтээр мялаагаад гаргасан энэ л өглөө дэндүү сайхан. Хоёр жилийн хугацаанд аюулт цар тахлын улмаас хичээл сургуульдаа танхимаар сууж чадаагүй сурагчдын хувьд найз нөхөдтэйгөө уулзах гэгээн тэмүүлэл нь яаран яаран алхахад хүргэсэн биз ээ.
Хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ өглөө их хотын хөл хөдөлгөөн нэмэгдэж, хүүхэд багачуудад хүндэтгэл үзүүлэн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар гэрлээ асаан хөдөлгөөнд оролцож байна Хүүхдээ хөтөлсөн хүмүүс гудамж талбайгаар яаран өнгөрч байгаа цаг мөчтэй зэрэгцэн бид цахимаар хичээлдээ сууж байгаа "Нэгдүгээр" сургуулийн Ч.Чагцал багштай хоёрдугаар ангийн сурагч М.Мандуултай уулзаж ярилцсан юм. Биднийг 07.30 минутанд гэрт нь ороход М.Мандуул аль хэдийн босчихсон дүрэмт хувцсаа өмсөн хичээлээ үзэхээр нөөтбүүкнийхээ урд сууж байлаа. Хичээл эхлэхийн өмнө унтлагын өрөөнд унтаж буй дүүгээ үнсчихээд “Ах нь хичээлээ хийчихээд дүүтэйгээ тоглоно оо” гэх түүний нүднээс хайр цацарч байсан юм.
Тэрбээр “Би бага байхаасаа л инженер болно гэж боддог. Ханиад хүрсэн учраас хичээлдээ танхимаар сууж чадахгүй байна. Найзууддаа ханиад хүргэж болохгүй шүү дээ. Ангийнхаа найзуудыг маш их санаж байна. Ананд, Эрхэс, Энхмөнх гурвыг санаж байна. Эрхэс бол миний анд. Багшийгаа ч гэсэн санаж байна. Манай ангийн багш манай ээжийн багш байсан. Зургийн хичээл болон математикийн хичээлдээ дуртай бас хүрдээ түрүүлээд сурсан.
-Би та нарт уншиж үзүүлье.
-Чихрийг хэзээ хаана юунаас гаргаж авсан нь их сонин. Чихрийг одоогоос мянга гаруй жилийн өмнө Перс улсад анх үйлдвэрлэжээ “ хэмээн уншиж өгсөн юм.
Хичээлдээ явах нь яагаад гоё байдаг вэ хэмээн асуухад
Модон дээр авирах нь гоё байдаг гэж хариулж байгаа хүүгийн хүсэл биелэж, Монголын нэрийг дэлхийд гаргасан инженер болох биз ээ.
М.Мандуул хүүг цахимаар хичээлээ хийж байх хооронд түүний дүү М.Мандах нойрноосоо сэрэн өрөөнөөсөө гарч ирсэн юм. Таван настай М.Мандах “Би том болоод нисдэг тэрэгчин болно, миний ах хичээлээ хийгээд сууж байгаа нь гоё байна. Гэхдээ ахыгаа хичээлээ хийгээд дуустал нь хүлээсний дараа тоголно гэхээр муухай байна. Би 20 хүртэл тоолж чадна. Ханиаднаас болоод цэцэрлэгтээ явж чадахгүй байна” хэмээлээ.
Нялх үрсийн нүднээс гэрэл гэгээ, сурах мэдэхийн их хүсэл гэрэлтэж байхад ирээдүйд бидний хөгжил цэцэглэлт тэгш дүүрэн байх биз ээ. Энхрий бяцхан сурагчид эрдэмд шамдаж буй оюутан залуусдаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.