Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төсвийн нийт орлогын 82 хувийг татвараар бүрдүүлж байна

Огноо
Унших
3 минут 29 секунд

УИХ-аас энэ онд баталсан Татварын багц хуулийн шинэчлэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Татварын хуулийн шинэчилэн найруулгаар ААН-ийн борлуулалтын орлогоос хамаарч татварын хувь хэмжээг шатлалтай тогтоож өгсөн юм. Жишээ нь, жилд 300 сая төгрөгийн ашигтай ажилласан ААН Орлогын албан татварыг нэг хувиар төлнө. Татвар төлөгч ААН-үүдийн 70 хувь нь энэ ангилалд багтаж байгаа тул шинэчилсэн хуулийн үр шим, өгөөжийг олон ААН үзнэ гэж татварын байгууллагаас мэдэгдэж байна. Тодруулбал, жижиг болон дунд татвар төлөгч ААН-үүдийн хувьд төлөх татварын хэмжээ 10-аас нэг хувь болон буурч байгаа нь бичил бизнес эрхлэгч нарт татварын дарамт учрахгүй байх боломж гэж үзэж байна.

Дээр нь том татвар төлөгч ААН-үүд нь өмнө 3 тэрбум төгрөгөөс дээш ашгаасаа 25 хувийн татвар төлдөг байсан бол одоо дээрх босго хязгаарыг 6 тэрбум төгрөг болгон өсгөөд байна. “Нэг ёсондоо татвар төлөгч нэг ААН ойролцоогоор 450 сая төгрөгийг буцаагаад хөрөнгө оруулах, эргэлтийн хөрөнгөтэй болох боломжийг олгож, татварын ачааллыг бууруулж байна” гэж Татварын ерөнхий газрын Удирлага, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Энхжавхлан мэдэгдэж байна.

Татварын байгууллага Татварын ерөнхий хуульд заасны дагуу энэ жилээс эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж эхэлж буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, татвараас зайлсхийж буй, эрсдэлтэй байгаа татвар төлөгчдийг онилж ажиллахаа мэдэгдэж байна. Тэрээр, “Бид татвараа үнэн зөв, шударгаар төлж буй иргэн, ААН, байгууллагыг шалгаж, үйл ажиллагаанд нь саад хийж, хөндлөнгөөс оролцох байдал байхгүй болж байгаа. Татвар буурч, хөнгөлөлт боломж ирж байгаагийн хэрээр компани ААН, байгууллагууд татвараа үнэн зөв, шударгаар төлөхийг Татварын байгууллагаас уриалж байна” гэсэн юм.

Ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх татварын хуулийн шинэчлэл нь татвар төлөгчид рүү илүү хандсан, ээлтэй, эдийн засаг, бизнесийг дэмжих, хуулиар ногдуулсан татвараа бүрэн хурааж авах, шударга татвар төлөгчдөө дэмжих зорилгоор хийснийг мэдэгдэж байна.

Зах зээлд шилжих, 1990-ээд оны эхээр шинээр бий болж байсан ААН-ийн болон Хувь хүний орлогын албан татвар нь нийт татварын 40-50 хувийг бүрдүүлж байсан бол өнөөдөр дээрх төрлийн татварууд нийт татварын орлогын 20 орчим хувийг эзэлж, харин татварын нийт орлогын гуравны нэгийг НӨАТ дангаар бүрдүүлж байна. Улсын хэмжээнд нийт төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор бүрдүүлдэг юм.

Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар ТЕГ-т болсон уулзалт дээр судлаач, мэргэжилтнүүд хэлэхдээ, татварын шинэчлэл хийхээс өмнө манайд татварын хуулийн ойлгомжгүй, эсвэл давхацсан, уялдаа холбоогүй байдал нөлөөлж ирснийг онцолж байлаа.

Толгойт, Баянхошуу орчимд агаар хамгийн бохирдолтой байна
Толгойт, Баянхошуу орчимд агаар хамгийн бохирдолтой байна
 
Д.Энхтүвшин: Төсвийн зардалтай холбоотойгоор тодорхой үр дүн гарч байна. Гэхдээ бидний санасан хэмжээнд хүрсэнгүй
Д.Энхтүвшин: Төсвийн зардалтай холбоотойгоор тодорхой үр дүн гарч байна. Гэхдээ бидний санасан хэмжээнд хүрсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.