Өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны 16.00 цагт 7-10 насны эгч дүү хоёр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Улаан чулуутын эцэст амьдардаг ойролцоох дэлгүүр орохоор гараад сураггүй байгаа талаар цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл тус хоёр охидын ар гэртэй холбогдож тодорхой мэдээллийг авлаа.
-Хоёр охиноос нь сураг ажиг гарч байна уу?
-Өглөөнөөс хойш хүмүүс хоёр охиныг маань энд тэнд явж байна гэж их мэдээлэл өгч байна. Дөнгөж сая аравдугаар хорооллын Номин супермаркетийн орчимд төөрсөн байдалтай хоёр хүүхэд явж байхаар нь нэг настай эгч ус, печень өгөөд салсан талаар мэдээлэл ирлээ. Нөгөө ус, печень өгсөн хүн нь "сураггүй алга болоод хайж байгаа хүүхдүүд" гэдгийг мэдээгүй байж байгаад фэйсбүүкээс хараад бидэн рүү холбогдож байна гэж хэлсэн.
-Алга болсон хоёр охины толгойд нь уут углаад авч явж буй бичлэг камерт үлдсэн байна гэх мэдээлэл гарлаа. Та бүхэнд ийм мэдээлэл ирсэн үү. Камерын бичлэг шүүж үзсэн үү?
-Тийм мэдээлэл бидэнд ирээгүй. Хамгийн сүүлд 10 дугаар хорооллын орчимд явж байна гэх мэдээлэл ирсэн учраас бид одоо тийшээ явж байна.
-Ойр орчмын хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн үү. Ер нь цагдаагийн байгууллагаас хамтран эрлийн ажиллагааг явуулж байна уу?
-Цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайж байна. Дөнгөж сая цагдаагийн байгууллага руу шинэ ирсэн мэдээллээ залгаж хэлсэн. Тэгэхэд цагдаагийнхан түрүүлээд 10 дугаар хороолол руу очиж байя гэсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагынхан тэр орчимд бүхэлд нь самналт хийж байна гэсэн.
-Ямартай ч хоёр охин нь цугтаа яваа юм байна, тийм үү?
-Тийм ээ. Цугтаа л яваа юм шиг байна.
-10 дугаар хороололд явж байгаа гэх мэдээллийг нягтлахад гэрээсээ гарахдаа өмссөн хувцас, ерөнхий төрх байдал нь тохирч байна уу?
-Яг таарч байна лээ. Гэрээс өмсөж гарсан хувцас зэрэг нь тохирсон.
-Тодорхой мэдээллүүдийг иргэдэд хүргэсэн нь зөв болов уу. Өчигдөр гэрээсээ гарахдаа хажуу талын дэлгүүр орно гэж гарсан гэсэн?
-Гэрийн хажуу талын дэлгүүр гарна гэж гарсан. Орсон дэлгүүрт нь авна гэсэн тараг нь байхгүй учраас өөр дэлгүүр рүү явсан байгаад л автобусанд суучихсан байна лээ. Автобусанд сууж байгааг нь камерын бичлэг дээрээс харагдсан. Ойр хавийн дэлгүүрийн камер шалгасан учраас л хот руу орсон гэдгийг нь мэдсэн. Түүнээс биш охид маань жаахан учраас хотын төв рүү хоёулхнаа орохгүй гэж бодоод бид өчигдөр шөнөжингөө гэрийнхээ ойр хавиар хайсан.
-Суусан автобусны чиглэлийг нь харсан уу?
-Москва хороолол орох автобусанд л суусан байсан. Москва хорооллоосоо буцаж гэр лүүгээ явах гэж унаанд суухдаа төөрсөн юм болов уу л гэж таамаглаж байна.
-10 настай охин нь газар хэр мэддэг вэ?
-Өмнө нь сургуулиасаа Москва хороолол руу явах замыг л мэддэг байсан. Москва хорооллоос цааших замыг мэдэхгүй. Бусдаар арван настай хүүхэд газар гадарлана гэж хэцүү шүү дээ.
-Охидуудын нас нь хэд вэ?
-Том охин 10 настай. Бага нь 7 настай байгаа.
-Алга болох үедээ ямар хувцастай явсан талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Том охин бор ноосон цамц, бүдэг яагаан өмдтэй байсан. Харин бага охин биеийн тамирын улаан хослол, ягаан тавчиктай гарсан.