Израилд “COVID-19” халдварын тохиолдлын тоо саяхнаас эрс нэмэгдэх болсонтой холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг лхагва гаргаас чангатгаж буйг тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Тодруулбал, битүү орчин, хүн ихтэй газруудад орохдоо үзүүлж буй коронавирусээр халдварлаад эдгэрсэн, вакцин хийлгэсэн эсэхээ нотлох ногоон паспортыг ихэнх салбарт нэвтрүүлэхээр болжээ.
Ингэснээр зоогийн газар, кафе, бялдаржуулах төв, соёлын үйл ажиллагаанд очихдоо үзүүлэхийг хэдийнээ шаардаж эхлээд байсан уг бичиг баримтыг усан бассейн, музей, номын сан, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байгалийн дурсгалт газруудад шалгуулах шаардлагатай болж байна.
Харин вакцин хийлгээгүй, халдвар аваагүй хүмүүсийн хувьд тэдгээр газар луу нэвтрэхдээ коронавирусний шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагатай юм.
Тухайлбал, “COVID-19”-ийн вакцин хийлгэх насанд хүрээгүй буюу 3-12 насны хүүхдүүд 72 цагийн хугацаанд хүчинтэй “PCR” шинжилгээ, 24 цаг хүчинтэй эсрэгтөрөгчийн шинжилгээ үнэгүй өгөх боломжтой бол вакцинд хамрагдаагүй, халдвар аваагүй 12-оос дээш насныхны хувьд өөрсдийн зардлаар түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагатай.
Ногоон паспортыг худалдааны төвүүд, гадаа худалдаа эрхэлдэг газрууд зэрэг бусад томоохон дэлгүүрүүдэд шаардахгүй. Харин түүний оронд нил ягаан өнгийн тэмдэглэгээ байрлуулах бөгөөд энэ нь амны хаалт зүүх, зай барих гэх мэт бусад халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх шаардлагатайг харуулна.
Үүний зэрэгцээ улсын хэмжээнд битүү орчинд 1000 хүн, задгай талбайд 5000 хүн цугларах хязгаарлалт тогтоосон бол хувийн байшинд 50 хүртэлх хүн, гадаа талбайд 100 хүн нэг дор цугларах боломжтой болжээ.