"Токио-2020" зуны XXXII олимпод оролцсон шигшээ багийн тамирчид эх орондоо дөнөж сая газардлаа. Шигшээ багийн тамирчид дундаа чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид болон дасгалжуулагчидаас гадна МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирсэн юм.
Энэ үеэр олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жинд оролцож хүрэл медаль хүртэснээр олимп, дэлхийн хос медальтан болсон ОУХМ Б.Болортуяа өөрийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрбээр "Сэтгэгдэл маш өндөр байна. Олимпын дэвжээ бол тийм амар зүйл биш. Шилдэг 16 тамирчин барилддаг учраас муу тамирчин гэж байхгүй. Сэтгэл зүйгээ маш өндөр төвшинд бэлдсэн. Багш нар маань хүртэл итгэж, урмын үгиийг хайрлаж байсан учраас тэтгэгдэж, дэвжээн дээр гарч барилдсан.
Дэвжээнээс бууж ирчихээд олимпын медальтан болсон гэдэгтээ итгэж чадахгүй байсан. Барилдахаас өмнө багштайгаа утсаар байнга холбогдож, тактикаа ярилцсан. Багш нар маань надад үнэтэй зөвлөгөөг өгсөн. Есөн тамирчин олимпын эрх авч очсон. Бүгдээрээ олимпын медаль авах боломж байсан хэдий ч хожигдол хүлээж байсан. Хүлээлттэй байсан медалийг авсандаа баяртай байгаа.
Би унаган Нисэхийн хүүхэд. Ховд аймгийн Булган сумаас нийслэлд шилжиж ирээд 10 гаруй жил амьдарч байгаа. Буянт-Ухаа спорт ордон руу бэлтгэл очиж хийхийн тулд автобусны мөнгөгүй үед найзуудтайгаа нийлж алхдаг байсан.
Чөлөөт бөх гэдэг нь чөлөөтэй барилдахын илэрхийлэл. Авхаалж, самбаатай, хурдтай хүчтэй байхыг шаарддаг спорт. Дэвжээн дээр зургаан минут л барилдана. Өдөрт хоёр цаг гаруй бэлтгэл хийдэг бол дэвжээн дээрх зургаан минутыг үр дүнтэй, хэзээ ч харамсахааргүй бүх зүйлээ дайчилж барилдах ёстой байдаг. Зургаан минутыг дуусан дуустал өөртөө байгаа бүх нөөц бололцоогоо ашиглаад, тэвчээртэй, тэмцэлтэй байгаарай гэж дүү нартаа хэлье.
МУГТ н.Бэхбаяр ахаас үлгэр дууриалал авдаг. Эмэгтэй тамирчдаас МУГТ Бурмаа, Насанбурмаа эгч нараас үлгэр дууриалал үргэлж авдаг байгаа.
Тамирчин хүний зорилго дуусашгүй. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, дараагийн олимпт амжилттай сайн барилдах болно.
Багш нар маань хүртэл дараагийн барилдаан байгаа. Сэтгэлээр унаж болохгүй. Алдаанаасаа суралцаж, маргаашийн барилдаандаа төвлөрөхийг багш нар маань зөвлөсөн. Ер нь л багш нар маань сэтгэлээр унах боломж олгоогүй.
Одоо гэрийнхэнтэйгээ хамт байж, амрахыг маш их хүсч байна. Цар тахлын хэцүү нөхцөлд бэлтгэлээс бэлтгэлийн хооронд яваад гэртээ ч байж амжилгүй тэмцээндээ явсан. Бэлтгэл сайтай хүний сэтгэл зүй өндөр байдаг. Бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд тултал хийж чадсан учраас сэтгэл зүй өндөр байсан.
Тэмдэглэл бичиж, ойрын болон хэтийн зорилгоо тэмдэглэдэг байсан. Зорилгодоо, мөрөөдөлдөө ойртож байгаад баяртай байна" гэлээ.