Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буга хамгаалагч оюутан С.Чулуунцэцэг: Гэмтчихсэн байсан 10 бугын илийг олж, хүүхэд шигээ хайрлаж “өсгөж“ байна

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 34 секунд

Өмнөговь аймгийн Булган сумын "Хөөрхөн дэвсэг" хийдэд Бугын 10 илийг нутагшуулж байгаа ХААИС-ийн оюутан С.Чулуунцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Хустайн байгалийн цогцолбор газраас зургадугаар сарын 5-ны өдрөөс ил буюу бугын төлийг барьж, тэжээн гардан ажилласан байна. 10 илийг барихад долоо нь ам, хүйс, туурайн салаандаа өттэй ирсэн хэдий ч цэвэрлэж шархыг нь эмчилж аварчээ. Хэрвээ С.Чулуунцэцэг авраагүй бол амьд үлдэх чадваргүй өтөндөө баригдаж үхэлд хүрэх байсан юм. Ил нутагшуулах энэ ажил нь бугын тоо толгойг өсгөж үржүүлэх, авран хамгаалах ажил билээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу та манай уншигчдад өөрйигөө танилцуулна уу?

-Намайг С.Чулуунцэцэг гэдэг. Байгальд хайртай учраас есдүгээр ангиасаа хойш байгаль хамгаалагч болно гэж зорин, зорилгодоо хүрэхийн тулд явж байна. ХААИС-ийн Байгаль орчны нөхөн сэргээлт мэргэжлээр суралцдаг. Одоо дөрөвдүгээр курсын оюутан. Намайг байгаль хамгаалагч болно гэхэд манай аав ээж их дэмжиж байсан. Чи л өөрөө дуртай бол хичээх хэрэгтэй гэж хэлсэн, би өөрөө бодож байгаад энэ мэргэжил надаа тохирсон гэж бодоод сонгосон юм. Дипломынхоо ажлыг ч гэсэн Өмнөговь аймагт ил нутагшуулах гэсэн сэдвээр бичнэ.

-Хэзээнээс бугын илий тэжээж, говийн аймагт нутагшуулах ажлыг эхэлсэн бэ?

-Зургаан сард хустайн нуруунаас 10 бугын илийтэй ирсэн. 10 илийгээ хүүхэд шигээ л хайрлахаар хүмүүс намайг шоолдог /инээв/. “Чи чинь бугатай ярьдаг болчихсон юм уу, Бугын хэл сурчихсан байна” гээд л явуулдаг юм. Буганууд намайг хаана явна дагаад л явдаг. Одоо л жаахан биеэ дааж байна.

-Бугын илийнүүдийн тань өсөлт бойжилт хэр байна вэ?

-Өсөлт бойжилтийн хувьд хэвийн байна. Анх зургадугаар сард авснаас хойш 20 гаран см өссөн байна. Одоо илийнүүд том болоод 250-300 кг болох байх тэр үед эрхлүүлэхэд хэцүү болох байх даа. Хэдэн илийндээ маш их дассан байна. Хичээл орохоор орхиж явна гэж бодохоор уйлчих гээд байдаг шүү.

-Байгальд нь хэзээ тавих вэ?

-Би сүүнээс нь гаргачихаад л явна. Өвөлдөө өвс тэжээлээ ирж иддэг болгож сургахгүй бол санаа зовоод байж сууж чадахгүй байх аа. Дараа жилээс л байгальдаа зэрлэг бэлчих байх даа.

-Илиинүүд нь хүнтэй адил зан авир гаргах тохиолдол байдаг уу?

-Илийнүүд минь их гомдомхой амьтад, тоохгүй бол гэрэвшээд зугтаагаад байдаг, яг л хүүхэд шиг. Сүүгээ ууж сурснуудад нь түрүүлж сүү өгчихөөд сураагүйнүүдэд нь өгч байхад ахиж уух гээд нудраад байдаг. Тэр үед сүүгээ уусан байж цаашаа яв гэхээр ирэхээ байгаад гомдоод хэвтчихдэг. Тэр үедээ хөөрхөн харцаар эргэж хараад хэвтээд байдаг юм. Араас нь очоод тэврээд “Чи гомдчихсон юм уу намайг уучлаарай” гэхээр гомдохоо больчихдог.

-Таны хувьд байгаль, амьтантай ойр байж эхэлснээс хойш ямар өөрчлөлт гарсан бэ?

-Иймэрхүү ажил хийж байгаа хүний хувьд зан авир их өөрчлөгддөг. Би эршүүд, айлын бага учраас хүн эрхлүүлж үзээгүй. Гэтэл одоо энэ хэдийгээ эрхлүүлээд сүйд болдог болсон. Одоо сүүний цаг нь болсон шүү гээд л эрхлүүлээд хэлээ зажлаад байхаар хүмүүс их гайхдаг наадуул чинь ойлгодог юм уу гээд л тоглодог.

-Та илийнүүддээ нэр өгсөн үү?

-Согооноо, Хур, Бүргэд, Хүннү, Хонгороо, Цүндээк, Янзага, Зузу, 5жи, Хөөрхөнөө гэсэн нэрнүүдийг өгсөн.

-Илийнүүд нь ямар сүү уудаг вэ?

-Илийнүүд үнээний түүхий сүү уудаг. Хүмүүс ирэхдээ сүү авч ирж өгдөг. Өмнөговьд анх удаа ийм илийнүүд ирсэн болохоор хүмүүс их сонирхож ирдэг. Зарим хүмүүс тэрийг чинь хармаар байна гэж загнадаг. Манай нутагт ирчихээд үзүүлсэнгүй гэж уурлах нь ч бий. Гэхдээ тийм хүмүүс цөөхөн байдаг . Хичээл танхимаар орвол хотруу явах байх. Орхиж явмааргүй л байна.

-Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Амралт болгоноор энэ хэдийгээ эргэж ирнэ. Төгсөөд энэ талын судалгаага үргэлжлүүлнэ. Хавар мэнд орсон уу, өсөлт нь ямар байна гээд л судална даа. Анх говьд ирж байгаа нялх амьтад болохоор их л хайрлах хэрэгтэй дээ.

Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 27 хэм дулаан байна
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.