Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхэдтэйгээ харилцдаггүй, ярилцдаггүй байдал нь гэмт хэрэг үйлдэх эрсдэлд оруулж байгааг ухамсарладаггүй“

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
7 минут 35 секунд

Сүүлийн үед хүүхэд холбогдон шалгагдах гэмт хэргүүд шил шилээ даран гарах боллоо. Үүнтэй холбогдуулан насанд хүрээгүй хүүхэд холбогдсон гэмт хэргийн гаралт хэр байгаа талаар ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Золжаргалаас тодрууллаа.

-Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн гаралт хэр байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2021 оны эхний долоон сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 296 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 хэргээр буюу 11.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Дээрх 296 гэмт хэрэгт нийт 343 хүүхэд холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 буюу 15.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлт буурсан нь дүн мэдээнээс ажиглагдаж байгаа.

-Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг үйлдэж, холбогдох нь элбэг байна вэ?

-Насанд хүрээгүй хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн дийлэнхийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг эхний долоон сарын байдлаар 79 бүртгэгдсэн. Уг үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар буурсан байгаа юм.

Мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нэлээдгүй их бүртгэгддэг. Тэр дундаа /энэ оны эхний 7 сарын байдлаар/ хулгайлах хэрэг 73, залилах 4, дээрэмдэх гэмт хэрэг 90 бүртгэгдсэн. Үүнээс дээрэмдэх гэмт хэрэг 11.3 дахин өссөн.

-Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийг насны төвшингөөр авч үзвэл ямар үзүүлэлттэй байгаа вэ. Ер нь эмэгтэй хүүхдүүд хэр их холбогддог талаар мэдээлэл өгөөч. Мөн нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдэх тохиолдол гараад байх шиг байна?

-Насанд хүрээгүй холбогдогчдын 23 буюу 6.7 хувь нь эмэгтэй бол үлдсэн 93.3 хувь нь эрэгтэй хүүхдүүд үйлдсэн байдаг. Харин насны төвшингөөр нь авч үзвэл, 16-17 насны эрэгтэй 214, эмэгтэй 17, 15 хүртэлх насны эрэгтэй 106, эмэгтэй 6 гэсэн үзүүлэлттэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн 254 буюу 85.8 хувь нь хөнгөн, 142 буюу 42.2 хувь нь хүнд гэмт хэрэг эзэлсэн. Үүнээс 72 хувь нь нийслэлд, 18 хувь нь орон нутагт бүртгэгдсэн.

-Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаа нь олон нийтийн санааг зовоосон асуудлын нэг болж байна. Ер нь хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх болсон цаад шалтгаан, нөхцөл нь юунаас хамаарч байна гэж үзэх вэ?

-Хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн цаад шалтгаанд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхэд эдийн засгийн хувьд бусдаас хараат байдаг. Хараат байдал нь хоол хүнс, хувцас хунар, орон байрны хэрэгцээг багтаан үзэж болно. Тухайн хэрэгцээг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжих үүрэгтэй нэгэн хангах ёстой боловч боломжгүй нөхцөл байдлаас үүдэн гэмт хэрэг үйлдэх шалтгаан бүрдэж байна.

Мөн насанд хүрээгүй хүүхдүүд сэтгэл зүйн хувьд бүрэн гүйцэд төлөвшөөгүй буюу ертөнцийг үзэх үзэл нь тогтворжоогүй байдаг. Нөгөө талаас хүүхэд гэдэг өөрийг нь хүрээлж байгаа гэр бүл, найз нөхөд, мөн ойр дотнын хэн нэгний нөлөөнд автах нь амархан. Түүнчлэн гэр бүлийн орчны таагүй нөлөөллөөс архи дарс хэрэглэх, мансуурах, донтолт зэрэгт амархан өдөөгдөж сөрөг зан төлөвтэй болох, гэмт хэрэгт өртөх цаашилбал үйлдэх шалтгаан болж байдаг. Ер нь эцэг, эхийн хараа хяналт сул, хүүхэдтэйгээ харьцдаггүй, ярилцдаггүй байдал нь тухайн хүүхдийг ямар нэгэн эрсдэлд орох үр дагаврыг үүсгэж байдаг гэдгийг хүн бүр ухамсарлах хэрэгтэй.

-Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн ар гэрийнхнийг дуудаж уулздаг байх. Ер нь ар гэрийнхний зүгээс ямар юу ярьдаг вэ?

-Гэмт хэрэгт холбогдож буй хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг заавал дуудаж уулздаг. Тэдгээрийг байлцуулан тухайн хэргийг шалгаж, мөрдөх ажиллагааг явуулах хуультай. Эцэг, эхчүүд хүүхэддээ цаг зав гаргаж, анхаарал хандуулаагүйгээс энэ мэт эрсдэлд орсон гэдгийг ухамсарладаггүй. “Би хүүхдээ тэжээхийн тулд мөнгө олох хэрэгтэй, би ажил хийх ёстой” байдлаар үр хүүхдэдээ анхаарал хандуулахаа багасах тал ажиглагддаг. Хараа хяналтгүй орхих нь хүүхдийн хүмүүжил төлөвшил, гэр бүлийн орчинд олж авах хүмүүжил, төлөвшил нь бүрэлдэж чаддаггүй. Энэ байдлаас хүүхэд сошиал орчинийг удаан хугацаагаар ашиглах, шүүлтүүргүйгээр сөрөг мэдээ, мэдээллийг хүлээн авч байна. Энэ нь үр хүүхдийн тань хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлдөг.

-Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх сэдэл, шалтгааныг үзэж харж буй зүйлсээс нь шалтгаалж байна хэмээн иргэд хэлцэх боллоо. Энэ тал дээр?

-Өөрсдөө хүүхдэдээ цаг зав гаргадаггүй, хүмүүжил төлөвшилд нь анхаарал хандуулаагүйгээс цахим орчинд харж үзэж буй зүйлээсээ сэдэл авж байна хэмээн хэтэрхий туйлширч болохгүй болов уу. Ер нь гэмт хэрэгт холбогдож байгаа нь эцэг, эхээс шууд хамааралтай. Эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ цахим хэрэглээнд ч хяналт тавих боломжтой шүү дээ.

-Манай улс хуулиараа 14 хүртэлх насны хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэдэгт иргэд олон талын байр суурь, үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ нь хууль зүйн талаас хэрхэн тайлбарлагдах вэ?

-Эрүүгийн хуулинд тодорхой төрлийн гэмт хэргүүдэд 14-өөс дээш насанд хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Саяхан гарсан 11 настай хүүхдийн хэрэгт хууль, хяналтын байгууллагын хийж буй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй.

Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.