Энэ сарын 2-нд Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг анх удаа газраар тээвэрлэсэн. Тэгвэл олон улс хоорондын ачаа тээвэр төлөвлөсөн хугацаандаа Итали улсад хүрч, тус улсын “Коломбо”, “Фалконери” компани захиалсан ноолуураа хүлээн авсан байна. Монголоос анх удаа газраар тээвэрлэгдсэн ноолуурыг Итали улсын ноос, ноолуурын хамгийн том “Ди-Эс-Ви” гаалийн баталгаат агуулахад хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, ноолуур худалдан авагч Коломбо, Фалконери компани болон Ди-Эс-Ви гаалийн баталгаат агуулахын удирдлага оролцжээ.
“Ханбогд кашмер” компани Итали руу өмнөд хөршөөр дамжуулан 90-100 хоногийн хугацаанд ноолуураа экспортолж байсан бол ийнхүү 20 хоногийн хугацаанд газраар тээвэрлэснээр цаг хугацаа хэмнэсэн гэдгийг онцолжээ. Энэ онд “Ханбогд кашмер” компани “Монголын хаан ширхэгт” гэрчилгээтэй 400 гаруй тонн түүхий ноолуурыг Итали болон Их Британийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад газрын тээврээр нийлүүлэх аж.
Италид хүрсэн 20 тонн ноолуурын 10 тонн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн болохыг гэрчилдэг “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэгтэй.