УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өнөөдөр 479 хүн нас барсан мэдээгээр чуулган эхэлж байна. Нас барсан хүмүүсийн ар гэрт АН болон хувийнхаа зүгээс эмгэнэл илэрхийлж байна. Маш олон хүүхэд өнчирч, маш олон хүн эцэг эхээсээ хагацсан байна. Коронагийн хууль үр дүнгээ өгсөнгүй. Эдийн засаг тэр чигээрээ корона туссан байна. Засаглалын хямрал, засаглал өөрөө корона туссан байна. Та нар ах дүү, хамаатан саднаа албан тушаалд тавихын тулд коронагийн хуулиар далимдуулж маш олон мэргэжлийн хүмүүсийг ажлаас нь халсан байна. Ялангуяа анхан шат, мэргэжлийн байгууллагууд дээр. Мөн коронатай тэмцэхээр зарцуулах төсөл хөтөлбөрүүдийн төсвийг сонгуульдаа ялахад зарцуулсан. Тиймээс өнөөдөр бид ийм байдалд ороод байна"
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ковидын хуулийг үргэлжлүүлж болохгүй. Учир нь Үндсэн хуулийн 19.2-ыг зөрчөөд байна. Тус хуульд онц байдал болон дайны нөхцөл байдалд Үндсэн хуульд зааснаар хүний эрхийн хуулийг хязгаарлаж болно гэж байгаа. Одоо бид зорчих хөдөлгөөн, улс эх орондоо ирэхийг нь хязгаарлах, бизнес эрхлэх, цалин авах гээд хүний эрхийн заалтыг зөрчиж байна. Тиймээс Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Эсвэл онц байдлаа зарла. Үгүй бол гамшгийн хуулиараа яв. Хэрвээ бид Үндсэн хуулиа зөрчдөг бол эрх зүйт төр гэж үгүй болно. Хэдэн хүн дураараа дургидаг төртэй болно. Үүнийгээ зогсоох хэрэгтэй. Төсөв санхүү үнэхээр эмх замбараагүй боллоо. Ирээдүйн өв сан 7 их наяд байх ёстой. Одоо 3 их наяд болсон байна. Үүнийг 2030 он хүртэл зарцуулахгүй гээд хуульчилсан. Одоо даатгалын сан руу орох гэж байна. Энэ ковидын хууль л төсөв санхүүгийн эмх замбараагүй байдлыг бий болгож байна. Тиймээс бусад хуулийн үйлчлэл нь Үндсэн хуулиасаа давчихсан ковидын хуулиа зогсоох хэрэгтэй байна. Энэ бол маш эмх замбараагүй байдлыг бий болгож байна"
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Ковидын нөхцөл байдал хүн байгааг мэдэж байгаа. Хүн болгон л санаа зовж, төр засаг чадах бүхнээ л хийж байх шиг байна. Зөвхөн Архангай аймагт гэхэд нэг өдөр 117 шинэ тохиолдол илэрч байна. Бүх ороо дэлгэчихсэн, эмч эмнэлгийн ажилчид чадлаараа хичээж байна. Дэлхий улс орон анх удаа ийм айхтар цар тахалтай нүүр тулж байна. Дэлхийгээрээ энэ өвчний өмнө цөхөрч байна. Тэгэхээр бид одоо хүндрэлтэй байгаа асуудлаа шийдээд явах уу, эсвэл хууль эрх зүйн зөрчлийн асуудал, мөнгө төгрөг яриад халдвараа улам алдаад суух уу гэдэг асуудалд нүүр туллаа. Хариуцлагын асуудал дараа нь болох байх. Ямар цаг үед, ямар төсөв зарцуулах нь дараа нь болно. Яг өнөөдрийн хүндрэлтэй нөхцөлд жилдээ хуримтлагдаад зарцуулах дуусах ёстой даатгалын сангийн мөнгийг эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулахгүй юундаа дараад байгаа юм бэ. Иргэдийн амь нас хохироод байна. Энэ даатгалын мөнгөө иргэддээ зарцуулаач. Тиймээс энэ хуулийнхаа хугацааг сунгаад хурдан арга хэмжээгээ аваад явах хэрэгтэй байна" гэлээ.