АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британид болж буй “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзах үеэрээ Токиогийн Олимп, Паралимпын наадмыг аюулгүй зохион байгуулах төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Ж.Байден Олимпын наадмыг тамирчид, арын албаны ажилтнууд, үзэгчдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө халдвар хамгаалын шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн зохион байгуулахыг дэмжиж буйгаа С.Ёшихидэтэй бямба гарагт ярилцах үеэрээ илэрхийлснийг Цагаан ордон уламжилсан байна.
Мөн хоёр орны удирдагчид БНХАУ, БНАСАУ-ын талаар болон Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах талаар санал бодлоо солилцсон гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан боловч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, хоёр удирдагчийн харилцан яриа 10 орчим минут үргэлжилжээ.