Энэ мэдээ хуучирсан буюу 2014/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Формула 1 ба Ухаалаг засаглал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 1 секунд

    Ухаалаг засаглалыг албан ёсны зорилгоо болгон зарласан улс бол Монгол л байх. Бусад газар яг ийм ойлголт, томъёолол байхгүй. Байхад ч хэцүү юм. Учир нь ийнхүү зарлаж буй улс өөрийн засаглалын тогтолцоог цаагуураа ухаалаг бус байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг болох юм. Гэтэл засаглал гэдэг бол (ялангуяа ардчилсан журмаар төрийн удирдлага нь бүрддэг орнуудад) ухаалаг л байх учиртай. Засаглал маань аль нам удирдахаасаа үл хамаараад ухаалаг бус байгаад байгаа учраас л аргагүй эрхэнд санаа өгөх гэж сэдсэн манайдаа тохирсон буруу биш санаачилга гэж ойлгож байгаа.

Формула 1 уралдааныг үзсэн сэтгэгдлээс хуваалцвал ийм засаглал байдаг бол Монакод байна гэж хэлмээр байна. Уг нь зүгээр машины л уралдаан. Гэхдээ үүнийг жинхэнэ дэлхийн арга хэмжээ болгож чадсан засагтаа ард иргэд нь ёстой л талархадаг биз.

Энгийн хэдэн тоон үзүүлэлтийг л дурдъя. Яг энэ уралдаан болдог долоо хоногт Монако дахь иргэдийн байрны түрээс зүгээр л тэнгэрт хаддаг юм байна. Уралдааны зам руу харсан цонхтой 3 өрөө байр бол долоо хоногийн 50 мянган ам. доллараар түрээслэгддэг бол яана!!! Бусад байрнууд ийм үнэд хүрдэггүй ч чамлахааргүй үнэд хүрдэг гэнэ. Зочид буудлын өрөөнүүдийн үнэ хоногийн 3-4 мянган евро болдог юм байна. Иймээс бид, жишээлвэл, францын Ницца хотод буухаас өөр сонголтгүй байв. Морьтны хишиг явганд гэхчээр Ницца хотод ч буудлын олдоц хүндэрч, үнэ нь бас жаахан ахиу болчихдог тул францын бизнесүүд ч баяртай байдаг бололтой. Энэ үеэр тэнд замын хажууд уралдааныг харж болох өнцөг бүр үнэ хүрч байна. Хамгийн хямд өнцөг нь 250-300 еврогийн үнэтэй. Үнэтэй суудлуудын дээд хязгаарыг таашгүй. Монакогийн усан зогсоолыг дэлхийн хамгийн үнэтэй зогсоолуудын нэг гэдэг. Үнэтэй завьнуудаа долоо хоногийн 100 мянган ам. доллараар үнэлэж тавьдаг гэж дуулсан. Энэ өдрүүдэд зогсоолын үнэ бас хаддаг биз.

Энэ хэдэн өдөрт Монако бол өдрийн цагаар нэгэн том стадион, үдшийн цагаар нэгэн том шөнийн зугаа цэнгээний клуб болж байна. Үнэтэй завьнууд хувийн “party”-нуудын доргио тайз болох юм. Монакочууд дуу чимээ, шуугианаас даажиад бас ашигаа бодоод бараг бүгд байр юугаа түрээслээд хотоос гарч оддог бололтой. Ингээд хот хэд хоног гадаадынханд “эзлэгдэж” байх юм. Үүний дүнд Монакочууд жилийн нийт орлогын багагүй хувиа энэ хэдхэн өдөрт л олдог байна даа.

Үүнийг ухаалаг засаглал л гэж хэлмээр санагдав.

Жич: яг уралдааныг харин сайн ойлгохгүй юм байна билээ. Сум шиг шунгинаж өнгөрөх машинууд 3 гаруй км замын тойргийг 1 мин 15-25 секундэд л тулж байгаа нь гайхамшигтай. Манайхан түрүүлж ирж буй морийг алсаас дурандаад зүсээр нь таньдаг шиг сонирходог хүмүүс нь аль машинд хэн нь явж байгаа, мөн хэн түрүүлээд байгааг төвөггүй мэддэг юм билээ.

2014 оны 6 сарын 9

 

Социалист удирдагчдын хувь тавилан
Социалист удирдагчдын хувь тавилан
 
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.