Энэ мэдээ хуучирсан буюу 2011/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Социалист удирдагчдын хувь тавилан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 3 секунд

Социалист орнуудын удирдагчдыг адил заяа, ижил хувь тавилан хүлээдэг ажээ. Дэндүү их эрх мэдэл эдэлж, дэндүү муухайгаар хорвоогоос явцгаах хувь тавилан социалист удирдагчдад тохиолдож байна. Эрх мэдлийн халуурал, хязгааргүй сүр хүч нь эцэстээ эмгэнэлээр төгсөнө. Юунд ч дийлдэшгүй, ертөнцийн бүх л юмыг худалдаж авах хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй гэгдэж байсан М.Каддафи амьдралын сүүлийн өдрүүдээ муу усны нүхэнд, Саддам Хусейн нүхэн оромжинд, А.Гитлер бункерт өнгөрүүлжээ.

Ливийн удирдагч М.Каддафийг ард иргэд нь тамлан алж, гудамжаар чирч, хүчирхийлэхийг харсан Египетийн удирдагч Х.Мубарак асгартлаа уйлж, айж сандарсан тухай мэдээлэл зурагтаар гарна. Түүх давтагддаг ажээ. Одоогоос 66 жилийн өмнө Италийн босогчид Б.Муссолиниг нууц амрагийнх нь хамт хөнөөж хөлнөөс нь дүүжилж үзмэр болгосон тухай мэдээг А.Гитлер сонсоод цус харвачих дөхсөн гэдэг. Тэд өөрсдийгөө адилхан хувь заяа, ижил төгсгөл хүлээж байгаагаас айсных биз ээ.

Социализмыг үндэслэгчдийн нэг К.Маркс насан туршдаа ард иргэдийн хүчийг яаж ашиглах тухай бичиж номлосон ч гэсэн өөрөө жирийн ард иргэдтэй уулзах дургүй байжээ. Ард иргэдтэй уулзаж, санал бодлыг сонсох нь зэрэг зиндааг эрхэмлэх түүний хувьд “жижигэрсэн” хэрэг болох байлаа. Түүнээс хойшхи социалист удирдагчид ч гэсэн ард түмнийг дарангуйлж, бүхнийг өөрийнхөөрөө шийдвэрлэж иржээ.

“Дэлхийн ЗХУ” байгуулахыг мөрөөдөж энэ зорилгоороо улс орнуудыг ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд оруулж байсан хүн бол бидний сайн мэдэх В.И.Ленин “багш” билээ. “Бүх дэлхийн коммунист нам” гэгчийг санаачилж явсан тэрбээр үл гүйцэлдэх зүйлсийн төлөө хүн төрөлхтнийг хөлдөө чирч, эцэст нь хамтрагч нартаа хорлогдсон гэгддэг ч үхлийн шалтгаан нь нууц хэвээрээ үлдсэн. Тэр анх Кремльд ирэхдээ бүх хөшөө дурсгалыг сүйтгэх ажлыг удирдсан. Хожим нь буруу замаар будаа тээсэн ард түмэн нь түүний бүх хөшөө дурсгалыг үгүй хийж, шилэн хоргоноос нь гаргах гэж оролдсон. XX зууны түүхийг бичилцэж “Бүх цаг үеийн бүх ард түмний эцэг” И.Сталин Оросын төдийгүй олон сая хүний амь насыг авч одсон тэр хүн зуслангийнхаа байшинд цус харваж, хэнээс ч тусламж авч чадалгүй, өтгөн шингэндээ хутгалдаж өөд болсон. Түүний эхнэр амиа хорлож, хүү нь архинд донтсон гээд дарангуйлагчийн гэр бүлийнхнийг хувь заяа нь шийтгэхээ мартаагүй. “Бүх ард түмний эцэг”-ийг нутаглуулах ажиллагаа Улаан талбайд болж, салах ёс гүйцэтгэх гэсэн ардуудын жагсаалд үй олон хүн гишгэгдэн амиа алдсан. Тэр бас үхэхдээ ч гэсэн олон ард иргэдийн амийг авч явсан юм.

Социалист чиг баримжааг эрхэмлэж, фашизмыг үндэслэж “Италийн бүх хувьсгалч, социалистуудын дүчэ” болж явсан Б.Муссолини мэдрэл муутай эмэгтэйд бас хүүхдэд буудуулж, бөмбөгөнд өртөж, хүнд хутгалуулж үхэл амьдрал сөрсөн олон үйлдэлтэй тулгарч явсан. Тиймээс “Сум шунгинаж л байдаг, агуу дүчэ амьд байж л байдаг” гэж өөрийнхөө тухай ярьж явсан ч гэсэн ард түмнийхээ дунд тагнаж, чагнах, дарамтлах ажиллагааг гааруулсан юм. Энэ ажиллагаандаа таксины жолооч, тогооч, жижүүр, буудлын үйлчлэгч, даргын туслахууд, хамгаалагчид гээд бүх л үйлчилгээний салбарынхныг нууц мэдээлэгчид болгосон. Үр дүнд нь Итали орон айдас хүйдсийн мананд живж, хорих лагериуд хоригдлуудаа багтааж шингээхээ байсан билээ. Билэгдлийн парламентыг хүссэн үедээ тарааж, бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, өөрийн эрх ашигт нийцүүлж хууль дүрмийг өөрчлөн уландаа гишгэж, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа оруулсан хяналтгүй тоглолтыг нь италичууд хүлээн зөвшөөрөөгүй. Ард түмэн хилэгнэл, үзэн ядалт, дарангуйллыг нь тэвчилгүй босч 1943 онд Италийн фашист дэглэм сүйрэн унажээ. Италийн их дарангуйлагч нууц амраг, жолооч нартайгаа зугтаж явахдаа босогчдод баригдаж 1945 онд бүгдээрээ цаазлуулжээ. Ийнхүү эрх мэдэл, хяналтгүй тогтолцоондоо хахаж цацсан XX зууны цуст дарангуйлагчийн амьдрал төгсгөл болж, түүнийг үзэн ядсан ард иргэд нь гудамжаар чирч өс хонзонгоо тайлсан юм. Түүгээр ч зогсохгүй нууц амрагийнх нь цогцостой хамт хөлнөөс нь дүүжилж ард түмэнд үзүүлэн болгож харуулсан. Одоо энэ зураг захын интернэт сайтуудаар дүүрэн бий.

Ард иргэдээ аймшигтайгаар тамлаж, дарангуйлсан А.Гитлерийн амьдралын төгсгөл бас л домог болжээ. Өөрөөсөө өөр удирдагч байхыг зөвшөөрдөггүй тэрбээр бүхний манлайд зогсож, ард иргэдийг тамлан зовоож буй бичлэгүүдийг орой бүр үзэж таашаал авдаг байлаа. Эрх мэдэл, сүр хүчнээсээ ганцаараа кайф авч, хүн төрөлхтөнийг айдаст автуулж, шоронгийн шинэ лагериудыг бүтээн босгохыг хичээж байсан юм. Ард иргэд нь нийслэлээ хамгаалах гэж тэмцэж байхад рейхийн тэргүүн нь амиа хорлох тухай бодож байв. Олон түмний уур хилэн, хүн төрөлхтний эсрэг, үйлдсэн гэмт хэргээсээ айж гэргийдээ хор уулгаж, өөрийгөө буудаж амиа хорлосон түүнийг гэргийнх нь цогцостой хамт шатааж германчууд хорслоо тайлсан.

Социализмыг Румынд цэцэглүүлж байсан их удирдагч Н.Чаушеску ард олноо дарангуйлсныхаа төлөөсөнд гэр бүлээрээ цаазын ял сонссон. Н.Чаушенскуг ард түмэн нь цаазлахдаа “энэрэнгүй” хандаж хоёрхон удаа буудсан бол хахир хатуугаараа зард гарч ард олны уур хилэнг өрдөж байсан эхнэрийг нь үзэн ядсан иргэд 14 удаа бууджээ. Румынчуудын хилэгнэл, ялгуусан социализм ингэж төгссөн билээ.

Камбожийн удирдагч, улаан кхмерүүдийн толгойлогч Пол Пот эх орондоо коммунизмыг байгуулахын төлөө зүтгэж нийт ард иргэдээ “шинэ иргэн”, “уугуул иргэн” хэмээн хоёр хуваан талцуулж, эрх мэдлийн хүчээр тарчлаан зовоосон юм. Энэхүү шударга коммунист хамаатан саднаасаа эхлээд элитүүд, сэхээтнүүд, өөрийн Засгийн газрын сайд нараа ч гэсэн ард түмний дайснаар цоллож хөнөөсөн. Түүний дарангуйлал тогтсон дөрөвхөн жилийн хугацаанд баривчлагдсан, цаазлуулсан, буудуулсан иргэдийн тоо гурван саяыг давж гарчээ. Жилд бараг нэг сая иргэнийг цааш харуулж байж!  Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр ард иргэд нь босч тэрээр эх орноосоо зугтан гарч амжсан юм. Гэвч түүнийг нутаг нэгтнүүд нь баривчлан авчирч насан туршид нь гэрийн хорионд байлгаж байгаад хордуулж хөнөөжээ.

Сүүлийн өдрүүдэд Ливийн удирдагч “Африкийн хаадын хаан” гэж өөрийгөө цоллосон М.Каддафийн эмгэнэлт хувь тавиланг дэлхий дахин харж, сонсож байна. Өөрийн улсаа үүсгэн байгуулж 42 жил удирдсан энэ хүн ард түмнийхээ гарт үхлийн муухайгаар өөд боллоо. Гэхдээ ганцаараа биш хөвгүүд, хүргэнүүдийнхээ хамтаар эмгэнэлтэйгээр явж одов. Уг нь тэрбээр хүн амын 90 хувь нь бичиг үсэг мэддэггүй улсаа улс шиг болгож, нэг хүнд ногдох ДНБ нь 490 ам доллар байсныг 14200 болгож, дэлхийн хамгийн баян орнуудын эгнээнд авчирсан. Бас дэлхийн наймдахь гайхамшиг гэгдэх цэвэр усан санг бий болгож улсынхаа хотуудыг, газар тариаланг усаар бүрэн хангаж цөлд гайхамшгийг бүтээсэн гавъяаг ард түмэн нь үнэлсэнгүй. Энэхүү гавъяаг бүтээхдээ ард иргэдээ шулж мөлжиж, тамлан зовоосон дарангуйллын дэглэм нь илүү харгис, халтай байв. Хамгийн гол нь түүний хөрөнгө мөнгөний хэмжээ, орд харш, тансаг амьдрал бусдыг гайхашруулж байна. АНУ болон Швейцарь дахь гурван дансыг нь битүүмжлэхэд 54 тэрбум ам.долларын хадгаламж илэрсэн тухай шуугив. Монгол улсын бүтэн найман жилийн төсөв гэсэн үг! М.Каддафийн нийт хөрөнгийг 200 гаруй тэрбум ам.доллар гэж хэвлэлүүд таамаглаж байна. Энэ тоон үзүүлэлт түүнийг хэн байсныг гэрчилнэ. Босгож бүтээснээсээ ихийг идэж, завшиж, хадгалж байжээ. Ард түмний уур хилэнг хөдөлгөх, өдөөх нэгэн шалтгаан.

Социалист удирдагчдын нийтлэг хувь тавилан манай улсын тэргүүнийг ч дайрч өнгөрчээ. Монгол төрийг 40 жил удирдсан Ю.Цэдэнбал даргын амьдралын сүүлчийн өдрүүдийг ард түмэн сайн мэднэ. Эрх мэдэл, хайр дурлал нь эмгэнэлд хүргэсэн. Амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг харийн оронд өнгөрүүлж, бүх алдар гавъяаг нь хүчингүй болгож хожим сэргээсэн. Зөвхөн эхнэрийнхээ тэтгэврийн мөнгөөр л өдөр хоногийг өнгөрүүлж байжээ. Энэ үед том хүү нь амиа хорлосон. Ард түмэн арай хатуу хандсан. Бусад орны социалист удирдагчдаас ялгаатай нь тэрбээр ард түмнийхээ хөрөнгөнөөс идэж ууж байсангүй. Хувьдаа улсаас завшсан юм юу ч байгаагүй. Ардчиллын салхи сэвэлзсэн үед түүнийг Монголын бүх хөрөнгийг Москва руу зөөсөн, эхнэр нь хүүхдийн фондын бүх мөнгийг аваад явчихсан, вагон вагоноор эх орныхоо баялгийг аччихсан тухай цуурхал их гарсан. Тиймээс л тухайн үед Ю.Цэдэнбал даргын “Баянгол” зочид буудлын өмнөх гурван  өрөө байранд нь нэгжлэг хийхэд гэрээс нь хуучин хувцаснууд, ханаараа дүүрэн хураасан ном, хэдэн мөнгөн аяганаас өөр юм гараагүй гэдэг. Уг нь тэрбээр шинэ үеийн Монгол улсын хөгжлийн эх суурийг тавьсан, атар газрыг эзэмшүүлсэн, мал аж ахуйг хөгжүүлсэн, хүн ардаа бичиг үсэгтэй, соёлтой боловсролтой болгосон юм.

Социалист удирдагчид бүгд муу хүмүүс байгаагүй. А.Гитлерт, Б.Муссолини, М.Каддафид ч эх орныхоо төлөө хийсэн юм бий. Б.Муссолини гэхэд л үндэсний валютын ханшийг унагахаас сэргийлсэн “Лирийн төлөөх дайн”, газар тариаланг хөгжүүлэх “Буудайн төлөөх дайн”, хүн амыг өсгөх “Хүн амын төлөөх дайн” гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрүүдийнхээ үр дүнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийг адилхан санал өгөх эрхтэй болгож, шинэ үндсэн хуулийг батлуулж, ажлын найман цагтай болгож, мафийг хяналтандаа авч, цалингийн доод хэмжээг тогтоож, тэтгэврийн нас 75 байсныг 55 болгож, зэвсгийн үйлдвэрлэлийг улсын мэдэлд авч, баялгийг тэгш хуваарилахыг санаачилж, олон хүүхэд гаргасан эхчүүдийг урамшуулдаг болсон гээд дурдах юм бий л дээ. А.Гитлер ч гэсэн ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэж, үйлдвэрлэлийг хөгжүүлсэн гээд ярих юм олонтой. Гэхдээ энэхүү сайн үйлсээ дарангуйллаар хэрэгжүүлж, бусдын эрх чөлөөнд халдаж, харгис хатуу дэглэм нь ард олныг сөхрүүлсэн учраас л эмгэнэлтэйгээр төгсдөг байна. Хэмжээлшгүй эрх мэдэл, хэмжээлшгүй их доромжлолыг дагуулж явдаг аж. Ард иргэд социалист удирдагчдынхаа алдаа оноог хууль шүүхээр гэхээсээ илүү сэтгэл хөдлөл, өөрсдийн үнэлэмж, үзэн ядалтаар шүүдэг. Хэтэрхий их эрх мэдэл хэтэрхий их эмгэнэлийг авчирдаг. Хяналтгүй эрх мэдэлд шунан дурлагсад, дарангуйлагчид буух газраа, төгсгөлөө хардаггүй юм байна. Социалист тогтолцоо, хяналтгүй эрх мэдэл, хязгааргүй шунал хүсэл хүнийг хүн биш болгодог юм байна. Эрүүл саруул, нээлттэй, ардчилсан, олон ургальч, хяналттай тогтолцоо хувь хүнийг, лидерийн эрх мэдлийн халуурлыг хязгаарладаг. Ийм хязгаарлалтанд байсан лидерүүд илүү сайхнаар карьераа төгсгөдөг юм байна.

Дэлхийн социалист дэглэм гунигтайгаар төгсөж ардчилал, нээлттэй тогтолцоонд байр сууриа тавьж өгч байна. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир, Венесуэлийн ерөнхийлөгч У.Чавес, Кубын Фидель Кастрог ямархан хувь тавилан хүлээж байгаа бол доо.

 

“Гүтгүүл зүйн” золиос
“Гүтгүүл зүйн” золиос
 
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2011/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.