Энэ мэдээ хуучирсан буюу 2014/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гүтгүүл зүйн” золиос

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 37 секунд

Сонин, Телевизээр хязгаарлагддаг байсан хэрэгслүүдийн үе өнгөрч интернэт, цахим нийтийн сүлжээ зэрэг цоо шинэ эрин эхэлснээр иргэн бүрт сэтгүүлч байх боломж бүрдэв. Улстөрч мэргэжлийг хэн ч эзэмшиж болохтой адил сэтгүүлчийн ажлыг хэн ч хийх боломжтой болсон. Хоорондоо хов зөөж, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь бүгдэд нээлттэй. Гэхдээ хэн нэгний нэр хүндийг гутаасан бол түүнийхээ төлөө хариуцлага хүлээх нь бас зайлшгүй. Уламжлалт хэрэгслүүдийн үе өнгөрч сэтгүүл зүйн цоо шинэ хандлага бий болсноор мэргэжлийн сэтгүүлчид иргэн жиргэгчдээс илүү боловсрол, мэдлэг мэдрэмжтэй байх шаардлагын өмнө тулж ирээд байгаа. Ийм ч учраас өдөр тутмын мэдээллийн сайтууд ёс суртахууны хувьд бусаддаа үлгэр дуурайлал үзүүлж байх ёстой. Ардчиллын хоточ нохой нь албатны хоточ нохой болон хувирч, хамжлага ноёныхоо хормойг бүтэн байлгахын төлөө хэнийг урж тасддаг болчихвол чөлөөт нийгэм өөрөө хүчирхийлэлрүү  орно.

    Хүний эрх, эрх чөлөө гээч үнэт зүйлүүд утгагүй болно. Сэтгүүлчдийг нохойд барьдаг мод шигээ ашигладаг эрх мэдэлтнүүд, тэдний өмнөөс юуг бол юуг урж тасдахад бэлэн солиогын нян тээгчдэд цахим ертөнц хязгааргүй боломж олгож байна. Атаархал,  мунхаглалаар хооллогч нийгмийн нэгэн үеийнхнийг тэд тархиныхаа баасаарт тэжээх аж. Юм бүхнийг "новш" болгон бичигчид бусдыг гайхшрал, жигшил, айдсаар байлдан дагуулдаг сайтууд “Сэтгүүлзүйг” “Гүтгүүлзүй” болгон хувиргаж байна. Олон хүн гарчгийг нь шагайж л байвал бусдын нэр хүнд, ирээдүй хувь заяа тэдэнд огт сонин биш бололтой. Хоёр талаасаа бохироо хольдог ийм тогоон дотор хүний эрхийг хамгаалж, хууль ёсыг сахиулах ёстой Цагдаагийнхан өөрсдөө хугталдаж орж ирлээ. Ингэхдээ хорь хүрээгүй жаахан охины ирээдүйгээр тоглох нь тэр.

    Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж тооцох ёсгүй. Энэ бол чөлөөт нийгмийн үнэ цэнэтэй бөгөөд тулгуур зарчмуудын нэг. Харин манай Цагдаагийн байгууллага сэтгүүлчдийг албан тасалгаандаа цуглуулж “энэ хүн ийм хэрэг хийсэн нь тогтоогдсон” гэж завжилдаг болоод удаж байна. Хуулиар яллахаас нь урьтаж, нийгмээр яллуулчихаж байгаа хэлбэр. Нийгмийн сэтгэл зүйгээр яллачихсан хүнийг хуулийн хайчаар хайчилж, эрх чөлөөг нь зөрчиж, нэр хүндийг нь гутааж байхад хэн ч анзаарахгүй бас өмгөөлөхгүй. Ийм гашуун, эмгэнэлтэй жаяг тогтож байхад үнэний дуу хоолойнууд маань үүгээр нь хооллож, нян бактерийг хамтран үржүүлж байгаа нь гутмаар. Жигшил, атаархалаар цангаж байдаг уншигчдаа хооллохын тулд арга буюу түүнийг нь мэдээллэдэг тогтоц бий болж байна.

    Хүний эрхийг хамгаалах ёстой Цагдаагийн байгууллага салбарын сайдаа огцруулахын төлөө өөрийгөө ч бүрэн төлөөлөхөд төлөвшөөгүй жаахан охиныг ашиглаж, түүний хэргийн мэдүүлэг, гэрэл зургийг нь олон нийтэд тараав. Цагдаа дотроосоо дэлгэдэггүй юм бол сэтгүүлчид түүнийг хаанаас олж гаргахав. Илүү зүйл асуухаар "мөрдөн байцаалтын нууц" гээд халгаадаггүй цагдаагийнхан сайдтай холбогдсон гэх охины хэргийн долоон булчирхайг нь дэлгэж тавилаа. Түүнийг нь жигшин, цуурах нохдын хуцалдаан ямар хол цуурайтна вэ. Хүний эрхийг хамгаалах үүрэгтэй Цагдаагийн байгууллага эрх мэдэл, албан тушаалын төлөө хэний ч охины нэр хүндийг золиосонд гаргаж чаддаг болсон байна. Бид ийм цагдаатай явж ирсэн. Үүнийгээ шинэчилж өөрчлөх ёстой гэдгээ энэ явдлаас бас сэхээрмээр.

    Болоод байгаа үйл явдлыг “пүү паа, шонд дүүжил, шоронд хатаа” гэж жигшихээсээ урьтаж асуудлаа ялгаж салгаж ойлгомоор байна. 

       Иргэн Г.Сарангэрэл хар тамхи хэрэглэсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Түүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хар тамхичин, биеэ үнэлэгч гэж хэлж болохгүй. Гэтэл хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байхад түүнийг нь хэвлэлээр нийтлэж, зургийг нь олонд харуулах ажиллагааг Цагдаагийн байгууллага дотроосоо зохион байгуулж байна. Сэжигтэн ч гэсэн нэр хүндээ хамгаалуулах эрхтэй. Хууль зөвхөн гэм бурууд нь ял өгөхөөс гэмт хэрэгтний нэр хүндийг гутааж, гэр бүлийнхнийг хүнд байдал оруулж,  ирээдүйдээ итгэл итгэлийг нь үгүй хийх замаар шийтгэл оногдуулах учиргүй. Хуулийн дагуу хариуцлага байхаас хуулиас гадуур айлгаж, ичээх, жишгүүлэх, ганцаардуулах ажлыг хийж болохгүй. Иргэн охинд хайрлаж явдаг гэр бүлийнхэн, инээж хөхөрдөг найз нөхөд, итгэж хардаг ирээдүй гэж байсан л байхдаа. Гэтэл одоо цахим ертөнцөөр хүний нууц амраг, хар тамхичин, биеэ үнэлэгчээрээ цоллуулж байна. Ийм явдал болсны дараа хэн түүнтэй инээмсэглэн мэндлэх бол, ямар залуу хувь заяагаа холбох бол...

    Хуулийн процесс талаас нь харвал иргэн сайд Х.Тэмүүжин биеэ үнэлэх хэрэгт холбогдсон бол мөн л зохих журмынхаа дагуу хариуцлага хүлээх ёстой. Тэр тусмаа 18 нас хүрээгүй охинтой ёс бус харьцаатай байсан бол энэ нь бүр ч ноцтой асуудал. Ингэсэн тохиолдолд иргэн Г.Сарангэрэл санаатай, санамсаргүйгээс үл хамаарч хохирогч болох хуультай. Хохирогчыг хамгаалах үүргийг хууль сахиулагчид хүлээдэг. Гэтэл хохирогч байж болох хүнийнхээ нэр хүндийг гутаах ажиллагааг хууль сахиулагчид маань хийж орхилоо. Мөн иргэн сайд бээр үнэхээр ийм хэрэгт холбогдсон бол хуулийн байгууллага зохих журмынхаа дагуу мэдүүлэг авч, хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдах ёстой. Хуулийн дагуу асуудал яригдах ёстой болохоос хэвлэлийн хуудсаар хэн нэгнийг гутаах ажиллагааг хийх ёсгүй. Гэтэл сайдтай холбоотойгоор хэрэг үүсгэсэн, шалгаж нягталсан зүйл гэж лав сонсогдсонгүй. Иргэн Г.Сарангэрлийг хоригдож байхад нь албан тушаалаа ашиглаж суллуулсан бол мөн л гэмт хэрэг. Гэтэл ийм зүйл боллоо гэж шалгасан зүйл алга. “Тэмүүжинтэй хуурга” идэхийг тэчьяадан хүсч байгаа тэд өчүүхэн барьц байхад л энэ ажлыг гал маналзуулан хийх учиртай даа.

    Ийм энгийн зүйлийг эргэцүүлээд бодмоор. Ингэж эргэцүүлэх ухамсар, мэдрэмж, ёс суртахуунгүй ухвар мөчтүүд шударга, сайн сэтгүүлчдийн нийгэмд бүтээсэн үнэтэй бүхнийг хулгайлж, салбараа гутаадаг.  Өтсөн сэгийг нь өлөн ноход шиг булаалдан зулгаах тэднээс болж "Сэтгүүлзүй" "гүтгүүлзүй" болж байгаа нь харамсалтай. Дөрөвдэхь засаглагчийн дүрдээ итгэчихсэн тэд хэнийг ч яаж ч айлгаж ичээж болно гээд бодчихсон. “Эрх” гэж богинхон үгийг л тайлахаас “ёс суртахуун” гэж холбоо үг уншихад үсгийн мэдлэг нь дутна. Буудалд унтаж буй хосуудын хөнжлийг сөхөж, бааранд бүжиглэж яваа залуусыг архичин, янхан гэж ичээдэг ийм сэтгүүлчид бол манай салбарт бугласан хорт хавдар. "Тархиараа баагчид". Ийм царцаануудыг хол дэвхрүүлэх нь эцэстээ нийгэмд л хортой.

                                       Г.Мөнхсүх. 2014 он

 

Б.Отгонболд “Токио-2020” олимпод оролцох эрхээ авлаа
Б.Отгонболд “Токио-2020” олимпод оролцох эрхээ авлаа
 
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх хурал болж байна
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх хурал болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.