Олон улсын ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулж буй "Ой тогтоолтын дэлхийн аварга" шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Жухай хотод энэ сарын 28-наас 12 дугаар сарын 1-нд, Үхань хотод 12 дугаар сарын 4-8-нд тус тус болно.
Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун ухааны академийн 10-20 насны 16 тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт оролцохоор БНХАУ-ыг зорилоо. Манай оюуны спортын тамирчид 56, 57 дахь олон улсын тэмцээндээ ийнхүү оролцох гэж буй юм.
Тэмцээнд 20 орны 500 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулна.
Өнгөрсөн 9 жилийн хугацаанд манай баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг оронд болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын оюуны спортын 55 тэмцээнээс нийт 1004 медаль хүртэж бүх насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.