“Ай Фай” продакшн, “Номадиа пикчерс”, Японы “Магнетайз инк” продакшнтай хамтран бүтээсэн “Хөх тэнгэрийн хязгаарт” кино олон улсын фестивалаас хоёр шагнал хүртжээ.
Тодруулбал, тус киноны уран бүтээлчид 68 дахь жилдээ болж буй “International Film Festival Mannheim-Heidelberg” фестивалд “Talent awards” буюу нийт оролцсон 50 киноноос шилдэг уран бүтээлийн шагналыг хүртжээ. Мөн мэргэжлийн кино шүүмжлэгчдийн нэрэмжит шагналын эзэн болсон байна.
Энэ тухайгаа тус киноны зохиолч, жүжигчин Б.Амарсайхан “Миний зүгээс олон улсын мэргэжлийн кино шүүмжлэгчдээс энэ шагналыг хүртэж, үнэлэгдэж чадсандаа онцгойлон баяртай байна. Хамтдаа киног маань бүтээлцсэн бүх багийнхандаа хамгийн том баяр хүргэе. Кино зохиолын минь потенциальд итгэж, дэлгэцнээ амилуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн продюсерийн баг “Номадиа пикчерс”, П.Эрхэмбулган нартаа талархлаа” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Дашрамд дурдахад, тус кино нь эл фестивалийн нээлтийн киногоор шалгарсан юм. “Мөнх тэнгэрийн хязгаарт” киноны зураг авалтын 80 хувь нь Монголд, үлдсэн нь Японд хийгдсэн юм байна.