Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: МОНГОЛРОСЦВЕТМЕТ ТӨҮГ ШИЛЭН ДАНСАА ХЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?

Огноо
Унших
21 минут 8 секунд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудаас Монголросцветмет ТӨҮГ-ыг сонгон авч шилэн дансаа хуульд заасны дагуу бүрэн дүүрэн, ил тод, шуурхай хөтөлж буй эсэхийг нягталлаа. Тус компанийн шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийхээр сонгосон нь шалтгаан нь Монголросцветмет нь шилэн дансаа хамгийн бүрэн дүүрэн хөтөлсөн компани тул дүн шинжилгээ хийх мэдээллийн олдоц болон иж бүрэн байдлын хувьд давуу талтай гэж үзэв. (Энд шаардлагатай мэдээллийг оруулсан эсэхийг л авч үзсэнээс оруулсан мэдээлэл нь стандарт шаардлага хангасан эсэхийг авч үзээгүйг анхаарна уу). Мөн Монголросцветмет нь Монголын томоохон ТӨҮГ-ын хувьд сонирхол татсан бөгөөд 2019 онд л гэхэд улсад 13 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. 

Гэрэл зургийг О.Батболд.

-МОНГОЛРОСЦВЕТМЕТ КОМПАНИ ШИЛЭН ДАНСАА ХӨТӨЛСӨН ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬД ЗӨРЧИЛТЭЙ-

45 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Монголросцветмет компани 2015 оноос хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй явсаар 2019 онд Төрийн Өмчийн Үйлдвэрийн газар болсноосоо хойш Шилэн дансаа тогтмол хөтөлдөг болсныг shilendans.gov.mn-ээс харж болно. 

Тодруулбал, Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар тус компанийг ТӨҮГ болгох шийдвэр гарсан цагаас эхлэн буюу 2019 оны дөрөвдүгээр сараас хойших шилэн дансны мэдээлэл оржээ. Гэтэл Шилэн дансны тухай хуулийн 3.1.3-т зааснаар хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани 2015 оноос эхлэн шилэн дансыг хөтлөх ёстой байсан ч дөрвөн жил хууль хэрэгжүүлэлгүй явж иржээ. 

 

-МОНГОЛРОСЦВЕТМЕТ КОМПАНИ ШИЛЭН ДАНСАА БҮҮРЭН ДҮҮРЭН ХӨТЛӨХГҮЙ БАЙНА-

Монголросцветмет компани төрийн өмчит уул уурхайн бусад компаниудтай харьцуулахад шилэн дансыг харьцангуй сайн хөтөлж байгааг дурдах нь зүйтэй. Гэвч хууль, журамд заасан цөөн мэдээллийг оруулахгүй байсаар байгаа бөгөөд Шилэн дансны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд заасанчлан мэдээллийн иж бүрэн, ойлгомжтой, ач холбогдолтой, тогтмол, шуурхай байх зарчмууд биелэхгүй байх дутагдал мэдээлэлд дүн шинжилгээ үе шатанд маш их гарч байна.  Шилэн дансыг хөтлөх зарчмыг ингэж баталжээ.

4.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
 4.1.1.мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх;
 4.1.2.мэдээлэл ойлгомжтой, ач холбогдолтой байх;
 4.1.3.тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх;
 4.1.4.хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх.

Тухайлбал, Төрийн өмчийн ААН, байгууллагын зорилтот түвшин, гүйцэтгэл хэтрэлт, хэмнэлтийн шалтгаан, тайлбар гэсэн хэсэгт 2019 оны тухайд бүх мэдээллийг оруулсан байна. Гэвч тухайн мэдээллүүдийг ороод үзэхээр нэгдүгээр сарыг эс тооцвол бусад сарын хэмнэлт, хэтрэлт дээр шалтгааныг нь тодорхой бичээгүй байгаа тул хэмнэгдсэн зардлыг юунд зарцуулж, ямар үр ашиг гаргаж байгаа нь тодорхойгүй болж байна. 2020 оны тухайд уг цэс рүү ороход мэдээлэл оруулсан мэт чеклэсэн байгаа ч ороод харахаар “нэмэлт өөрчлөлт ороогүй” гэсэн тайлбар бичсэн нь энгийн иргэдийг төөрөгдүүлэхээр байв. Гэвч эдгээр мэдээллийг оруулах хуулийн заалттай байна. Тодруулбал, “6.1.6.төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг улирал бүр”, Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам-ын  “4.1.2. төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын зорилтот түвшнийг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор, гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтийн шалтгаан, тайлбарын хамт сар, улирал, хагас болон бүтэн жилийн мэдээг дараа сарын 8-ны дотор энэ журмын 17 дугаар хавсралтад заасан маягтын дагуу тус тус цахимаар;” гэсэн заалт биелэхгүй байна. 

2020 онд 2021 оны төсвийн төслөө бүтнээр нь байршуулах ёстой ч уг мэдээллээ өнөөдрийг хүртэл тавиагүй байгаа юм. Энэ нь Шилэн дансны тухай хуулийн “6.1.3.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор” гэснийг зөрчиж байна.

Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэл хэсгийг мөн л бүрэн хөтөлжээ. Харамсалтай нь, Шилэн дансны тухай хуулийн 6.3.7 “хөрөнгө оруулалтын зарлага, санхүүжилтийг төсөл, объект тус бүрээр” гэсэн заалтыг зөрчсөн зөрчсөн байна. Тиймээс тус компанийн хаана, ямар зорилгоор хэрэгжүүлэх ямар төсөлд хэдэн төгрөг зарцуулж байгааг харах боломжгүй байна. 

Шилэн дансны маягтыг бөглөхдөө бичиг хэрэг хөтлөлтийн стандарт, соёлыг баримтлаагүй, тухайлбал, харилцсан аж ахуйн нэгжийн нэрийг олон янзаар бичсэн, дутуу бичсэн зэрэг нь нэг байгууллагыг олон өөр байгууллага мэтээр харагдуулж байв. Мөн гүйлгээний утгыг оруулахдаа адил алдаа түгээмэл гаргажээ. Тухайлбал, 2019 оны 10 сарын 14-нд Бугант нандин ХХК- руу хийсэн 7 сая 560 мянган төгрөгийн гүйлгээний утгыг “10/70 шүд” гэж оруулсан байгаа нь шилэн дансны хэрэглэгчдэд тодорхой бүрэн мэдээлэл олгохгүй байна. 

Монголросцветмет компанийн цахим хуудсыг  үзэхэд мэдээлэл нь мөн дутуу, зөрүүтэй зэрэг дутагдлууд байна. Тухайлбал, тус компанийн сайтад ажилчдын тоог 1205 гэсэн байгаа бол шилэн данс дахь 2020 оны төлөвлөгөөнөөс харахад 2019 онд 1,435, 2020 онд 1,480 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Мөн Охин компаниудын бие даасан шилэн данс байхгүй. Энэ нь Шилэн дансны тухай хуулийн стандартад заасан 5.1.1.шилэн дансны бие даасан цэстэй байх; гэсэн заалт зөрчигдөж байна.

Энэ мэт хуулийн хэрэгжилт дутуу дулимаг байхад хавсаргасан Аудитын тайланг нь нээж үзвэл “Зөрчилгүй” гэж дүгнэжээ.

 

Монголросцветмет компани “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын  хэрэгжилтийг хэрхэн хангаж буйтай танилцана уу.

Тус журмын 4-р зүйлийн 4.1 заалтад “Хуулийн 3.1.1-д заасан төрийн байгууллага, албан газар дараах агуулга бүхий мэдээллийг  дор дурдсан хэлбэрээр тогтоосон хугацаанд нийтэд мэдээлнэ” гэж заасныг дор задалж авч үзэв. 

*Шилэн дансны сайтаас сар сараар харах боломжтой байгаа тул хуулийн хугацааг мөрдөж байгаа эсэхийг нягтлах боломжгүй.

Д/д

Заалт

Бие-лэлт

Хугацааны хоцрогдол

Стандарт нийцэл

4.1.1.

худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг энэ журмын 21 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор, ...

тийм

Хоцрогдолтой

/10 сар/

нийцтэй

4.1.1

...жилийн тайланг энэ журмын 22 дугаар хавсралтад заасан маягтын дагуу дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор тус тус цахимаар;

тийм

хоцрогдолгүй 

нийцтэй

4.1.2.

төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын зорилтот түвшинг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор, ...

үгүй

үнэлэх боломжгүй*

үнэлэх боломжгүй

4.1.2.

… гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтийн шалтгаан, тайлбарын хамт сар, улирал, хагас болон бүтэн жил ийн мэдээг дараа сарын 8-ны дотор энэ журмын 17 дугаар хавсралтад заасан маягтын дагуу тус тус цахимаар;

тийм

хоцрогдолгүй 

нийцгүй

4.1.3.

дараа жилийн зорилтот түвшинг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор PDF форматаар;

тийм

2021 оных хоцрогдолтой

нийцгүй

4.1.4.

тухайн жилийн зорилтот түвшинд орсон нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас хойш 7 хоногийн дотор PDF форматаар;

тийм

үнэлэх боломжгүй*

үнэлэх боломжгүй

4.1.5

хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, концессын зүйлийн жагсаалтыг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны дотор, ...

тийм

хоцрогдолгүй

нийцгүй

4.1.5

… гүйцэтгэлийн сар, улирал, хагас болон бүтэн жилийн мэдээг дараа сарын 8-ны дотор энэ журмын 3 дугаар хавсралтад заасан маягтын дагуу тус тус цахимаар; 

тийм

хоцрогдолгүй

нийцгүй

4.1.6

хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалтын хагас жилийн тайланг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор, … 

тийм

үнэлэх боломжгүй*

үнэлэх боломжгүй

4.1.6

… жилийн тайланг дараа оны 4 дүгээр сарын 25-ны дотор энэ журмын 6 дугаар хавсралтад заасан маягтын дагуу тус тус цахимаар;

тийм

хоцрогдолгүй 

Нийцтэй

4.1.7

хөрөнгийн болон урсгал зардалд тусгасан арга хэмжээний тендерийн ерөнхий мэдээллийг тендерийн хорооны дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор энэ журмын 7 дугаар хавсралтад заасан маягтын дагуу цахимаар;

тийм

үнэлэх боломжгүй*

Нийцтэй 

4.1.8

таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын мэдээг гэрээ, хэлцэл, санхүүжилт өгснөөс хойш 7 хоногийн дотор энэ журмын 8 дугаар хавсралтад заасан маягтын дагуу цахимаар;

тийм

үнэлэх боломжгүй*

нийцтэй

4.1.9

цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ хийгдсэнээс хойш зарлагын гүйлгээ бүрт түүнд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хуулбарын хамт 7 хоногийн дотор энэхүү журмын 9 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу цахимаар;

тийм

үнэлэх боломжгүй*

нийцтэй

4.1.10

зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулсан гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулсан, өр авлага үүсгэсэн аливаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ журмын 10 дугаар хавсралтад заасан маягтын дагуу PDF форматаар;

тийм

үнэлэх боломжгүй*

нийцтэй

4.1.11

хагас жилийн санхүүгийн тайланг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор 

тийм

хоцрогдолгүй

нийцтэй

4.1.11

жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа оны 4 дүгээр сарын 25-ны дотор цахимаар;

тийм

хоцрогдолгүй

нийцтэй

4.1.12

санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг дараа оны 4 дүгээр сарын 25-ны дотор PDF форматаар;

тийм

хоцрогдолгүй

нийцтэй

4.1.13

аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор PDF форматаар;

тийм

хоцрогдолгүй

нийцтэй

4.1.14

тухайн байгууллага хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд орсон өөрчлөлтийг шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор PDF форматаар;

үгүй

үнэлэх боломжгүй*

үнэлэх боломжгүй

4.1.15

худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүн гарснаас хойш 7 хоногийн дотор PDF форматаар;

тийм

үнэлэх боломжгүй*

нийцтэй

4.1.16

байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлтийн сарын тайланг энэ журмын 23 дугаар хавсралтад заасан маягтын дагуу дараа сарын 8-ны дотор цахимаар;

тийм

хоцрогдолгүй

нийцтэй

4.1.17

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдлийг тухай бүр PDF форматаар.

тийм

үнэлэх боломжгүй*

нийцтэй

Монголросцветмет компанийн шилэн дансандаа оруулж буй мэдээлэл нь хэлбэр, хугацааны хувьд 63% нь журмын дагуу нийцтэй, 18% үнэлэх боломжгүй, 18% нь нийцгүй байна. 

 

Монголросцветмет компани Шилэн дансны тухай хуулийн  холбогдох заалтын хэрэгжилтийг хэрхэн хангаж буйтай танилцана уу.

Тус хуулийн 6-р зүйлд Шилэн дансанд оруулах мэдээллийн шаардлагыг дэд заалт тус бүрээр дор задалж авч үзэв. 
 

Д/д

Заалт

Хэрэгжилт

6.1.

Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараах мэдээллийг тогтмол мэдээлнэ:

хангалтгүй

6.1.1.

тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;

хангалттай

6.1.2.

хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор;

хангалтгүй

6.1.3.

дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор;

хангалтгүй

6.1.4.

жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, хагас жилийн тайланг 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

хангалттай

6.1.5.

төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тухайн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор;

хангалттай

6.1.6.

төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг улирал бүр.

хангалтгүй

 6.2.

Энэ хуулийн 6.1.1-д заасан мэдээлэл дараах байдлаар илэрхийлэгдсэн байна:

хангалттай

6.2.1.

эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлт;

хангалттай

6.2.2.

орлого /үндсэн үйл ажиллагааны орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого/

хангалттай

6.2.3.

урсгал зардал /цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, бусад урсгал зардал, хөрөнгийн зардал, татаас шилжүүлэг/

хангалттай

6.2.4.

хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, концессын зүйлийн жагсаалт;

хангалттай

6.2.5.

улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого, тэдгээрийн задаргаа;

хангалттай

6.2.6.

зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр /улсын төсөв, орон нутгийн төсөв, өөрийн орлого/

хангалттай

6.3.

Энэ хуулийн 6.1.2-т заасан мэдээлэл дараах байдлаар илэрхийлэгдсэн байна:

хангалтгүй

6.3.1.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 6.2.1-д тодорхойлсон үзүүлэлт, хүрсэн үр дүн, хэрэгжилтийг хэмжих тоон болон чанарын үзүүлэлт;

хангалттай

6.3.2.

төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт;

хангалттай

6.3.3.

төсөв хэмнэсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарласан тайлбар;

хангалтгүй

6.3.4.

өмнөх оны төсвийн зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогын давсан хэсгийг урамшуулалд зарцуулсан бол зориулалтыг заасан байх;

хангалтгүй

6.3.5.

хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт;

хангалттай

6.3.6.

хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээг тендер зарлаж, сонгон шалгаруулсан бол шалгаруулалтын ерөнхий мэдээлэл;

хангалттай

6.3.7.

хөрөнгө оруулалтын зарлага, санхүүжилтийг төсөл, обьект тус бүрээр;

хангалтгүй

6.3.8.

тусгай сангийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт;

Үнэлэх боломжгүй

6.3.9.

орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл.

Үнэлэх боломжгүй

6.4.

Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага дараах мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлнэ:

Хангалтгүй 

6.4.1.

тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт;

Үнэлэх боломжгүй

6.4.2.

тухайн байгууллагын хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд орсон өөрчлөлт;

хангалтгүй

6.4.3.

тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан;

хангалттай

6.4.4.

таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг;

Хангалттай 

6.4.5.

цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр;

Хангалттай 

6.4.6.

худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүн;

хангалттай

6.4.7.

байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт;

хангалттай

6.4.8.

бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс,төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр;

хангалттай

6.4.9.

хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.

үнэлээгүй

Эндээс дүгнэхэд хэдийгээр Шилэн дансны тухай хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн нь төрийн өмчийг хэрэгжүүлдэг олон компанийн санхүүгийн мэдээллийг нээлттэй болгох боломж бүрдсэн ч бүрэн хэрэгжихгүй, нэгдсэн стандартгүй, мэдээллүүдээ дутуу оруулж байгаа тул хяналтыг илүү сайжруулах шаардлагатай нь ил тод харагдаж байна. Иймд дараах зөвлөмжийг санал болгож байна.

  1. Компаниуд шилэн дансыг хөтлөхдөө мэдээллүүдээ бүрэн гүйцэт, ойлгомжтой, тодорхой мэдээлэх.
  2. Албан хэрэг хөтлөлтийн стандартыг аж ахуйн нэгжүүд шилэн дансны мэдээллийг оруулахдаа мөрдөх, үүнийг хуульд тодорхой зааж өгөх шаардлагатай байна. Харилцсан компанийн албан ёсны нэрийг бичилгүй, өөр өөрөөр бичсэнээс болж харилцагч компани олон болж харагдах асуудал ажиглагдсан. Хувь хүний нэрийг овогтой, овоггүй бичих гэх мэт бүрэн гүйцэт бус мэдээлэл оруулж байгааг нэг стандартад оруулах. 
  3. Компани Шилэн дансны тухай хуулийн  5.1.2 дахь заалт “мэдээлэл татаж авах, хэвлэх боломжтой байх” гэсэн нь сайтар хангагдаагүй. Нээлттэй өгөгдөлд тавигддаг техникийн шаардлагыг өнөө байгаа нөхцөлөөс илүү түвшинд хангуулах. Ингэснээр сэтгүүлчид, олон нийт нээлттэй өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд илүү хялбар, дөхөмтэй болох юм. 
  4. Нээлттэй өгөгдлийн лицензтэй болох. Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай.
  5. Хэрэв нэмэлт өөрчлөлт ороогүй, шинэ мэдээлэл нэмэгдээгүй бол иргэн шилэн дансны цахим хуудаст нэвтрээд харахад мэдээлэл оруулсан мэт зөвлөж харагдаж байгааг болиулах. Энэ нь шилэн дансны сайтын системийн үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай гэсэн үг юм. 
  6. Шилэн дансны сайтын загвар дизайныг сайжруулах. Тухайлбал, мэдээлэл оруулсныг батлах зөвлөмж тэмдэг дээр курсор очиход “энд дарж мэдээллийг үзнэ үү” гэсэн бичиг гардаг болгох. Наад захын энэ мэт загвар дизайны ээлгүй байдлаас болоод энгийн иргэд шилэн дансны мэдээллийг ухаж олж үзэхэд хүндрэлтэй байна. 
  7. Хөрөнгө оруулалт, тендер худалдан авалтын мэдээллүүдийг ойлгомжтой болгож, хуулийн дагуу төсөл, объектын нэр бүрээр тодорхой мэдээлэх, тайлбарыг бүрэн оруулж байх. Үүний тулд маягтын загварыг илүү ойлгомжтой болгож шинэчлэх.
  8. Хөрөнгө оруулалт, тендер худалдан авалтын мэдээллүүдийг www.opendata.tender.gov.mn дээрх мэдээлэлтэй тус бүрчлэн холбож өгдөг болгох. Энэ нь мэдээллийн уялдаа холбоо, ил тод байдал, төрийн байгууллагын нээлттэй өгөгдлийн менежментийг улам бүр сайжруулна. 
  9. Шилэн дансан дахь мэдээллийг өөрчлөхдөө ямар шалтгаанаар ямар албан тушаалтан өөрчилсөн тухай мэдээлэл болон тэмдэглэгээ хийдэг байх. Юуны учраас өөрчлөлт орох болсон талаар тайлбар оруулдаг болгох. 
  10. Шилэн данс хөтлөх явцад мэдээллүүд ийнхүү дутуу дулимаг, бүрхэг байгаа нь хяналт сул байгаатай холбоотой хэмээн үзэж байгаа тул хариуцлагыг сайжруулж, буух эзэнтэй болгох.
 

Энэхүү мэдээллийн дүн шинжилгээг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-өөс хэрэгжүүлсэн "Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийх" төслийн хүрээнд  www.ikon.mn /Р.Оюунцэцэг/, www.ubn.mn /Д.Идэржаргал/, Asia Mining Magazine /Ц.Элбэгсайхан/ гүйцэтгэв. Дүн шинжилгээнд 2021 оны нэгдүгээр сарын 10-наас өмнө шилэн дансанд оруулсан мэдээллийг ашиглав.

Бантан
Бантан
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.