Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бантан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 57 секунд

 

Хурган бантан сайхан. Харин гурилаа бөөндүүлчихвэл түүн шиг хогийн жонхуу байхгүй. Яг ийм бөөгнөрсөн жонхууг АН-ынхан зуурчихаад түүнийгээ залгиж чадахгүй, асгаж ч чадахгүй зэлтэрийн гацаанд оржээ. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар хурган сайхан бантан багсарлаа гэтэл өнөөх нь өтгөрсөөр жонхуу болох нь тэр. Одоо тэр жонхуу нь АН-ын төдийгүй МАН-ын проблем, өөрөө өөрийнхөө ч проблем болчихсон сууна. Өөрөөсөө бусадтай дайсан болсон жонхуу дахин сонгогдохын тулд уйгаржин бичгийн багш болон алиалах. Ордны тайган Зи, Алтантуяа, анх удаа сонгогдсон хэдэн гишүүнээс өөрөөр бол АН-ын товойж торойх лидер түүний дэргэд үлдсэнгүй. Ингэхэд яагаад ийм зүйл болов гэдгийг дөрвөн жилийн өмнөхөөс санах гээд үзье.

2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд АН ялалт байгуулсан. Ингэснээр АН сүүлийн 12 жил Ерөнхийлөгчийн институтийг завсаргүй удирдаж байна. Хэдийгээр эрх баригчид гэгдэж байгаа ч МАН 2005 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаагүй сүүлийн 3 сонгуульд дарааллан өвдөг шороодсон байдаг. Товчхондоо УИХ-ын сонгууль МАН-д ээлтэй харин Ерөнхийлөгчийн сонгуульд АН-д ээлтэй байж ирсэн. Хэдийгээр хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг МАН давуу барьж ирсэн боловч шүүх засаглал, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг сүүлийн 12 жил АН  хянаж, барьж ирсэн. Дээр нь элдэв янзаар хууль санаачилж бэлэг барьсаар нэг мэдэхэд Ерөнхийлөгч 55 албан тушаалтан томилдог, аварга төсөв хөрөнгөтэй, УИХ-д тааллаараа агсардаг, Засгийн газраа дураараа загнадаг дийлдэшгүй дарангуйлагч маягийн албан тушаалтан болж хувирав. “Хүн нь биш систем нь Ерөнхийлөгчийг мангас болгодог” гэж Х.Тэмүүжин хэлсэн нь юутай ортойв. Үе үеийн Ерөнхийлөгч нар эсрэг намаа биш дэвшүүлсэн намаа намнаж сэглэдэг хачин зуршилтай байж ирсэн. Энэ жишгээр мань жонхуу АН-аа намнахаараа нэг боллоо. Жонхуугаас өмнөх Ерөнхийлөгч нар ЗХУ-д боловсрол эзэмшсэн, тэрүүхэн тэндээ бичиг үсэгтэй нөхдүүд байлаа. Харин Жонхуу бол аллага, хүчирхийллээр дүүрэн Италийн мафитай киноны фэн, бүр компаниа мафийн нэрээр нэрлэсэн бүрэн бус дунд боловсролтой нэгэн. Тийм болоод ч тэр үү өмнөх бүх Ерөнхийлөгчийг нийлүүлснээс ч том махны цех ажиллуулсан. Довын өмнө АН-ыг өөрөөс нь өөр хэн ч аврах аргагүй болгохыг зорилоо. Гэтэл дозоо хэтрүүлээд өөрөө ч аврах аргагүй болгож сэглэв. Алтангадас, МҮДН, Шонхор, нэг ардчилал гээд фракц тус бүрийн толгойлогчдыг цехдээ машиндлаа. Оффшорчин, оюутолгойчин, нарийн царигчин, тендерчин, дөчин есчин гээд файзтай ялтнууд хорихоор нэг болов. Цус урсгахыг хувийн хонзонгоор биш тооцооллоор хийх ёстой гэсэн Дон Каралионы афоризмыг жонхуу хэрэгжинэ гэж хэн мэдхэв. Зарим хүмүүс жонхуутай ямар ч асуудалгүй атлаа фракц, найзаа буруу сонгосноос болоод лаазлуулсан нь жонхуугийн цэвэр тооцоолол гэж АН дотор жиг жуг хийх.

“Хувьсгалын дайсан дуусчихвал хувьсгалчдын ээлж эхэлнэ” гэсэн Берагийн хэлсэн үгийг жонхуу хэрэгжүүлнэ гэж бас яаж мэдхэв. Жонхуу нэрлэсэн, зарласан ихэнх дайснаа шоронд илгээж олны хорслыг ундаалсан.  Зохиол ёсоороо амин найз, Эрдэнэ ван, өвгөн баатар гурвыг жигшүүлж, цоллож, яллах ёстой байлаа. Шорон тийш зүглэх авлигчдийн цуваа дуусвал олны анхаарал өөр дээр нь тусахыг тэр сайн мэдэж байгаа. Тийм учраас дараагийн сонгууль хүртэл лаазлах загаснууд ч бэлэн байлаа. Гэтэл тэдэн дундаас орон шоронгоор орж гараад үзчихсэн хашир бүдүүн загас бүлтэрч сугараад санаанд оромгүй тоглолт хийв. АН-ын тамга, гэрчилгээг хуулийн дагуу өөрийн болгох гарцыг урнаар сийлж МАН-д шифи өгөв. Ердөө арваадхан жилийн өмнө Х үсгээрээ тоглуулж ялагдсан МАН-д хариугаа авах сайхан боломж гарч ирэх нь тэр. С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ, тамга тэмдэг нь ч хүчинтэй болж орхилоо. Өнөө маргаашгүй лаазлуулахад ойрхон байсан амин найз, өвгөн баатар нарт аврах завь гараад ирлээ. Бүхий л замналынхаа туршид С.Эрдэнэтэй үргэлж л үзэлцэж ирсэн мань хоёр түүнийхээ хос багана нь болж Жонхууг сөрөн зогслоо. Турж эцсэн АН-ыг нэг их хүч гаргалгүй Ц.Тувааны хашаанд тууж оруулаад байтал Вангийн хошуу салан тусгаарлах нь тэр. Тусгаарлахдаа бүр тамгаа авчихав. Хэдийгээр АН-аас сонгогдсон УИХ-ын бүх гишүүн, ихэнхи аймаг, дүүрэг, сумын намын хороо нь Ц.Тувааны хашаанд байгаа ч тэд нийгэмд огтоос АН гэж харагддаггүй ээ. Албан ёсоор АН-ын 80 хувь нь Ц.Тувааны талд 20 хувь нь С.Эрдэний талд байгаа гэлцэх. Гэтэл нийгэмд С.Эрдэнийн АН 80 хувь, Ц.Тувааны АН 20 хувь танигдсан байдалтай байна. Анх удаа гишүүн болсон Ц.Туваан, мөхөөлдөсний үйлдвэрийн босс, гишүүн О.Цогтгэрэл, Танхимын О.Амартүвшин, дүүргийн даргаас гавиагүй Д.Пүрэвдаваа нарыг АН гэж харах уу? эсвэл ардчиллын хараацай, экс ерөнхий сайд, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, мөн л хараацай, хэд хэдэн удаагийн гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл, луу данстай луйгар намтартай С.Эрдэнэ, АН-аас танигдсан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг Ц.Оюунгэрэл,  алдарт адармаат Л.Гүндалай нарыг АН гэж харах уу? Яаж ч харсан С.Эрдэний талын динозаврууд нийгэмд АН гэж харагдана.Тэднийг лаазалвал тамгаа ч хамт тээрэмдэх аюул нүүрлэсэн учраас эхнээс нь прокуроор цагаатгуулж уулзаа, учраагаа бодож тунгаахад хүрчээ. Гэтэл нөгөө хэд нь давсан болзол тулгаж ацан шалаанд оруулжээ.

 Ийнхүү жонхуугийн махны цех түүхий эдээр тасарлаа. Ядаж явахад яр гэгчээр саяхан л фитнесийн хос байсан хурандаа Ерөнхий сайд нь “фаак юү” гээд ринг дээр өрөлтөө аваад зогсчихов. Хурандаатай нүдэлцэх нь нэгэнт тодорхой байдаг. Гэтэл ринг дээр гартал наана нь бөөн гудамжны зодоон түүнийг отож, элдэв янзаар тамирдуулсаар. Амин найз, өвгөн баатар, ван гурав лаазанд нь багтахгүй болж дайсны цуваа тасарч өөрийнх нь ээлж ирж магадгүй эгзэгтэй байдалд орлоо. Аргаа барахдаа хиамны цехдээ Сү.Батболд мэтийн хэнд ч сонирхолгүй  амбан шар хашчихаад файзлах ажиллагаа эд явагдаж байна. Гэтэл мань хашир шар тийм ч амархан лаазлуулахгүй бололтой. Нэгийгээ үзэлцэж фронтын цохилтыг нэгээр нэмэх нь тэр. Олон фронтоор байлдвал ялагдана гэж Сталины хэлсэн үг жонхуу дээр хэрэгжинэ гэж бас хэн мэдлээ. Жонхуу сайн тактикч боловч муу стратегич ажээ. Одоо түүнтэй Хурандаа, Сү, Эби, Эрдэнэ, Үүл, Ван нараар ахлуулсан АН, МАН-ын фротынхон дайтна. Мөн дээр нь Н.Энхбаяраар ахлуулсан МАХН-ны морит цэргийн хороо багахан ч болтугай дэмжлэг үзүүлэхээр жагсажээ.

Нөгөө талдаа туугдаж яваа Ц.Туваан, эрдэж яваа С.Эрдэнэний тал уулзаж ойлголцохоор хэдэнтээ бүтэлгүйтсэн. Тэдний аль аль нь л жонхууг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх хүсэлтэй. Харин нисч унана уу? Мацаж марна уу? Гэдэг нь хэнд нь ч хамаагүй. Жонхуу ялбал 2024 онд АН-ыг ялуулахын төлөө МАН-ыг машиндах хэрэгтэй. Тэгж байж цаашаа улс төр нь явна. Тийм болохоор АН-аас дахиж хүн лаазлахгүй. Харин ялагдвал Шонхор, Бодь таур нь нийлж байгаад дээрээс нь нурж булаад 2024 оны сонгуульдаа ялахын төлөө урагшилна. Аль ч талаас нь бодсон жонхууг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх нь хоёр АН-д хоёуланд нь ашигтай болжээ. АН-ынхан дотор дийлэнхид нь жонхууг ялагдуулах сонирхол байгаа ч гэлцэх нь бий. Гэтэл жонхууг ялагдуулахын төлөө амин найзтай нь ханисах сонирхол бас байдаггүй. Ц.Элбэгдорж жонхууг зайлуулаад л улс төрөөс буцаад гарчих хүн биш учраас түүнийг гүнзгий оруулах сонирхол АН-ынханд бас байхгүй байгаа ажээ. Товчхондоо сүүлийн хоёр Ерөнхийлөгчийнхөө багсарсан, бантагнуулсан жонхуу нь АН-ыг ийм байдалд оруулжээ. Сүүлийн 12 жил АН-аас сонгогдсон ерөнхийлөгч нар АН-аа л түлхүү самарсаны гор өнөөдөр гарч байна. Хууль хяналтын байгууллагыг цэгцэлж, шударга шүүхийг байгуулж чадаагүйгийнхээ горыг хонгил, 14 нэршилтэй улс төрийн хэргээрээ эдэлж сууна. Ерөнхийлөгчийн суудлын хараал, үйлийн үр гэхээс өөрөөр юу ч гэмээр юм.

Жич: С.Эрдэнийн АН-ын даргаар М.Тулгат, Ц.Тувааны АН-ын даргаар О.Цогтгэрэл сонгогдсон мэдээлэл сошиал ертөнцөөр нэг тарж байна. Гэвч дээд шүүх хэнийг ч бүртгэхгүй бололтой. Дөрөвдүгээр сарын 30 гэхэд намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэх ёстой. АН-ынхан минь болохгүй бол шодчихмоор юм даа. Хаашдаа л хараалаа эдлэхээс хойш хэн ч байсан яалаа.    

 

О.Цагариг

 

Дуучин Бейонсе сая долларын эд зүйлсээ хулгайд алджээ
Дуучин Бейонсе сая долларын эд зүйлсээ хулгайд алджээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.