-Албан ёсоор мэдэгдэж байна. Би энэ компанийн хувьцааг хямд гэж үзэж байгаа учир буцааж авна-
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байгаагаас хувьцаанаас ашиг хийх сонирхолтой хүмүүс нэмэгдэж, тус компанийн хувьцааг олноор худалдан авч байна. Нөгөө талд энэ бол хөөс хэмээн үзэх иргэд ч байна. Энэ талаар “Ард санхүүнийн нэгдэл” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн хэлсэн 13 ишлэлийг хүргэж байна.
- Нэг талаас сэргэх процесс явагдаж байна. Нөгөө талаас дэлхийд технологийн асар том хувьсгал явагдаж байгаа. Уг технологийн хувьсгалд монголчууд оройлж оролцоно гэж би гурван жилийн өмнө зарласан.
- Зайнаас ажиллах боломжтой Amazon, Google зэрэг компаниудын хувьцааг харахаар өндөр өсөлттэй байгаа. Манай компанийг энэ өнцгөөс харах хэрэгтэй. Alibaba хэдэн жилийн өмнө Хятадад шуугиулж өндөр өсөлттэй гарч ирсэн. Түүнтэй ижил зүйл манайд болж байгаа юм. Анх удаа ийм зүйл болж байгаа учир хүмүүс гайхах нь аргагүй.
- Манай компанийн үнэлгээ хэт доогуур байсан. Өнгөрсөн есдүгээр сард 1000 төгрөгөөр зарагдаж байсан бол он дуусахад 1700 болсон. Бид хэт хямд зарж байсан. Одоо ч гэсэн хямд байгаа гэж үздэг.
- Албан ёсоор мэдэгдэж байна. Би энэ компанийн хувьцааг хямд гэж үзэж байгаа учир буцааж авна. Олон улсын практикт ийм байдаг.
- “Ард даатгал”, “Ард кредит”-ийн хувьцаа хэдээр зарагдаж байна гэх зэргээр манай нээлттэй компаниудын өсөлтийг хараарай. Эдгээр компаниудын нийлбэрээс бид бүтэж байгаа шүү дээ. “Ард кредит” гэхэд бид 65-аар авч байсан. Одоо хүмүүс 209-өөр зарна гээд тавчихаж. 177 дээр хүрээд 15 хувьд тулчихсан байна. Үнэлгээ маш сайн өссөн байгаа биз. “Ард даатгал” хамгийн сүүлд 80-аар авч байсан бол одоо 1500 төгрөг байна. Манай үнэлгээнд огт ороогүй олон хүчин зүйлс бий.
- “Булган ундарга” компанийг манайх бүхлээр нь худалдаж аваад байсан бүх биткойноо шилжүүлчихсэн юм. Тэр компани манай үнэлгээнд орж ирээгүй.
- Манай харилцагч нарын тоо он гарсаар нэг саяд хүрч байна. Анх 400-гаас эхэлсэн. Тэгэхээр энэ хүчин зүйл манай компанийн үнэлгээнд нөлөөлж байгаа.
- Кинон дээр хүмүүс олон дэлгэцийн өмнө суучихаад тоо хараад хувьцаа авч, зараад байдаг шүү дээ. Тэр үзэгдэл чинь Монголд ирчихээд байна.
- Бид хүмүүсийн өмнөөс биткойнд хөрөнгө оруулалт хийгээд эрсдэлийг нь удирдаж байна шүү дээ. Өмнө нь хүмүүс өөрсдөө орохоор алдаад байсан. Энэ нь асар том хүлээлтийг үүсгэж байгаа. Хүмүүсийн эрсдэлийг бууруулж өгч байна гэсэн үг. Биткойн, ардкойн, банк руу ч орсон мөнгөө алдах эрсдэлийг нь би биеэрээ хамгаалж орж байна гэсэн үг.
- Сая ардкойн цуглуулчихсан байсан хүн өнөөдөр 280 сая төгрөгтэй болж байгаа юм. 280 дахин өссөн. Манай “Ард даатгал”, “Ард кредит”-ээр орж ирсэн хүмүүс бүгд ашгаа хийж байна.
- Дээр нь бид хувьцаан дээр нь ард койноор хувь тэнцүүлж өгөх эрх зарласан. Нэгж хувьцаа эзэмшиж байгаа хүнд нэг ардкойн өгнө гээд зарлачихсан. Үүнээс хамаарч койн нь өсөөд байхаар хүмүүс хувьцаа авч байна.
- Гадны брокерууд нь орж ирээд хувьцаа авна гэхэд тэдэнд нэг нэгийг өгөөд өсгөж байсан. Манай энэ компани тэрбум төгрөгийн үнэлгээтэй байлаа гэхэд түүнийг 100 руу аваачих ёстой байхгүй юу. 100 дахин өсгөх ёстой. Өсгөе гэхээр тэрийг нь хориглочихсон. Тэгэхээр би арилжаанд орж байгаа байдлаар өдрийн 15 хувийнхаа лимитээр хоёр сар өсгөх хэрэгтэй болсон.
- Цахим түйвээлт явагдаж байна. Би цахим түйвээлт гэдгийг гурван жилийн өмнө өөрөө анх орчуулж гаргаж ирж байсан. Энэ түйвээлтийг эсэргүүцээд нэмэргүй. Монгол Улс гэрэл гэгээтэй ирээдүй рүү гэрлийн хурдаар урагшилж байгаа. Хөрөнгийн зах зээлийн хувьсгал явуулж, Улаанбаатар хот бүс нутгийнхаа санхүүгийн зах зээлийн төв болно.