Коронавирусний вакцинжуулалт эхэлсний дараа Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үүсэж болзошгүй гаж нөлөөний талаар иргэдийн дунд томоохон судалгаа явуулахыг зорьж байна.
Судалгааг ирэх дөрөвдүгээр сард нийгмийн сүлжээгээр явуулж, 3 сая орчим хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Японы Засгийн газрын худалдан авсан гурван вакцин тутмаас нэг сая хүнийг судалгаанд оролцуулна. Үүний дараа цуглуулсан бүх мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шинжээчдийн баг вакцинтай холбоотойгоор бие тавгүйрхэх шинж тэмдгүүд болон бусад шинж тэмдгийн тухай илтгэл бэлтгэх аж.
Японд вакцинжуулалт хоёрдугаар сарын хоёрдугаар хагаст эхлэх төлөвтэй байгаа бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар явуулна. Хамгийн түрүүнд эрүүл мэнд, нийгмийн 4 сая ажилтныг хамруулах бол хоёрдугаар ээлжинд 65-аас дээш насны 36 сая орчим хүн хамрагдана. Үүний дараа архаг хууч өвчтэй 8.2 сая иргэнийг вакцинжуулах бол үлдсэн хүмүүсийг тавдугаар сард хамруулахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн онд Японы эрх баригчид “Pfizer” компаниас гадна, Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna” компаниудтай коронавирусний вакцин худалдан авах гэрээ байгуулжээ.