Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Нэг хүний шинжилгээнд дунджаар 80 гаруй мянган төгрөг зарцуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 1 секунд

ӨЧИГДӨР 48 ХҮН ЭМНЭЛГЭЭС ГАРСНААР ЭДГЭРСЭН ХҮНИЙ ТОО 1,760 БОЛЖЭЭ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарсныг өнөөдөр ХӨСҮТ-ийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Ингэснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдээд буй коронавируст халдварын нийт 2,416 тохиолдлоос 72.8 хувь нь буюу 1,760 хүн эдгэрчээ.

Өнөөдрийн байдлаар 643 хүн эмчлэгдэж байгаа. Үүнээс ХӨСҮТ-д 199 хүн, Цэргийн төв эмнэлэгт 175 хүн, Яармагийн 300 ортой эмнэлэгт 264 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд-2
  • Хүнд-3
  • Хүндэвтэр-77
  • Хөнгөн-561 хүн байгаа юм.

БГД-Т АЖИЛЛАДАГ ИРГЭН ХАЛДВАР АВСАН ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

- БГД-ийн ЗДТГ-т ажилладаг иргэн болон "Оюу толгой" компанийн ажилтан халдвар авсан гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?

- БГД-т ажилладаг иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл. Би халдвар авсан хүмүүсийн ажил, гэр гээд тандалтын мэдээлэл дээр ажилладаг. Тиймээс энэ нь ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

- Халдвар аваад эдгэрч, эмнэлгээс гарсан хүн дахин өвчилсөн тохиолдол байгаа юу?

- Өнөөдрийн байдлаар эдгэрээд гарсан хүмүүсээс дахин халдвар авсан, өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй. Халдвар авсан хүмүүсийн 70 гаруй хувийг эмчилж, гаргаад байгаа. Бид ДЭМБ-ын удирдамжийн дагуу дэлхийн жишиг, стандартаар эмчилгээ хийгээд явж байна.

-"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн тохиолдлуудад ямар нэг шинж тэмдэг, зовуурь байсан уу?

- Энэ халдварт өвчин учраас шинээр илэрч байгаа тохиолдлууд заавал халдвартай хүнтэй ямар нэг байдлаар хавьтал болсон байдаг.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр илэрч байгаа хүмүүс дундаас 7-8 хүнд тодорхой хэмжээнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна.

Өрх бүрээс авч байгаа шинжилгээгээр тохиолдол гарч ирээд байгаагийн шалтгаан нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, өмнө нь батлагдсан тохиолдлууд хавьтлаа хэлэхгүй эсвэл санахгүй байх асуудалтай холбоотой.

-Өдөр бүр 30-50 тохиолдол шинээр илэрч байна. Тэгвэл цаашид эмнэлгийн ор хүрэлцэх үү. Гэрээр эмчлэх боломж байгаа юу?

-Бид коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүст стандартын дагуу дархлаа дэмжих эмчилгээ болон вирусийн эсрэг зэрэг эмчилгээ хийж байгаа. Гэхдээ ямар эмийг эмчилгээнд хэрэглэж байгааг тэр бүр хэлэхгүй. Учир нь хүн бүрийн биеийн онцлог өөр.

Зарим иргэн шинж тэмдэг илрээд байхад дураараа ханиадны эм уугаад өвчнөө хүндрүүлэх асуудал ч бий. Гэрээрээ дур мэдэн эмчилгээ хийж байгаад хүндрээд ХӨСҮТ-д очсон тохиолдол хэд хэд гарсан. Яг одоо биеийн байдал нь хүнд, маш хүнд байгаа хүмүүс гэртээ дур мэдэн янз бүрийн эм уусан байна. Тиймээс эмчилгээнд ямар эм хэрэглэж байгааг зөвлөж болдоггүй талтай.

Цар тахал тодорхой үе шаттай тархдаг. Энэ өвчин нийслэлийн хэмжээнд тархаж, эмнэлгүүд дүүрээд ирвэл бид хавьтлууд болон хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж, эргэлт хийх шатанд очно. Одоогоор Монгол Улсад энэ өвчин тийм хэмжээнд тархаагүй. Бид кластер гарсан өвчлөлийг шат шатандаа хариу арга хэмжээгээ хэрэгжүүлж явж байгаа.

НЭГ ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНД ДУНДЖААР 80 ГАРУЙ МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН

Тэрбээр, "Лабораторийн нөхцөл, тэнд ажиллаж байгаа хүн хүч, урвалж оношлуур, тоног төхөөрөмжөөс шалтгаалаад PCR шинжилгээний зардал харилцан адилгүй байгаа. Нэг хүний шинжилгээнд дунджаар 80 гаруй мянган төгрөг зарцуулсан. 400 гаруй мянган хүн, голомтын ойрын хавьтал, голомтын өргөжүүлсэн тандалт судалгааг хийхэд нөөц хангалттай.

Бид дэлхийн жишиг, лабораторийн зөвлөмжийн дагуу дөрөв, зургаа, наймаар багц багцаар нь шинжилгээ авч байгаа. Ингэхэд зардал адилхан гарна. Дөрвөн хүний шинжилгээ хийх явцад нэг нь эерэг дохио өгөх юм бол тэр шинжилгээг дахин давтаад дөрвүүлэнг нь салгаж явуулах жишээтэй. Тиймээс шинжилгээ буруу зөрүү гарна, зардал нь өөрчлөгдөнө гэдэг ойлголт байхгүй" хэмээлээ.

Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах хугацааг 10 хоногоос хэтрүүлэхгүй
Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах хугацааг 10 хоногоос хэтрүүлэхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.