Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаардаж энэ сарын 25-ны өдрөөс өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар хоёр дахь удаагаа уулзлаа.
Оюутолгой төслөөс Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй байх нөхцөл бүрдсэн тул тус төсөлтэй холбоотой гэрээг өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлж байсан.
ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар, “Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын багийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-нд ажлын багийнхан Рио Тинтой компанийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэ үеэр Дубайн гэрээг цуцлах, 2009 онд анх байгуулсан Үндсэн хөрөнгө оруулалтыг гэрээг сайжруулах бус бүрмөсөн өөрчлөх шаардлага тавьсан. Энэ сарын 18-нд хөрөнгө оруулагч талтай цахим уулзалт хийж, Монголын Засгийн газрын шаардлагыг хүлээж авахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн цуцлах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Тэгэхээр энэ төслийг Монгол Улсад ашигтай болгохын тулд С.Ганбаатар гишүүнтэй хамтран ажиллаж, ажлын багт оруулах болно” хэмээн хэлээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоохыг хүссэн юм.
С.Ганбаатар гишүүн ажлын хэсэгт оруулах саналаа албан бичгээр албажуулсан цагт өлсгөлөнгөө зогсооно хэмээн мэдэгдэж байсан бол саяхан Х.Нямбаатар гишүүн дахин ирж уулзлаа. Тэд нэг цагийн дараа дахин уулзаж, албан бичигт гарын үсэг зурахаар боллоо. С.Ганбаатар гишүүн дөрвөн өдрийн турш Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа бөгөөд эмч нар түүний биеийн байдал сайнгүй байгаа тул албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай гэж үзээд байсан юм.