Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал боллоо гээд сэтгүүлч болсон гэсэн үг биш, Н.Дэмбэрэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 28 секунд

Шинэ оны өмнө МҮОНРТ-ийн ҮЗ-ийг УИХ-аас томилсон. Ингэхдээ нэг нэр дэвшигч нэрээ татсан учраас ҮЗ бүрэн болоогүй байсан. Гэсэн хэдий ч тэд хуралдаж МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хийсэн юм. Энэхүү сонгон шалгаруулалтын өмнө МҮОНРТ-ийн ажилтан, албан хаагчид эсэргүүцлээ илэрхийлж Н.Дэмбэрэлийг томилох гэж жүжиг тавьж байна хэмээн мэдэгдсэн. Гэвч, ҮЗ-ийн эцсийн шийд гарах хүртэл өөр хүн сонгогдох бай гэсэн хүлээлт талаар болж Н.Дэмбэрэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирал болсон. Түүнийг хамт олон нь эсэргүүцэж хүлээж авахгүй байх шалтгаан нь МАН-ын гишүүн, ял шийтгэл эдэлж байсан зэрэг нь Олон нийтийн радио телевизийн хуулинд харшилж байсан явдал билээ. Гэсэн ч тэрбээр томилогдож чадсан.

Өчигдөр орой МҮОНРТ-ээр Ерөнхийлөгч оффшор бүсээс оруулж ирэх мөнгөө өрх бүрд нэг сая төгрөг тараах талаараа ярилцана гэсэн нь үзэгчдийг телевизийн өмнө анхааралтай суух шалтаг болов. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ярилцлага авсан хүн нь МҮОНРТ-ийн шинэхэн захирал Н.Дэмбэрэл байсан. Уг нь МҮОНРТ-д ярилцлагын нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлчид дутагдаж, захирлаараа яриулах хэмжээнд биш. Тэднийг хойш түлхэж, тайзан дээр гарч ирсэн “сайн дурын уран сайханч” тийм ч чадварлаг байж чадсангүй. Түүнд хандаж хэлэхэд, Н.Дэмбэрэл та МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон болохоос сэтгүүлч болчихсон гэсэн үг биш шүү...

Түүний ярилцлагын үеэр асуусан асуултуудад анализ хийсэн юм.

“Өнөөдөр манай 600 ийн студид надтай ярилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгч ирээд байна аа” энэхүү өгүүлбэрт хэлж буй “надтай ярилцахаар” гэх үг нь тухайн зочин нь зорин ирсэн, сэтгүүлч байнгын хөтлөн явуулдаг нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарыг эхлүүлж буй мэт агуулгыг илэрхийлж байна.

ЭХЭН ҮЕИЙН "СҮҮЛИЙН ҮЕД..." АСУУЛТУУД

-Та Сүүлийн үед бол үндэсний бичиг монгол бичгээ заагаад хүмүүсийн сонирхлыг ч нилээд их татаж байх шиг байна. Тэгээд бас энэ чинь хэл ам ч бас дагуулж байна. Тэгээд та өөрөө энийгээ юу гэж бодож байна. Ер нь энэ монгол бичиг заах, хичээл заах ажил таны үндсэн ажил мөн үү. Ерөнхийлөгчийн чинь албан тушаал мөн үү?

Эхний асуулт “Монгол бичгийн хичээл телевизээр зааж буй нь ерөнхийлөгчийн үндсэн ажил мөн үү” гэх асуултыг сул үгээр хачирлан, утга давтан, хоёр удаа шүлсээ залгиж, ёжилсон маягтай инээмсэглэнгээ 50 үгэнд багтаан асуух аж. Энэхүү асуулт нь “Сүүлийн үед” хэмээн эхэлсэн бол дараагийн асуултаа ч энэ үгээр эхлүүлэн асуув. Дараагийн асуулт ерөнхийлөгчийн ярьж буй яриаг шууд таслан “Цар тахлын үеийн эдийн засгийн асуудлыг хэрхэн харж байна вэ” хэмээн үргэлжиллээ. Гэхдээ цар тахлын үеийн дэлхийн эдийн засгийн асуудлыг асуухдаа “бизнесмен байсан хүний хувьд...” хэмээн хачирласан нь бас л тунг нь тааруулаагүй хачир байв.

60 ҮГТЭЙ АСУУЛТ

-Та сая хэллээ. 900 мянган өрхөд одоо ингээд худалдан авалт. ваучераар бол 800 мянган төгрөг, 200 мянган төгрөг бол бэлэн мөнгөөр өгье өө гээд. Гэтэл сангийн сайд хэлээд байгаа шд. Төсөвт мөнгө байхгүй ээ, мөнгө байхгүй ээ. Тэгэхээр зэрэг энийг та өөрөө ер нь. Өчигдөр та УИХ-ын даргад хуулийн төслөө өргөн барьчихна лээ шд, төсөвт мөнгө байхгүй байгаад байгаа байдлыг та хэрхэн шийдвэрлэнэ гэж харж байна вэ?

Энэхүү асуултын эхний өгүүлбэр дээр л алга ташмаар. Ярилцагчийнхаа яриаг анхааралтай сонсч, түүнээс нь иш татан асууж буй агуулгыг “Та сая хэллээ” гэх асуулт агуулж байна. Гэвч өгүүлбэр бүрийн өмнө төгсгөлгүй өгүүлбэр хэлж, сул үг хэл ашигласан нь асуултыг урт, нуршуу болгож байна. Угтаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд оффшор бүсээс оруулж ирсэн мөнгийг өрх бүрд тараана гэх агуулгатай. Үүнийх нь хариуд Сангийн сайд оффшор бүсээс Монгол Улсын төрийн санд нэг ч төгрөг орж ирээгүй гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа. Тиймээс энэ асуулт нь оффшор бүсээс мөнгө хэрхэн оруулж ирэх гээд байгаа талаарх асуулт болж байна. Ерөнхийдөө бол “Та оффшор бүсээс оруулж ирсэн мөнгийг 900 мянган өрхөд тараах тогтоолын төсөл боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан. Гэтэл Сангийн сайд оффшор бүсээс нэг ч төгрөг орж ирээгүй ээ гэсэн байр сууриа илэрхийлээд буй. Таны гарц, гаргалгаа юу вэ” гэх утгатай асуулт гэж “орчуулагдаж” байна.

Ингэж асуултынхаа утгыг бүрэн гаргаагүйгээс дутуу хариулт авч дээр нь нэмж “Эх сурвалжууд бол ийм мөнгө орж ирээгүй, байхгүй гэдэг ийм юм яригдаад байгаа л даа” хэмээн асуулт асуув.

Дараагийн асуултууд өнөөх ярилцагчийнхаа яриаг ойлгож, ухаж асуугаад буй байдлаа үгүйсгэж эхлэх нь тэр. Учир нь,

-Тэгэхээр зэрэг юу л даа, одоо ингээд оффшорт гарсан мөнгөнүүд гээд нууц мөнгөнүүд байгаад байна шд. Тэр мөнгөнүүд орж ирэхээр Монгол банкны дансруу орж ирэх юм байна тийм үү.

-Тэгэхээр Сангийн яам юм хум руу орохгүй нь байна. Тийм үү

-Энэ бол хуулиар нотлогдсоны дараа орж ирэх нь байна.

Гэх зэргээр асуусан нь өмнө ярьсан зүйлийг нь бататгах гэхээсээ илүү ярилцагчийнхаа яриаг ойлгоогүй мэт харагдаж байна.

АСУУХЫН ХҮССЭН АСУУЛТ... 

Н.Дэмбэрэл танд баяр хүргэе. Учир нь, Ерөнхийлөгч оффшор бүсээс мөнгө оруулж ирнэ хэмээн ярьдаг ч өөрийнх нь оффшор бүс дэх компанийг илрүүлсэн баримтууд бий. Үүн дээр түүний байр суурийг сонсох хүсэл олон сэтгүүлчид байсан. Танд энэхүү асуултыг асуух хувь тохиолоо...

Гэвч “ухаж” чадсангүй. Сэтгүүлчид ярилцлагынхаа мөн баримт цуглуулж, түүндээ тулгуурлан асуудаг. Гэтэл Н.Дэмбэрэл “гэсэн” гэх цуу яриатай л орж ирсэн бололтой. “Таны хамаарал бүхий компаниуд данс тооцоогоо устгадаг гэсэн...” гэх асуултдаа “Тийм ээ бид устгадаг...” гэх хариулт авах гэж асуугаагүй байлгүй дээ...

“Хүүхдийн төлөө фондыг таны хамаарал бүхий хүмүүс байгуулж, таныг сонгуулийн пиараа хийлээ гэж хүмүүс ярьж байна. Таныг та юу гэж харж байна вэ” гэх агуулгатай асуултын хариулт “супер”.

Ерөнхийлөгч “Юу гэж харах аа мэдэхгүй байна” гэв.

Яг үнэндээ энэхүү фонд Ерөнхийлөгчийн санаачилсан, Засгийн газар байгуулсан гэх хоёр өөр зүйл мэтээр хүмүүс ойлгоод байгаа. Үүнийг ялгаж салгах, Ерөнхийлөгч үүнд ямар хамааралтай болохыг л тодруулах асуулт асуух нь зүйтэй байв уу даа...

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ГЭСНЭЭС ҮАБЗ ХЭР ЭВ НЭГДЭЛТЭЙ АЖИЛЛАЖ ЧАДАВ АА...

Дараагийн асуулт нь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэснээс хэмээн эхэлж, ҮАБЗ шүүхийнхээ дээр гарсан эрх мэдэлтэй боллоо гэх зэргээр асуухад нь шүүхийн шинэчлэлийн талаарх асуух нь гэсэн хүлээлтэд “ҮАБЗ өнгөрсөн хугацаанд хэр эв нэгдэлтэй ажиллав аа” гэх төгсгөл асаасан гал руугаа ус цацахтай л адил зүйл болов.

“Та Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аасаа дэвших үү” хэмээн асууж хариулт авсан ч дахиад “Та АН-аасаа дэвшинэ биз дээ” хэмээн тулган асуув. Сэтгүүлчид асуултаа бататгах гэж давтаж асуух тохиолдол бий. Асуултаа давтаж асууснаар “ам алдуулах” тактик ч байдаг. Гэхдээ энэ бол зүгээр л ямар ч зорилгогүй давтан асуулт байж чадлаа.

“Шинэ оны босгон дээр олон улс төрч шоронд байна. Эдгээр баривчилгааны ард таныг байна, зохион байгуулалтад нь байна гэсэн иймэрхүү юмнууд яваад байдаг л даа...” гэх “тэнэг” асуулт. Сэтгүүлч “тэнэг” асуулт асуугаад “ухаантай” хариулт авч болдог. Гэхдээ энэ асуулт бол жинхэнэ тэнэг асуулт. Цаашлаад ярилцагчаа ор үндэслэлгүй гүтгэсэн өнгө аясыг илтгэж байна. Түүгээр ч зогсохгүй шүүх засаглал, хууль цагдаагийн алба хаагчдыг нэг хүний үгээр хөдөлдөг мэтээр харж буйгаа илтгэсэн асуулт байлаа.

Төмөр замын хэрэгтэй холбогддог хэмээн эхэлсэн асуултаа “Хэддэх Ерөнхий сайд дээр төмөр зам баригдаж байна вэ” хэмээн дуусгасан нь зөвхөн ямар нэг тоо хэлээд л хариулчих асуулт болж дуусав. “Ерөнхийлөгч 10 жил яригдсан асуудлыг одоогийн Ерөнхий сайд буюу 7 дахь Ерөнхий сайд маш сайн ойлгоод энэ ажлыг хурдтай явуулсан. Нэг жилийн дотор 800 км төмөр замыг барьсан...” гэх зэргээр хариулав.

Төмөр замын асуудал ерөнхийлөгчийн оффшор бүс дэх хөрөнгөтэй холбогддог гэх зэргээр хариултгүй олон асуулт сэтгүүлчдийн халаасанд яваа. Гэтэл тэдгээр асуултаа хариулт авч ч болох боломжтой үед 10 жилийн хугацаанд хэдэн Ерөнхий сайд ажиллаж байгааг Ерөнхийлөгчөөр бодуулах сэтгүүлч байхгүй болов уу гэж найдаж байна.

“160 гаруй орд гэдэг чинь...” хэмээн хөмсгөө атируулан бодлогоширсон байдал үзүүлэн асуух “асуугч”-ийн асуултууд үнэхээр сул, утгагүй, үсчсэн байсныг онцлон хэлье.

ЭЦЭСТ НЬ...

Н.Дэмбэрэл олны танил хүн биш учраас түүнийг сэтгүүлч хэмээн хүлээн авах үзэгч цөөнгүй байгааг шууд дамжуулалтын үерх комментуудаас харж болно. Эцэст нь сэтгүүлчийнхээ хувиар хардаж хэлэхэд, Ерөнхийлөгч өөрийн ярих зүйлээ урьдчилж өгсөн бололтой... Ингэж хардах үндэслэл нь хаа хамаагүй үсчсэн асуултууд, бэлдсэнээ асуух гэж өөр сэдэв, сул үгээр хачир хийсэн асуултууд байлаа.

Н.Дэмбэрэл “сайн дураараа” сэтгүүлч болж жүжиглэж буй нь байж болох хамгийн муу хувилбар байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Энэхүү нэвтрүүлгийн төгсгөлд тэрбээр "Миний бие МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдоод удаагүй байна" хэмээн хэлсэн нь өөрийгөө олны анхааралд оруулж, захирал болсноо тунхаглах гэсэн санаа байв уу гэмээр. 

Нэмж хэлэхэд, Н.Дэмбэрэл гэгч нь мэргэжлийн сэтгүүлч биш гэдгийг энэхүү нийтлэлээрээ дамжуулан уншигчиддаа хэлэхийг хүслээ.

Нийт 86 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ
Нийт 86 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.