
ХСҮТ-ийн Элэг цөс нойр булчирхайн мэс засал, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч Г.Үнэнбаттай робот мэс заслын талаар ярилцлаа. Тэрбээр Монголд зургаан удаагийн робот мэс заслыг багаараа амжилттай хийгээд буй багийн удирдагч юм.
-Монголд робот мэс заслын үйл ажиллагаа нэвтрээд удаагүй байна. Анх хэзээ робот мэс заслыг нэвтрүүлэхээр зорив. Хэзээнээс эхлэл нь тавигдсан ажил юм бэ?
-Анх 2013 онд миний багш Ж.Чинбүрэн эмч тасгийн эрхлэгч байхдаа БНСУ-ын Ёньсе эмнэлэг рүү зургаан сарын сургалтад анхны багаа явуулсан. Явуулахдаа гурван чиглэл өгсөн. Нэгдүгээрт, БНСУ-д нойр булчирхайн мэс засал маш сайн хийж байна. Монгол Улсад яг энэ чиглэлээр хавдрын өвчлөл ихэссэн. Нойр булчирхайн толгойн хэсгийн байрлалын хавдрыг эмчлэгдэх боломжгүй 24 өвчний жагсаалтад Монгол Улс оруулсан. Үүнийг эмчилж чаддаг болох сургалтад суугаад ир. Хоёрдугаарт, хөнөөл багатай мэс засал буюу дурангийн мэс заслыг элэг тайрах, элэг шилжүүлэн суулгах мэс засалд суралц. Гуравдугаарт, өндөр хөгжилтэй орнууд робот мэс засал хийгээд байна. Тэр нь яг юу юм. Тэр чиглэлээр судалгаа, шинжилгээ хийгээд суралцаад ир гэсэн.
Даалгавар аваад 13 жилийн өмнө Солонгос улс руу явж, Ёньсе эмнэлэгт анх удаа робот мэс заслын төхөөрөмжийг харсан. Бид чинь өвчтөнийхөө яг хажууд нь зогсож байгаад дээрээс нь хагалгаагаа хийдэг шүү дээ. Тэнд роботын тусгай гар өвчтөнд суурилагдаад, эмч нь 1-2 метрийн зайд сууж байгаад роботыг удирдаж, төхөөрөмж рүү гар, толгойгоо хийгээд хагалгаагаа хийж байсан. Тэр технологийг хараад л би дотроо мэс засал дэлхийд үнэхээр өндөр хурдацтай хөгжиж байгаа юм байна. Шинэ технологи маш өргөнөөр нэвтэрсэн юм байна. Үүнийг нь сурчих юм сан. Манай улс хэзээ ийм роботын мэс засалтай болох бол гэж бодож байсан. Энэхүү бодол минь явсаар байгаад сүүлийн гурван жил бид ХСҮТ дээрээ төслөө бичиж эхэлсэн.
-Монгол Улсад энэ мэс заслыг нутагшуулах ямар ач холбогдолтой вэ?
-Манай улсын эдийн засгийн байдал одоогоор сул дорой байгаа ч гэсэн бид яагаад ийм том технологи руу дэвшиж хөгжих ёстой вэ гэдэг үндэслэлүүдийг гаргаж ирсэн. Аливаа эмнэлгийн тусламж үйлчилгээ маш том эмчилгээг зорьж, том багаар хийж байж дагаж хөгждөг. Тиймээс Монгол Улсад хэдий Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хямралтай, алдагдалтай байгаа ч гэсэн дурангийн мэс засал тэр дундаа робот мэс заслыг бид зайлшгүй хөгжүүлэх ёстой. Тэгэж байж бусад мэс засал, өргөн хэрэглэгддэг тоног төхөөрөмж дагаж хөгждөг. Том зорилгын төлөө бид дэд бүтцийг хамтад нь хөгжүүлж байгаа. Тиймээс Монгол Улсад робот мэс засал зайлшгүй хэрэгтэй.
Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нэвтрүүлсэн эрүүл мэндийн салбарын хөгжлөөрөө дэлхийд 120 дугаарт ордог. Харин робот мэс заслыг нэвтрүүлсэн эрүүл мэндийн салбарын хөгжлөөрөө дэлхийд 70 дугаар байрт орж ирж байгаа. Энэ бол манай улсын бодит дэвшил. Бид гурван жилийн өмнө төслөө бичээд, үе шаттайгаар робот мэс засал руу шилжсэн. Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр анхны худалдан авалтууд хийгдсэн. Түүндээ мастер консол буюу эмч суудаг тоног төхөөрөмжтэй хэсгийг ХСҮТ-д ЭМЯ-наас худалдаж авч өгөөд, мөн симмулъяторыг нь худалдаж авч өгсөн. Симмулъятор нь тоглоомууд гэсэн үг. Түүн дээр даалгавар биелүүлдэг. Үүн дээр манай төвөөс долоон эмч мэргэжилтэн сонгогдон, 52 долоо хоногийн сургалтыг гүйцээсэн.
Сургалтаа 1.6 жил үргэлжлүүлэн, төгсөлтөө хийсэн. Түүгээрээ ийм чиглэлээр ажиллаж болох юм байна гэдгээ тодорхойлсон. Шууд хагалгаа хийж болохгүй тул багажтайгаа эхлээд танилцана. Түүний дараа манай төвийн таван эмч БНСУ-ын Робот сургалтын төвд нарийн мэргэжлийн сургалтад хамрагдсан. Багаж тоног төхөөрөмжийг хэрхэн яаж удирдах чиглэлээр суралцаад, төгсөлтөө амьтан туршилтын лабораторид гахайн дээр таван төрлийн мэс засал хийж дүүргэсэн.

-Робот мэс заслын үед эмч нарын баг арай цөөрөх үү. Ямар ач холбогдолтой вэ?
-Робот мэс засал гэхээр хүмүүс өөрөөр боддог. Эмчийн оронд робот гарч ирээд л хагалгаа хийгээд байх юм байна гэсэн айдас төрдөг. Гэтэл робот тоног төхөөрөмжийг эмч удирдан хагалгааг хийдэг. Роботын мэс заслын давуу тал нь хагалгаа хэдэн цаг ч үргэлжилсэн эмч нар нь хагалгаагаа сууж хийдэг. Тэгэхээр удаан цагаар үргэлжилсэн хагалгааг хийхэд эмч ядралт багатай, тайван үргэлжилж, амжилттай болох магадлалыг нэмэгдүүлдэг.
Хоёрдугаарт, робот мэс заслын камер нь 3D технологийг ашигладаг. Тэгэхээр хүний биед камер ороход эмч нүдээрээ харж буй дүрслэлийг камер гаргаж өгдөг.
Гуравдугаарт, эмч камераа хаана байрлуулах вэ гэдгээ сонгоход төхөөрөмж удирдан аваачаад байрлуулсан тохиолдолд хөдөлдөггүй. Тиймээс эмч сайн харж хагалгааг тогтвортой хийх боломжийг бүрдүүлдэг.
Дөрөвдүгээрт, мэс заслын эмч хоёр гараараа л хагалгааг хийдэг шүү дээ. Нээлттэй хагалгаанд туслах эмч орж ирж хамт хийдэг. Туслах эмчийн гарыг мэс заслын ерөнхий эмч нь удирдаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр туслах эмчийн ур чадвараас хамааралтай хагалгаа хийгдэх болно. Харин робот мэс заслын үед хоёр гар дээр дахин нэмэлт гуравдугаар гар гарч ирдэг. Тиймээс эмч гурван гараар хагалгааг хийх боломжтой. Тэр нь том давуу тал.
Тавдугаарт, дурангийн мэс засал нь босоо, хэвтээ 90 градус хөдөлгөөнийг хийдэг. Чигээрээ болон дээшээ доошоо, хөндлөн хөдөлгөөнүүдийг хийдэг. Зарим хэвлийн гүн хэсгийн мэс засалд дуран хүрч чаддаггүй. Аль эсвэл өнцөг гаргаж ажилбар хийх боломжгүй шулуун багажууд байдаг. Робот мэс заслын гар нь хүний гарын бугалганы хөдөлгөөнийг дагаж хийдэг. 580 градуст эргэлт хийж, хөдөлгөөн хийдэг болохоор зөвхөн чигээрээ биш хүний гараар барьж байгаа юм шиг хөдөлгөөнийг хийнэ. Эсвэл юмны араар гараа шургуулж татаж гаргаж ирэх хөдөлгөөнийг чөлөөтэй хийх боломжтой. Бугалгын хөдөлгөөний 380, 580 градуст хоёр тийш чөлөөтэй хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Энэ нь өмнө дурангаар хийх боломжгүй байсан том том хагалгаануудыг хийх боломжтой болгож өгч байгаа. Үүний хамгийн том жишээ нь, дэлхийд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаануудыг анх нээлттэй хийж эхэлж байсан. Дараа нь дурангаар хийж эхэлсэн. Дуран хагалгаа нь шулуун хөдөлгөөнтэй болохоор зарим нарийн хагалгаанууд, судас оёх техникүүдийг хийхэд хэцүү байсан учир хагалгааны гүйцэтгэх хугацаа болон цус алдалтыг уртасгаад байсан. Харин яг энэ мэс заслуудад робот технологийг ашигласнаар эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд робот мэс засал нь эргэлт авчирсан. Хувьсгал зарлаж, хагалгааны хугацааг богиносгож, цус алдалтыг багасгаж, илүү тод харж, дээрээс нь хагалгааны дараа өвчтөний нөхөн сэргэх хугацааг багасгаж, хүний биед бага шарх үүсгэж, өөрт нь зовуурь бага, эргээд хэвийн амьдралдаа орох хугацааг багасгаж өгсөн. Эдгээр давуу талууд нь робот мэс заслыг нэвтрүүлэх үндсэн шалтгаан болж өгсөн.

-Робот мэс заслын үед алдаа гарах магадлал хэр байдаг вэ?
-Аливаа бүх мэс засал өөрсдийн гэсэн эрсдэл хүндрэлтэй. Нээлттэй хагалгаа, дурангийн хагалгаа, робот мэс засал бүгд адилхан. Тухайн өвчтөний эрүүл мэндийн онцлог, өвчнийх нь үе шатууд, хийгдэж байгаа хагалгаанаасаа шалтгаалаад өөр өөр эрсдэлүүд байна. Роботын мэс заслын үед алдаа гарах эрсдэл нь удирдаж байгаа эмчийн ур чадвараас хамааран техникийн алдаанууд гарах магадлал байж болно. Тэр технологийг эмч буруу эзэмшсэн, эсвэл тухайн үед жижиг сажиг техникийн алдаа гарах үе гарна. Машинтай хүн нүх дайраад дугуй хагарах эрсдэл байдагтай адилхан асуудал. Тиймэрхүү зүйлээс л алдаа үүсэж магадгүй болохоос роботын систем нь өөрөө алдаатай систем биш.
-Монголд одоогоор зургаан робот мэс заслыг амжилттай хийгээд байгаа. Хамгийн анхны хагалгааг хэзээ хийв. Ямар ямар хагалгаанууд хийгээд байгаа вэ?
-Роботын мэс заслын төхөөрөмжийг нийт хагалгааны багажуудтай нь Эрүүл мэндийн яам худалдаж авч өгсөн. Одоогоор хийгээд байгаа зургаан хагалгаагаа бүгдийг нь үнэ төлбөргүй хийсэн. Бид харьцангуй эрт үе шатанд байгаа, хавсарсан өвчингүй, хүндрэл гарах эрсдэлүүдээ тооцоолоод өвчтөнөө сонгож байгаа. Түүнээс мөнгөтэй баян, эсвэл мэдээлэлд ойр хүнийг сонгоогүй. Одоогоор хагалгаа хийсэн зургаан өвчтөн бүгд хөдөө орон нутгаас ирсэн, энгийн монгол иргэн. Хамгийн анхны хагалгааг 2025 оны арванхоёрдугаар сарын 28-нд цөсний хүүдий авах мэс заслаар эхэлж байсан. Хоёр дахь нь элэгний зүүн дэлбэн тайрах хагалгаа, зүүн дэлбэнгийн гуравдугаар үеийн элэг тайрах хагалгаа байсан. Гэхдээ илүү нарийн төвөгтэй сегментийг хэсэгчлэн тайрах хагалгаа хийгдсэн. Дараагийнх нь эмэгтэйчүүдийн мэс засал. Тавдугаарт, зүүн бөөрний хавдрыг роботоор тайрч авах хагалгаа. Сүүлийнх нь улаан хоолойн хавдрын үед улаан хоолойг тайрах хагалгааг хийж гүйцэтгээд байна.
-Цаашид энэхүү робот мэс заслыг нутагшуулах ямар ажлууд хийх вэ?
-Бид олуулаа суралцаж, олон төвүүдэд робот мэс заслыг нэвтрүүлж байж хамтдаа хөгжинө. Цаашид хэрхэн хөгжүүлж тогтвортой үйл ажиллагааг нь хангах чиглэлээр ярилцаж байж шийдлүүдийг дээш хүргэж ажиллана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!