“Чингис хаан” ОУНБ-ыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр тохиролцсоныг талууд сайшаалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн авч уулзлаа.

Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд хөгжиж байгаагийн тод илэрхийлэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

“Гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг онцоллоо.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдсэнийг онцолж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.

Зах зээлийн нийгэмд шилжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын үе үеийн Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын төр, засаг, ард түмэн ямагт талархаж байдгийг тэмдэглэв.

Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засаг, тэр дундаа цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, гарааны бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-д Японы төлөөлөгчид оролцсонд талархал илэрхийлж, ирэх сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д гишүүд оролцоно гэдэгт итгэж буйгаа хэлэв.

Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр зарчмын хувьд тохиролцсоныг талууд сайшаалаа.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шат ахиулж, “хүн төвтэй“ “Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхээр тогтсон нь хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Японы тал идэвхтэй оролцож байгааг тодотголоо.

Улсын заан Б.Серик “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам“-аас хүрэл медаль хүртлээ
Улсын заан Б.Серик “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам“-аас хүрэл медаль хүртлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!