Дасгалжуулагч Ц.Хосбаяр спортод хориглосон бодис худалдсан болохыг шүүхээс тогтоожээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
3 минут 24 секунд

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас дасгалжуулагч Ц.Хосбаярыг допингийн эсрэг дүрэм зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр энэ сарын 2-ны өдрөөс эхлэн спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь урьдчилан түдгэлзүүлээд байна.

Тус байгууллагын мэдээлснээр, тамирчдад Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллагаас гаргасан 2025 оны хориглосон жагсаалтад багтсан бодис худалдсан байж болзошгүй үйлдлийг анх илрүүлж, холбогдох нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг цуглуулан хууль сахиулах байгууллагад шилжүүлжээ.

Уг хэргийг хууль сахиулах болон шүүхийн байгууллагаар шалган шийдвэрлэсэн бөгөөд 2026 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 2026/ШЦТ/920 дугаартай шүүхийн тогтоолоор дасгалжуулагч Ц.Хосбаяр нь тамирчинд, спортод хориглосон бодис худалдсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.

Ямар үйлдлийг допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцдог вэ?

Допингийн эсрэг үндэсний дүрэмд тамирчин болон тамирчныг дэмжигч этгээд хориглосон бодис, аргыг эзэмших, худалдах болон худалдахыг завдах, түүнчлэн допингийн эсрэг дүрмийн зөрчилд туслах, дэмжих, уруу татах, нууцлах, хамтран оролцох зэрэг үйлдлийг зөрчилд тооцохоор заасан байдаг.

Тодруулбал, дүрмийн 2.4.6-д хориглосон бодис эсхүл хориглосон аргыг эзэмших, 2.4.7-д хориглосон бодис, аргыг худалдах эсхүл худалдахыг завдах, 2.4.9-д допингийн эсрэг дүрмийг зөрчихөд туслах, дэмжих, зоригжуулах, хуйвалдах, уруу татах, нууцлах болон бусад хэлбэрээр хамтран оролцох, оролдохыг зөрчилд тооцохоор тусгажээ.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас шүүхийн шийдвэр, өмнө нь цуглуулсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн Ц.Хосбаярт допингийн эсрэг дүрмийн болзошгүй зөрчлийн талаар анхны мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Ингэхдээ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл буюу 2026 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн түүний спортын үйл ажиллагаанд оролцох эрхийг урьдчилан түдгэлзүүлжээ.

Урьдчилан түдгэлзүүлсэн хугацаанд Ц.Хосбаяр нь Допингийн эсрэг үндэсний дүрмийн үйлчлэлд хамаарах тэмцээн, уралдаан болон спортын бусад үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох, тамирчин дасгалжуулах, зөвлөгөө өгөх, баг, клуб, спортын холбоо болон бусад спортын байгууллагад албан тушаал, чиг үүрэг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд Ц.Хосбаяр нь өөрт холбогдох нөхцөл байдлын талаар тайлбар, нотлох баримт гаргах, хэрэгт хамаарах материалтай танилцах, өмгөөлөгч эсхүл төлөөлөгч авах, урьдчилан түдгэлзүүлсэн шийдвэрийг хянуулах, анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй байна.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас хэргийг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэх бөгөөд эцсийн шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлэхээр болжээ.

Тус байгууллага энэхүү мэдээллийг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д заасан олон нийтэд мэдээлэх зохицуулалтын хүрээнд хүргүүлж байгаагаа онцолсон байна.

Ц.Магалжав: М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх хууль зүйн боломжгүй. Эрхгүй үедээ барилдвал эрхээ дабльдаж хасуулна
Ц.Магалжав: М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх хууль зүйн боломжгүй. Эрхгүй үедээ барилдвал эрхээ дабльдаж хасуулна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!