Арваннэгдүгээр сард зарим нутгаар хүйтний эрч чангарч, хур тунадас ахиу орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвөөр өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах шаардлагатай нөхцөл үүсэж болзошгүй байна.

Тухайлбал, зуны улиралд хуурай, гандуу байсан, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгуудад малын тэжээлээ нөөцлөх, өвөлжилтийн бэлтгэлээ хугацаанаас нь өмнө хангахыг зөвлөжээ. Аравдугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Харин бусад нутгаар дунджийн орчим байх аж. Энэ сард Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас бага орох төлөвтэй бол Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Завханы зүүн, Төвийн ихэнх, Хэнтийн баруун хойд хэсгээр ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Харин арваннэгдүгээр сард өвлийн нөхцөл илүү тодорхой ажиглагдана. Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Хөвсгөлийн ихэнх, Архангайн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарчээ.

Мөн энэ сард Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Дундговь болон Сүхбаатарын өмнөд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Арванхоёрдугаар сард харин баруун болон төвийн зарим нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй. Тодруулбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төвийн баруун хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Гэхдээ Өмнөговь, Дорноговийн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр арванхоёрдугаар сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа юм. Иймээс малчид, иргэд цаг агаарын богино болон дунд хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч, хадлан тэжээл, түлээ түлш болон өвөлжилтийн бусад бэлтгэлээ эртнээс хангах шаардлагатай байна.

“Гацуурт“-ын Л.Чинбат жолоо барих явцдаа таван адуу мөргөж, өөрөө гэмтэж эмнэлэгт хүргэгджээ
“Гацуурт“-ын Л.Чинбат жолоо барих явцдаа таван адуу мөргөж, өөрөө гэмтэж эмнэлэгт хүргэгджээ
 
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!