Б.Хулан: ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулбал төсөвт 5.4 ИХ НАЯД төгрөгийн ачаалал ирнэ

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
19 минут 42 секунд

-Сангийн дэд сайд Б.Хулантай Татварын багц хуулийн төсөл болон ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулах санаачилгын талаар ярилцлаа-

-Татварын багц хуулийн төслийг өмнөх ЗГ-ийн үед өргөн барьсан боловч буцаан татаад байсан. Улмаар саяхан парламентад дахин өргөн барьж, хэлэлцүүлгийг нь хийж эхэллээ. Тэгвэл Н.Учралын ЗГ-аас Татварын багц хуулийн төслийн шинэчлэлийг ямар түвшинд хийсэн бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Татварын багц хууль нийгэмд маш хүлээлттэй байсан. Өнгөрсөн Засгийн газрын үед бид татварын багц хуулийн төслийг боловсруулж, яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн байсан боловч өнгөрөгч гуравдугаар сард буцаан татсан. Чуулганы завсарлагааны хугацаанд гадаад, дотоод нөхцөл байдалд өөрчлөлтүүд орсон. Хоёрдугаар сарын сүүлээр Ойрх Дорнодод бий болсон шинэ тутам нөхцөл байдлын улмаас манай улсын эдийн засгийн идэвхжлийн цаг үед чухал үйлдвэрлэлийн орц болох шатахуун, дизель түлш, эрчим хүч, цахилгаан дулаан, тэсэлгээний бодис, бордоо гэх мэтэд үнийн өсөлтийн шок мэдрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор бидний зүгээс Татварын багц хуулийн төслийг буцаан татаж авч, шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ажил эрхлэлт, ажлын байрыг хамгаалсан, бага дунд орлоготой өрхийн орлогыг хамгаалсан бодлогыг тусгаж өргөн барих шийдэлд хүрсэн. Энэ чиглэлд хуулийн төсөл дээрээ дахин ажиллаад, өргөн барьсан. Одоо эхний хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.

Татвар бол ганцхан төсвийн орлого бүрдүүлэх зорилготой зүйл биш. Бодлогын хэрэгслийнхээ хувьд, татвар бол иргэд, ААН, нийгмийн бүхий л сегментийг хамарсан өргөн агуулга бүхий ойлголт юм. Нөгөө талдаа татварын хувь хэмжээг бууруулах нь төсвийн орлогод шууд нөлөөлдөг. Гэхдээ бид шууд гэхээсээ илүү дам нөлөөллийг нь өргөн агуулгаар нь тооцох шаардлагатай байдаг. Жишээлбэл, манай улсын хэрэглээ чиглэлд дийлэнх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг явуулчих юм бол тэр нь манай улс үйлдвэрлэгч улс биш тул импорт руу чиглэдэг. Энэ тохиолдолд гадаад валютын албан нөөц, гадаад худалдааны тэнцэл дээр нөлөөлж орж ирдэг. Энэ нь явсаар ханшид нөлөөлж, гадаад улсаас инфляцыг "импортлох" боломжтой. Богино хугацаанд иргэдийн гар дээр мөнгө үлдэх боломжтой боловч эргээд инфляцаараа идэгдээд амжиргаа нь бодит хэмжээгээр нэмэгдэхгүй байх магадлалтай байдаг. Эрэлт өсөөд инфляцын дарамт нэмэгдээд ирэх юм бол Төв банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлж барих нөхцөл байдал бий болдог. Энэ нь санхүүгийн салбарын сектороор дамжаад зээлийн хүүгийн өртөг дээр өндөр болж орж ирдэг. Тэгэхээр өргөн эдийн засгийн агуулгаар нь харж, энэ цаг үед төсөвт хэр их ачаалал үүсгэж, хэр олон ААН, ажлын байрыг хамгаалж чадах вэ гэдэг чиглэлээр төсвөө боловсруулж, өргөн барьсан.

Тухайлбал, ХХОАТ-ын олон улсын жишиг нь шаталсан байдаг. Өөрөөр хэлбэл, бага орлоготойгоос бага авдаг, их орлоготойгоос их ХХОАТ авдаг систем юм. Энэ нь орлогын тэгш бус байдал гарахаас сэргийлсэн агуулга бүхий татварын зохицуулалт. Манай улсад ХХОАТ нь 10 хувиас эхэлдэг. Олон улсын жишигт тодорхой бага орлого дээр нь ХХОАТ байдаггүй зохицуулалт байдаг. Тэгэхээр амжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр буюу 792 мянга дээр ХХОАТ-ыг 100 хувь чөлөөлж байгаа. Түүнээс дээш тохиолдолд одоо байгаа шатлалаараа мөрдөгдөөд явна. Энэ нь ялангуяа бага, дунд орлоготой иргэдийн бодит орлого нэмэгдэхэд нөлөөлнө. Тухайлбал, та 1-1.5 сая төгрөгийн орлоготой иргэн байлаа гэж бодоход түүний 792 мянган төгрөг нь татвараас чөлөөлөгдөнө. Тэр хэмжээгээрээ тухайн хүний бодит орлого нэмэгдэнэ гэсэн үг юм. Тэгэхээр бүх нийтээр нь 1 хувь болгох гэхээсээ илүүтэйгээр зорилтот байдлаар хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Нөгөө талаар энэ цаг үед эдийн засгийг нуруун дээрээ авч явдаг нь хувийн сектор. Инноваци, ажлын байрыг бий болгодог. Тиймээс бид хувийн сектороо хамгаалах ёстой. Монгол Улсын эдийн засгийн нөхцлийг харахаар, манай улсад татварын орлогын дийлэнх хувийг томоохон ААН, компаниуд бүрдүүлдэг. Гэхдээ бичлүүд нь жижиг болдог, жижгүүд нь дунд болдог, дундууд нь том болдог орон зайг татварын хуулиараа тавьж өгөх ёстой. Магадгүй өнөөдөр хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүс ч юм уу эсвэл гэртээ хүүхэд харж байгаа эмэгтэйчүүд маань онлайн худалдаа эрхлэх боломж нь нээлттэй л байх ёстой. Тэр бүрт татварын ачаалал өндөр байх шаардлагагүй. 1 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой бол татварын хялбаршуулсан горимоор орлогоосоо нэг хувийн татвар төлөөд явах боломжтой. Энэ нь татварын хувь хэмжээ гэхээсээ илүү татварын тайлан гаргах, татвар ногдох зардлаа тооцох, баримтаа бүрдүүлэх зэрэг нийцлийн зардлыг нь бууруулж өгч буй хэрэг юм. Үнэндээ гурван хүнтэй ч ААН байна шүү дээ. Тэдний нийцлийн зардлыг бууруулж өгч буй ач холбогдолтой юм.

Мөн ЖДҮ эрхлэгчид маань 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлого дээрээ 1 хувийн татварын ачаалалтай байдаг. Энэ босгыг 2.5 тэрбум болгож өгч байгаа. Түүнчлэн НӨАТ суутган төлөгч болох хязгаар борлуулалтын орлогын 50 сая байдаг. Энэ утгаараа үйл ажиллагаа нь тэлж буй ААН-үүдийг зүгээс тухайн татварын босго бага байна шаардлагыг хэлэлцүүлгийн явцад түгээмэл илэрхийлсэн учраас босгыг нь 400 сая болгох зэрэг заалт туссан.

-Алслагдсан сумын амьдралыг мэдэхгүй байж саарал ордон дотроос харж байгаад асуудлыг шийдээд байж болохгүй-

-Татварын багц хуультай зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Э.Баярмаа нараас татвартай холбоотой санаачилгыг өргөн бариад буй. Тэр дундаа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулах тухай ярьж байгаа. Та энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ. Мэдээж эдийн засгийн үр дагавар талаас нь харж тооцох нь илүү чухал болов уу гэж бодож байна?

-Тийм ээ. УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Энэ утгаараа ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулах агуулга бүхий хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм байна гэх мэдээллийг би өчигдөр авсан. Үүнийг олон талаас нь харж үзэх шаардлагатай, эрсдэлтэй хууль гэж би дүгнэж байгаа. Яагаад вэ гэвэл бага, дунд, өндөр орлоготой байхаас үл хамаараад ХХОАТ-ыг нийтээр нь бууруулахаар хуултьд тусган оруулж иржээ. Бидний төлсөн татварууд хаашаа ордог вэ гэдэг дээр маш сайн ойлголттой байх хэрэгтэй. ХХОАТ бол 100 хувь сум, дүүргийн төсвийг бүрдүүлдэг. 330 сум бүр өөрсдийн гэсэн хүн ам, асуудал, нийгмийн үйлчилгээний хэрэгцээтэй. Сумын орлогын тухайд, сумд томоохон ААН харьцангуй хязгаарлагдмал учраас ХХОАТ зарим сумдын жилийн жилийн орлогын 90 хувийг бүрдүүлж байна. Заримынх нь 70 хувийг бүрдүүлж байна.

ХХОАТ 2026 оны батлагдсан төсвөөр аваад үзвэл төсвийн нөлөө нь шууд утгаараа 2.7 их наяд гэж гарч ирж байгаа. Сум дүүргийн орлого дутсан тохиолдолд түүнийг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг байдлаар нөхөж олгодог. Тэгэхээр улсын төсөвт ирэх ачаалал нь 2 дахин их буюу 5.4 их наяд төгрөгийн нөлөөлөлтэй хуулийн төслийг өргөн барьсан байна гэж ойлгох хэрэгтэй.

Бид хэдийгээр нэгдмэл улс боловч бүх орлогыг улсын төсөвт татаж, буцаагаад хуваарилдаг зарчмаасаа аль болох татгалзаад орон нутгийн бие даасан байдал, төсвийн эрх мэдэл, санхүүгийн хэрэгцээ шаардлага зэрэгт анхаарах хэрэгтэй. Алслагдсан сумд байгаа амьдралыг мэдэхгүй байж саарал ордон дотроос харж байгаад асуудлыг шийдээд байж болохгүй шүү дээ. Тэгэхээр сум орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг гол заалтаар оролдох нь нэлээн эрсдэлтэй. Мөн төрийн үйлчилгээ өөрөө Монгол Улсын иргэн хаана аж төрж байхаас үл хамааран нийтлэг, тэгш байх ёстой гэсэн зарчмыг хөндөж байна. ХХОАТ-аар бүрдсэн сум, дүүргийн төсөв нь соёл болон эрүүл мэнд, боловсрол, спортын үйлчилгээ, зуд, ой хээрийн түймэр болох юм бол түүнээсээ гаргадаг зардлыг санхүүжүүлдэг гэсэн үг. 1990 он гарснаас хойш Улаанбаатар хотыг чиглэсэн дотоод шилжилт хөдөлгөөн маш эрчимтэй явагдсан. Нэг талаасаа Улаанбаатар гэх том эдийн засагтай нийслэл хоттой болсон. Нөгөө талдаа асар хурдан хугацаанд төвлөрөл явагдсантай холбоотойгоор бидэнд түгжрэл, утаа гэх мэт нийгмийн асуудлууд байгаа. Бид суманд мөрөөрөө ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн нийгмийн үйлчилгээний зардлаас нь хасчихаар "Та нар битгий Улаанбаатарт шилжиж ир" гэж хэлэх боломжгүй болж хувирна.

Нөгөө талдаа ямар ч татварын хуульд төсвийн нөлөө байна. Гэхдээ бид зөвхөн иргэдийн хэрэглээ, гар дээр ирэх орлого руу чиглүүлэхээсээ илүү заримыг нь ААН, иргэд рүү чиглүүлэх нь зөв байгаа юм. ААН-үүд өөрөө өөрсдөө эрсдлээ үүрээд, хөрөнгө оруулалтаа гаргаад, үйл ажиллагаагаа эрхлээд, ажлын байрыг бий болгоод, хадгалаад цалинг нь өгч, татвараа төлөөд эдийн засгийн гол тулгуур хөдөлгөгч хүч учраас бүгдийг иргэд рүү чиглүүлэх гэхээсээ илүүтэйгээр төсвийн хүрээ хязгаартаа тааруулаад ААН, бизнес хувийн хэвшлийнхнээ дэмжсэн давхар бодлого явуулах нь зүйтэй.

-Татвар хүн бүрийн дуртай сэдэв биш. Татварыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх зорилготой гэж харах нь учир дутагдалтай-

-Тэгэхээр ХХОАТ-ын 1 хувь болгосноор төсөвт ирэх эдийн засгийн "хохирол" нь 5.4 их наядаар хэмжигдэнэ гэж ойлгож болох нь?

-Тийм ээ. Манай улсын хувьд 2026 оны батлагдсан төсвийн хүрээнд төсвийн зарлага 32.9 их наядаар батлагдсан шүү дээ. Мэдээж иргэдийн зүгээс гомдол байдаг. Ялангуяа татвартай холбоотой асуудал болон төрийн үйлчилгээтэй холбоотой асуудал дээр бидэнд сайжруулах зүйл байгаа. Гэхдээ бид үүнийг нэг амьсгаагаар засварлах гэхээс илүүтэйгээр ач холбогдлоор нь эрэмблэх, давхардсан чиг үүргийг арилгах гэх мэт байдлаар үе шаттайгаар анхаарах ёстой. Төсвийн зарлага буюу урсгал зардал 2026 оны төсвийн 75.5 хувийг эзэлж байна. Үлдсэн нь хөрөнгө оруулалтын зардал. Урсгал зардал гэдэгт нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, халамжийн үйлчилгээ болон төрийн албан хаагчдын цалин багтдаг. Нөгөө талаасаа төсвийн хөрөнгө оруулалт гэдгийг төр бизнес хийх гээд байна гэж эндүүрч ойлгох нь бий. Төсвийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийг тэлэх суурь дэд бүтцүүдийг л тавьдаг. Зам тавих, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, шугам сүлжээ байгуулах, дэд бүтцийн төслүүд цаашилбал зарим нэн шаардлагатай барилга байгууламж зэргийг төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг. Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалтаар хийлээ гээд 220 мянган төрийн албан хаагч чинь очоод ажиллахгүй шүү дээ. Бид хувийн хэвшлээр үүнийг гүйцэтгүүлдэг. Тэр нь эргээд хувийн хэвшлийнхний орлогын нэг эх үүсвэр. Тэнд ажлын байр шинээр бий болж байна. Үүнийг дагаад айл өрхөд цалингийн орлого бий болж байна гэсэн үг. Цаашид төсөв дээр үе шаттай шинэчлэлүүдийг хийх ёстой болж байна. Бид төрийн санхүү гэхээр зөвхөн улсын нэгдсэн төсөв гэж хардаг. Үүнийг олон улсын жишигт өргөн агуулгаараа ТӨК-иуд, төрийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа бүхий л сангуудыг нэгдсэн байдлаар авч үзэж, нэгдсэн бодлоготой байх ёстой гэсэн зарчим байдаг.

Өнгөрсөн хугацаанд татварын хууль дээр санал асуулга аваад явж байхад нийтлэг байдлаар нэг дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Татвар яагаад ийм хүнд сэдэв болчхов оо гэж. Нэгдүгээрт, шударга бус байдал. Зарим нь төлөөд, зарим нь төлөхгүй байх. Зарим нь өндөр төлөөд, зарим нь огт төлөхгүй байх. Санал асуулгад орсон ААН-ийн 1/3 нь шударга байх зарчимтай холбоотой асуудлыг хөндсөн. Нөгөө талдаа бидний төлсөн татвар юунд зарцуулагдаж байна вэ гэдэг дээр иргэдийн бухимдал их байдаг. Энэ нь төсвийн сахилга бат, ил тод байдал түүний талаарх мэдээлэл нийтлэг байдлаар иргэдэд хүрээгүй байгаатай шууд холбоотой. Бид ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож, дэлхийн 180 гаруй орны Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч нартай нь зэрэгцэж сууж байгаад асуудал, шийдлээ ярилцлаа. Өнөөдрийн нөхцөл байдалд дэлхийн улс орнууд ямар бодлого баримталж байна вэ гээд үзэхэд бид уул уурхайн бус татварын хувь хэмжээтэй холбоотой татварын суурь баазаараа оролдох нь алдаа болно шүү гэдгийг сануулж байсан.

Манай улсын эдийн засгийн хувьд уул уурхайн салбар дээрээ явдаг. Уул уурхай маань өөрөө мөчлөгтэй байдаг. Уул уурхайн мөчлөг дотроо гол түүхий эд болох нүүрс, зэс зэргийн мөчлөг нь газрын тос, байгалийн хий зэрэг бусад байгалийн баялагтай харьцуулахад богино байдаг. Иймд бид уул уурхайн бус татварын суурь баазыг хамгаалах чиглэлд нэгдмэл байр сууринаас хандах ёстой.

Гурван төрлийн татварыг дэлхийд нийтлэг хэрэглэдэг. Нэгдүгээрт, орлогоос авдаг татвар буюу хувь хүний орлогын албан татвар, ААН-ийн орлогын албан татвар. Хоёрдугаарт, хэрэглээнээс авдаг татвар буюу НӨАТ. Гуравдугаарт, хөрөнгөнөөс авдаг татвар буюу үл хөдлөх хөрөнгө, автомашины татвар зэрэг багтдаг. Тэгэхээр хүн амын орлогын албан татвар гэдэг бол хүн ажил хийж байгаа тохиолдолд төлөгддөг татвар учраас сум дүүргийн тогтвортой татварын орлого болдог.

Татвар хүн бүрийн дуртай сэдэв биш. Татварыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх зорилготой гэж харах нь маш учир дутагдалтай. Бид магадгүй богино хугацааны төсвийн үр нөлөөг ярьж болно. Гэхдээ дунд хугацаандаа макро эдийн засгийн тогтвортой орчинд хэрхэн, яаж нөлөөлөх вэ, ямар сувгаар иргэд, өрх, ААН-үүдэд нөлөөлөх вэ гэдгийг маш сайн тооцсоны үндсэн дээр болгоомжтой хийх ёстой зүйл.

-Татварын орчныг таатай болгоё гэх санаачилга нь авууштай. Гэхдээ таны өмнө дурдсанчлан татвар бол төсөв дээрх эмзэг сегмент. Энэ утгаараа УИХ-ын гишүүд маань ч тэр татвартай холбоотой хуулийн төслийг өргөн барихдаа ямар зарчмыг баримтлах ёстой юм бэ?

-2024 оны сонгуулийн дараа хамтарсан ЗГ байгуулагдаж, мөрийн хөтөлбөрүүд дээрээ үндэслээд ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан байдаг. Эл үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь 2028 он хүртэл хүчинтэй. Нэгдүгээрт, татварын байгууллага зөвлөн туслах чиг үүрэгтэй байх ёстой. Одоо нийгэмд байгаа имиж нь захиргаадалтын маягийн чиг үүрэгтэй байна. Тэгэхээр татварын байгууллага өөрөө зөвлөдөг, тусалдаг, гарах эрсдлийг урьдчилж болгоомжлуулдаг функцтэй байх ёстой. Нөгөө талдаа татвар тэгш, шударга байх ёстой. Мөн төсвийн нөлөө болон макро эдийн засгийн орчноо маш сайн шинжилж судлах ёстой. Аливаа татварын хөнгөлөлт чөлөөлөлт зорилтот бүлэг рүүгээ чиглэж тодорхой хугацаанд хэрэгжээд, асуудлаа даваад гарсан бол зогсдог байх ёстой. Үүнийг олон улсын байгууллагууд ч бидэнд сануулж байгаа. Энэ мэт маш олон цогц зураглалыг харж байж татварын хуулийг хийх шаардлагатай. Татварын Ерөнхий газар нийт иргэн, ААН-ийн бүх дата мэдээлэл байдаг учраас бид аль болох дата судалгаа дээр үндэслэж, хэр их эерэг нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр манай яам судалгаагаа хийгээд, шийдлээ боловсруулаад явдаг.

Улаанбаатарт 19 хэм дулаан
Улаанбаатарт 19 хэм дулаан
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!