86 КГ ХАССАН С.ӨЛЗИЙДҮҮРЭН: Сүүлийн хоёр жилд нэг ч удаа шоудаагүй. 7 хоногийн 6 өдөр бэлтгэл хийж, хичээсний эцэст 74.6 кг гэсэн тоог хараад уйлсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 5 секунд

Биеийн жингээсээ 86 кг хасаж, мөрөөдлийнхөө биеийг урлаж чадсан С.Өлзийдүүрэнг UBN сайт онцолж ярилцлаа. Өөрөөсөө ичээд толинд ч харж чаддаггүй байсан С.Өлзийдүүрэн өнөөдөр өөртөө итгэлтэйгээр толинд харж, олны дунд нүүр бардам алхдаг болжээ. Өөрийгөө ялж чадсан бүсгүйн түүхээр хамтдаа аялцгаая.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг С.Өлзийдүүрэн гэдэг.

-Өнөөдрийн байдлаар нийт хэдэн килограмм хассан бэ. Анх багш дээрээ хэдэн кг жинтэй ирж байв?

-Өнөөдрийн байдлаар нийт 86 кг хассан байна. Анх багш дээрээ очихдоо 160 гаруй килограммтай байсан. Яг үнэнийг хэлэхэд би тухайн үед өөрийгөө ч харах хүсэлгүй болчихсон байсан учраас толинд хараагүй, жингээ үзээгүй 3, 4 жил болчихсон байсан. Фитнессд явж эхлээд 7 хоносны дараа жин дээр гарахад 160.5 кг гэж гарч байсан.

-Толинд харалгүй 3, 4 жил болсон гэлээ. Тэ мэдрэмж тийм хэцүү байсан гэж үү?

–Тийм. 160 кг гэдэг бага жин биш. Өөрийгөө харах хүсэлгүй болчихдог юм байна билээ. Зураг даруулах дургүй. Найз нөхөдтэйгөө гадуур явах дургүй. Таарах хувцас олдохгүй. “Би угаасаа турж чадахгүй юм байна” гэсэн бодолтой. Өөртөө ямар ч итгэлгүй болсон байсан. Жаахан алхахаар л хөл өвдөнө. Булчин татна, шагай хавдана. Гутал ч таарахгүй. Бие махбод, сэтгэл санаа хоёулаа маш хэцүү болсон.

-Фитнессд явж, турах шийдвэрийг хэзээ, яаж гаргасан бэ?

-Товчхондоо бол эрүүл мэндийн шаардлагаар шийдвэр гаргахаас өөр гарцгүй болсон. Бүтэн биеийн шинжилгээ өгөхөд элэгний өөхлөлт маш өндөр гарсан. Эмч “Одоо чи турахгүй бол элэгний хатуурал, эрсдэлтэй өвчин үүсэх магадлал маш өндөр байна” гэж хэлсэн. Тэгээд “Чамд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол турах” гэсэн. Тэр үеэс л би үнэхээр өөрчлөгдөхгүй бол болохгүй юм байна гэдгээ ойлгосон. Эхэндээ би өөрөө фитнест явж, кардио хийж эхэлсэн. Нэг сар орчим яваад шантарч “Би чадахгүй юм байна” гэж бодож эхэлсэн. Яг тэр үедээ бурхны авралаар багштайгаа таарсан. Багш надаас “Юу өвддөг вэ., Юуг чаддаг вэ” гэх зэргээр асуугаад маш удаан ярилцсан. Тэгээд хамгийн анх хэлсэн үг нь, “Та чадна. Боломжгүй зүйл гэж байдаггүй” гэсэн үг байсан. Тэр үг намайг маш их өөрчилсөн. Тухайн үед би 5 минут ч тасралтгүй алхаж чаддаггүй байсан. Гэтэл багш нэг ч удаа “Болохгүй байна, чадахгүй байна” гэж хэлээгүй. Харин эсрэгээрээ алхаж байхад хажууд ирээд, “Та чадаж байна шүү дээ. Маш мундаг байна” гэж байнга урам өгдөг байсан. Одоо бодоход тухайн үед би бусад хүний хувьд маш энгийн зүйл хийж байсан байх. Гэхдээ миний хувьд тэр бүхэн асар том ялалт байсан. Намайг шантарч эхлэхээр багш маань янз бүрээр урам өгч, урагшлах хүч өгдөг байсан. Маш их хичээж 5 кг хасчхаад шантраад болих тухай бодож эхлэхэд багш надад 5 кг элс авч ирэх даалгавар өгсөн. Тэрийг өргөхөд үнэхээр хүнд байсан. Тэгэхэд багш, “Та ийм хэмжээний илүүдэл өөхийг биеэсээ аваад хаячихсан байна” гэж хэлсэн. Яг тэр мөчөөс эхлээд “Би чадах юм байна” гэсэн итгэл төрж, эргэлзээгүйгээр урагшилсан.

-Долоо хоногт хэдэн өдөр хэдэн цаг бэлтгэл хийдэг байсан бэ?

-Өглөө ажилдаа явахаасаа өмнө 06.00 цагаас фитнесстээ ирээд кардио хийдэг болсон. Орой 19.00 цагт ажил тараад дахиад бэлтгэлдээ орно. Долоо хоногийн зургаан өдөр тасралтгүй явдаг байсан. Хүмүүс амралтын өдөр амардаг байхад би амарч чаддаггүй байсан. Ганц амарсан өдрөө иог, сунгалт хийж, ууланд алхдаг байсан.

-Фитнесс явж эхлээд хэдэн сарын дотор энэ үр дүнд хүрч чадсан юм бол?

-Яг нэг жил 7 сар болсон.

“ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ "ЭНЭ ТАНД ТОМДОНО" ГЭЖ ХЭЛЭХИЙГ СОНСОХ ХАМГИЙН ГОЁ МЭДРЭМЖ БАЙСАН”

-Жин хассаны дараа таны сэтгэл зүй болон биеийн байдалд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн би толинд ч харж чаддаггүй, зураг даруулах бүр дургүй байсан. Харин одоо өдөр бүр толинд харж, хүн болгонтой зураг даруулмаар санагддаг болсон. Өөрийнхөө зургийг харахаар хүртэл гоё санагддаг. Өөртөө итгэлтэй болсон. Анх “100 кг-аас доош орчихвол боллоо” гэж боддог байсан. Дараа нь “70 хэдэн килограмм болчихвол хангалттай” гэж бодсон. Гэтэл одоо бүр эсрэгээрээ улам зорилготой болсон. Одоо дахиад 10 кг хасна гэж зорьж байгаа.

-Өмнө нь хүмүүсийн хандлага ямар байсан. Өнөөдөр яаж өөрчлөгдсөн байна?

-Хэцүү шүү. “Яагаад ингэж таргалчихсан юм, Өөртөө арчаатай бай, Тэвчээргүй” гэх мэт маш муухай үг их сонсдог байсан. Заримдаа бүр нийгмээс гадуурхагдаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байлаа. Харин тураад эхлэхээр хүмүүсийн хандлага өөр болдог юм байна лээ. “Ямар мундаг юм бэ, Чи чадлаа, Бахархаж байна” гээд маш их урам өгдөг болсон. Өмнө нь дэлгүүр орохоор “Танд таарах хувцас байхгүй” гэж хэлдэг байсан. Харин одоо эсрэгээрээ “Энэ танд арай томдоно, арай жижиг размер үзье” гэж хэлдэг болсон. Тэр мэдрэмж үнэхээр гоё. Урьд нь зөвхөн навсгар хувцас өмсдөг байсан бол одоо өөртөө итгэлтэйгээр бариу хувцас өмсдөг болсон. Хүссэн хувцсаа өмсөнө гэдэг хүртэл аз жаргал юм байна гэдгийг мэдэрсэн.

-Эрүүл мэндийн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Турсныхаа дараа би дахиад бүтэн биеийн шинжилгээ өгсөн. Миний элэгний өөхлөлт бүрэн арилсан байсан. Өмнө нь намайг үзэж байсан эмч хүртэл гайхаад “Чи яаж ингэж өөрчлөгдсөн юм бэ” гэж асуусан. Одоо шинжилгээний үзүүлэлтүүд бүгд эрүүл хүнийх шиг болсон.

"СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛД НЭГ Ч УДАА ШОУДААГҮЙ. 74.6 КГ ГЭСЭН ТООГ ХАРААД УЙЛСАН"

-Та зөвхөн дасгал хөдөлгөөнөөр турсан уу. Өөх шатаагч ч юм уу, өөр бусад нэмэлт бүтээгдэхүүн хэрэглсэсэн үү?

-Үгүй. Нэг ч тураах бүтээгдэхүүн, өөх шатаагч хэрэглээгүй. Зөвхөн зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөр турсан. Цагаан гурил, хийжүүлсэн ундаа, чихэрлэг зүйлээс бүрэн татгалзсан. Сүүлийн хоёр жилд нэг ч удаа шоудаагүй, баяр ёслол тэмдэглээгүй. Зарим хүмүүс хэтэрхий уйтгартай амьдралын хэв маяг гэж магадгүй. Гэхдээ би маш том зорилго тавьчихсан байсан учраас түүнийхээ төлөө хичээсэн.

-Яг тантай адилхан турах зорилго тавьсан хүмүүст зөвлөгөө өгөөч гэвэл юуг онцолж, зөвлөх вэ?

-Хамгийн түрүүнд өөртөө итгэх хэрэгтэй. “Би чадах болов уу” гэж айгаад гэртээ сууж болохгүй. Заал руу нэг алхам хийж орох л хамгийн чухал. Хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй. Өөртөө төвлөрөх хэрэгтэй. Хүн өдөрт ердөө 1–2 цагийг өөртөө зориулж чадвал амьдрал нь бүхэлдээ өөрчлөгдөж болдог юм байна. Шантрах үе мэдээж ирнэ. Гэхдээ жаахан тэвччихвэл тэвчээрийн цаана заавал ялалт байдаг шүү гэж хэлмээр байна.

"ТА 7 ХОНОГИЙН 6 ӨДӨР БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ. БҮТЭН САЙНД АМАРЧИХ” ГЭХЭД УУЛАНД АЛХАНА ГЭЭД ЯВЧИХДАГ БАЙСАН. ТЭР ЗАН ЧАНАР НЬ ӨНӨӨДРИЙН ЭНЭ ҮР ДҮНД ХҮРГЭСЭН ГЭЖ БОДДОГ.

160 гаруй килограммаас 86 кг хассан С.Өлзийдүүрэнгийн түүх олон хүнд урам өгч байгаа. С.Өлзийдүүрэнгийн ард тууштай дэмжиж, хамт алхсан хүн бол түүний багш А.Дашлхагва. Бид түүнтэй жин хасалтын ард ямар тууштай хөдөлмөр, ямар сэтгэл зүй, ямар сахилга бат байсан талаар цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Хоёулаа таны шавийн гаргасан гайхалтай үр дүнгийн талаар яриагаа эхэлье?

-Үр дүн үнэхээр мундаг гарсан. Эхний нэг жилийн хугацаанд сар бүр дунджаар 7–8 кг хаяад явж байсан. Хамгийн гол нь булчингийн массаа их алдалгүй, цэвэр жин хасалт хийсэн. Бид хоёр анхнаасаа “160 кг-аас хоёр оронтой тоо руу орно” гэж зорилго тавьсан. Тэгээд яг нэг жилийнхээ ой дээр 60 кг хасаад, жин нь 100-аас доош орсон. Тэр үедээ жийм дээрээ баяраа тэмдэглэж байсан. Дараа нь 4–5 сар орчим жинг нь барьж, биеийг нь сэргээж, булчингийн массыг нь нэмэгдүүлэх дээр ажилласан. Харин энэ хавраас дахиад жин хасалтын горим руу орсон. Тэгээд 28 хоногийн дотор 27.8 кг хассан. Шавиараа үнэхээр бахархаж байгаа.

-Анх ирэхэд нь “Та чадна” гэж хэлсэн тань их нөлөөлсөн гэж ярьсан. Тэр үед та ийм дүн гаргаж чадна гэж итгэсэн учраас тэгж хэлсэн үү?

-Дүүрээ эгч анх ирэхдээ тэнцвэр нь алдагдалтай, нуруу мурийлттай, аарцаг нурууны гажилттай, маш хүнд жинтэй байсан. Зүгээр суухад хүртэл хэцүү харагддаг байлаа. Гэхдээ дасгал хийлгээд эхлэхээр өөрөө маш их хичээж байгаа нь харагддаг байсан. Чадахгүй байгааг нь би харж байгаа. Өөрөө ч мэдэж байгаа. Гэхдээ чадах гэж хичээдэг байсан. Тэр оролдлого нь надад маш чухал байсан. Зарим хүн чадах мөртлөө хичээдэггүй. Харин зарим нь үнэхээр чадахгүй байсан ч эцсээ хүртэл үздэг. Дүүрээ эгчийн хувьд яг хоёр дахь нь байсан. Өөрийгөө 100 хувь дайчилж байсан. Тийм болохоор л “Та чадна” гэсэн үг аяндаа гарч ирдэг байсан.

-Бэлтгэлийнх нь систем ямар байсан бэ?

-Маш тууштай байсан. Өглөө 9.00-өөс оройн 19.00 хүртэл ажиллана. Ажлаа тараад жиймдээ ирээд хаатал нь бэлтгэлээ хийнэ. Тэгээд өглөө 6.00 цагт жийм онгойхоор дахиад ирнэ. Өглөөний кардиогоо хийгээд ажилдаа явдаг байсан. Өглөө, орой хоёр удаагийн бэлтгэл тогтмол хийдэг. Кардио, булчингийн дасгал, сунгалт, тэсвэрийн бэлтгэл бүгдийг хослуулсан. “Амраарай” гэхээр амардаггүй байсан. "Та 7 хоногийн 6 өдөр бэлтгэл хийж байгаа юм чинь бүтэн сайнд амраарай” гэхэд ууланд алхана гээд явчихна. Тэр зан чанар нь өнөөдрийн энэ үр дүнд хүргэсэн гэж боддог.

-Хувь хүнийхээ хувьд хэр их өөрчлөгдсөн бэ. Өөртөө итгэлтэй болох ч гэдэг юм уу ?

-Маш их өөрчлөгдсөн. Анх ирэхдээ их хаалттай хүн байсан. Жаахан алхчихаад л явчихна. Зааланд байгаа хүмүүстэй бараг харьцдаггүй. Толинд харахаас ч дургүйцдэг байсан. Харин одоо эсрэгээрээ. Юм л бол толины өмнө очно. Заалны хүмүүстэйгээ бүгдтэй нь найз болсон. Шинээр ирж байгаа хүмүүст дасгал зааж өгнө. “Хоёулаа хамт хийе” гээд урам өгнө. Бусдад маш их мотивац өгдөг болсон. Жин хасахын хэрээр уг хүн нь л гарч ирсэн гэж би боддог. Угаасаа маш гоё эерэг, цайлган хүн байсан юм байна билээ.

-Одоо дараагийн зорилго нь юу вэ?

-Одоо 70 орчим килограмм дээр жингээ барина гэсэн зорилготой байгаа. Хамгийн ойрын том зорилго нь Улаанбаатар марафоны 10 км-т гүйх. Хүмүүсийн хувьд энгийн зүйл байж болно. Гэхдээ 160 кг жинтэй байсан хүн 86 кг хасаад марафонд гүйж, бариандаа орно гэдэг асар том ялалт. Тэр мэдрэмжийг бодох төдийд л гоё байдаг.

-Илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүмүүст та юу зөвлөх вэ?

-Хүмүүс их шалтаг хэлдэг. “Хувцас алга”, “Гэр хол”, “Ажилтай”, “Завгүй” гээд л. Гэхдээ үнэндээ хүн болгонд асуудал бий. Тийм болохоор юу ч битгий бод. Зүгээр л байгаа хувцсаа өмсөөд, цүнхээ үүрээд заал руугаа оч. Шинэ сар хүлээх шаардлагагүй. Даваа гараг ч хэрэггүй. Маргааш ч биш. Өнөөдөр л эхлэх хэрэгтэй. Тэгээд эхэлчихсэн байхад үлдсэн нь аяндаа үргэлжилдэг юм.

VISUAL TOIM: Байгальд ээлтэй, нийгэмд нөлөөтэй, хүн бүрт хүртээмжтэй-Юнителийн “БОНЗ“-ын тайлангаас ОНЦЛОХ НЬ
VISUAL TOIM: Байгальд ээлтэй, нийгэмд нөлөөтэй, хүн бүрт хүртээмжтэй-Юнителийн “БОНЗ“-ын тайлангаас ОНЦЛОХ НЬ
 
ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулах хуулийн төслийн талаар санаачлагч гишүүд мэдээлэл хийж байна
ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулах хуулийн төслийн талаар санаачлагч гишүүд мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!